Өнөөдрийн үүсээд байгаа Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоотой холбоотой маргаан шинэ зүйл биш бөгөөд бид өмнө нь яг ийм нөхцөл байдлыг туулж байсан билээ.

Энд хамгийн чухал нь хувь хүн биш. Өнөөдрийн Ерөнхий шүүгчийн томилгоотой холбоотой маргаан өчигдөр болж (2016 онд), өнөөдөр дахин давтагдаж, маргааш бас дахин давтагдсаар байх магадлалтай боллоо.

2010 онд Ц.Зориг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон бөгөөд 2012 онд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3-д “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан байсан. Гэвч 2016 онд Үндсэн хуулийн цэц уг зохицуулалтын “нэг удаа” гэснийг хүчингүй болгосноор Ц.Зориг дахин Ерөнхий шүүгчээр томилогдож, улиран ажиллах хууль зүйн боломж бүрдэж, тэрээр ч үүнийг ашиглаж дахин нэр дэвшиж, Ерөнхий шүүгчээр томилогдсон байдаг.

Өнөөдөр яг ижил нөхцөл байдал дахин үүсэв.

Өчигдөр (2026.05.27) Үндсэн хуулийн цэц 2021 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэсэн хэсгийг хүчингүй болголоо. Ингэснээр одоогийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин нэр дэвших, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг улираан томилох боломж нээгдэж байна.

Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хувьд энэ бол хууль зүйн боломж мөн хэдий ч хууль зүйн боломж бүр улс төр, ёс зүй, институцийн хувьд зөв шийдэл байдаггүй.

Одоо Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин нэр дэвших эрхтэй юу? биш, харин тэр дахин нэр дэвших ёстой юу? гэдэг асуулт чухал. Өөрөөр хэлбэл, асуудал “болно” эсвэл “болохгүй” дээр биш, харин “юу хийх нь зөв бэ” гэсэн ёс суртахуун, соёлын асуудлын түвшинд шилжээд байна.

Үндсэн хуульт ардчиллын хамгийн том сорилт нь “сайн хүн”-д найддаг тогтолцооноос “сайн дүрэм”-д тулгуурласан тогтолцоо руу шилжих явдал байдаг. Монголын шүүх эрх мэдэл өнөөдөр яг энэ сорилтын өмнө ирээд байна. Энэ сорилтыг хэрхэн даван туулах эсэх нь бараг нэг хүний шийдвэрээс хамаарах нөхцөл байдал үүсчих шиг боллоо. Тэр хүн нь Ерөнхий шүүгч Д.Ганзориг.

Шүүх эрх мэдлийн хамгийн том капитал, үнэт зүйл бол олон нийтийн итгэл. Цэрэг армид зэвсэг хэрэгтэй байдаг шиг шүүхэд олон нийтийн итгэл хэрэгтэй байдаг. Хэрэв иргэд шүүхийг хараат бус гэж итгэхээ боливол Үндсэн хууль, хууль, институцийн механизм бодит агуулгаа алдаж эхэлнэ.

Энд хувь хүний асуудал яригдахгүй. Д.Ганзориг сайн хуульч мөн үү, туршлагатай шүүгч мөн үү гэдэг нь гол асуудал биш. Асуудал нь институцийн тухай.

Үндсэн хуулийн цэц 2016 онд “нэг удаа” гэх хязгаарлалтыг хүчингүй болгосны дараа Ерөнхийн шүүгч Ц.Зориг дахин нэр дэвшиж, улмаар Ерөнхий шүүгч болсон. Тэр үед “шүүхийн удирдлага улс төрийн нөлөөнөөс ангид байна уу?” гэсэн эргэлзээ улам бүр лавширсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөөтэй холбоотой яриа, хардлага өнөөдөр ч ам дамжин яригдсаар байдаг.

Энэ үнэн эсэхээс үл хамааран хамгийн чухал нь юу вэ гэвэл: олон нийтийн ой санамжид шүүх улс төрөөс бүрэн ангид байдаггүй гэсэн ойлголт үлдсэн явдал. Шүүх эрх мэдлийн хувьд энэ бол хамгийн аюултай бөгөөд гутамшигтай зүйл. Шүүх зөвхөн хараат бус байх ёстой биш, мөн хараат бус харагдах ёстой.

Хэрэв Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин нэр дэвшвэл, тэр нь “хууль ёсны” байж болох ч нийгмийн хувьд шүүхийн талаарх эргэлзээг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. “Дахиад л өмнөх түүх давтагдлаа” гэсэн ойлголт нийгэмд хүчтэй тогтоно. Өнгөрсөн хугацаанд үүссэн эргэлзээнээс бүрэн салж чадаагүй байхад дахин ижил дүр зураг үүсэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг улам сулруулна.

Тиймээс өнөөдөр Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн өмнө зөвхөн карьерын биш, институцийн сонголт байна.

Тэр дахин нэр дэвших эрхтэй. Гэхдээ эрхтэй байхын цаана илүү том асуулт бий: Монголын шүүх эрх мэдэлд яг одоо юу хэрэгтэй вэ?

Магадгүй шүүхэд хамгийн хэрэгтэй зүйл нь улиран ажиллах удирдлага биш, харин өөрийгөө хязгаарлаж чаддаг институцийн соёл байж болох юм.

Хэрэв Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Би дахин нэр дэвшихгүй” гэж зарлавал энэ нь зүгээр нэг хувь хүний шийдвэр биш болно. Энэ нь Монголын шүүх эрх мэдэлд бичигдээгүй шинэ жишиг эхлүүлж, Монголын шүүх эрх мэдэл өөрийгөө хязгаарлаж чаддаг, институцийн соёлтой гэдгийг харуулсан түүхэн дохио болж чадна.

АНУ-ын Үндсэн хуульд (1787) анхнаасаа Ерөнхийлөгчийг хэдэн удаа сонгож болохыг хязгаарлаагүй байсан. Гэсэн ч анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон гурав дахь удаагаа нэр дэвшихээс сайн дураараа татгалзсанаар Америкийн улс төрийн түүхэнд асар чухал жишиг тогтсон юм. Вашингтон нэг хүний эрх мэдлээс илүү ардчилсан, Бүгд Найрамдах Улсын институцийн ирээдүй чухал гэж үзсэн. Түүнээс хойш сонгогдсон ерөнхийлөгч нар энэхүү жишгийг ёс суртахууны уламжлал болгон дагаж ирсэн бичигдээгүй хууль, улс төрийн соёл бараг 150 жил оршин тогтносон. Зөвхөн Франклин Рузвельт дөрвөн удаа сонгогдсоны дараа 1951 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, албан ёсоор хоёр удаагийн хязгаар тогтоосон байдаг.

Монголын шүүх эрх мэдэл өнөөдөр хуулийн маргаанаас илүү итгэлийн хямралтай нүүр тулж байна. Энэ үед Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хийх хамгийн том алхам нь дахин нэр дэвших эрхээ ашиглах биш, харин ашиглахгүй байх шийдвэр байж болох юм.

Хууль зөвшөөрсөн ч эрх мэдлээс татгалзаж чаддаг байх нь ардчилсан институцийн хамгийн өндөр соёлын нэг. Заримдаа эрх мэдлийг авах биш, орхих нь институцийг авардаг.

Оюуны Инноваци ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга