Инфляц 10%-д хүрэхэд таны халаасанд хэрхэн мэдрэгдэх вэ ?

Үнийн өсөлт таны халаасанд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

Сүүлийн саруудад дэлгүүр ороод “үнэ өсчихөж” гэж санаа алдсан уу?

Өчигдөр 2500 төгрөгөөр авч байсан талх өнөөдөр 3200 болсон байхад, үүний цаана бүтээгдэхүүн бүрийн үнийн жижиг өсөлт нь нэг өрхийн төсөвт хэдэн зуун мянган төгрөгийн нэмэлт дарамт үүсдэг. Энэ бол инфляцийн бодит илэрхийлэл.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны 9 сарын байдлаар  инфляц 9.9%-д хүрч өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн байна.  Хүнсний барааны үнэ 9,9%, орон сууц, түлш, ус, цахилгаан, дулааны төлбөр 19.8%-иар өсжээ. Харин дундаж цалин 4%-иар л нэмэгдсэн байна. Нийт ажиллагчдын 50 хувь нь 2.4 сая төгрөгнөөс бага цалинтай байна. Энэ цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлөх бөгөөд бүтээгдэхүүн бүрийн үнэд НӨАТ зэрэг татвар шингэсэн байгааг бодож үзвэл багадаа 31.5 хувийн татвар төлж байна.

“Цалин өссөн ч амьдрал дээр бодит өсөлт мэдэгдэхгүй”

Хэрэв таны сарын цалин 1.5 сая төгрөг байгаад 6% нэмэгдэж 1.59 сая болсон гэж бодъё.

Инфляц 10% байвал таны бодит худалдан авах чадвар 4%-иар буурна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил 1.5 сая төгрөгөөр авдаг байсан бараагаа энэ жил 1.65 сая төгрөгөөр л авч чадна.

Энгийн иргэдийн хувьд энэ бол “цалин нэмэгдсэн ч халаас хоосон хэвээр” гэсэн мэдрэмж юм.

Сүү, талх, шатахуун, цахилгаан, дулааны үнэ зэрэг амьдралд зайлшгүй зүйлс хамгийн түрүүнд нэмэгддэг нь инфляцийн хамгийн эмзэг тал.

Инфляц - “чимээгүй татвар”

“Инфляц бол таны халааснаас хумсалдаг чимээгүй татвар” гэж эдийн засагчид онцолдог.

Төв банк мөнгөний нийлүүлэлтийг тэлэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор илүү их мөнгө хэвлэх үед зах зээл дээрх төгрөгийн тоо нэмэгдэнэ. Харин бараа, үйлчилгээний хэмжээ ижил хэвээр байвал үнийн түвшин өсөхөөс аргагүй.

Монголд инфляцийн нэг том хүчин зүйл нь импортын хамаарал.

Манай хүнсний бараа, түлшний 70 орчим хувь нь гадаадаас орж ирдэг. Төгрөгийн ханш сулрах үед импортын бараа үнэтэй болж, үүний нөлөө хэрэглэгчийн сагсанд шууд тусдаг.

Иргэдийн хувьд юу хийх вэ?

1. Хэрэглээгээ эрэмбэлэх.

Өрхийн төсвийн 30-40%-ийг хүнсэнд зарцуулдаг Монгол өрхүүд үнийг давахын тулд “тэвчиж болох” зардлаа хасах шаардлагатай.

2. Хадгаламжийн хүүгээ шалгах.

Хэрэв таны хадгаламжийн хүү 9% байхад инфляци 10% бол таны мөнгө жил бүр 1%-иар “агшиж” байна гэсэн үг. Инфляцаас дээш хүүтэй хугацаатай хадгаламж, эсвэл хөрөнгө оруулалтын хувилбар сонгох нь зүйтэй.

3. Зээлээ хянах.

Инфляц өсөх үед Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлдэг. Энэ нь таны хэрэглээний болон орон сууцны зээлийн хүү дагаад өснө гэсэн үг.

Бодлогын түвшинд юу хийх ёстой вэ?

Инфляцийн дарамтыг бууруулахын тулд Төв банк мөнгөний нийлүүлэлтийг хянах, төсвийн сахилга батыг сайжруулах шаардлагатай. Хэт өндөр төсвийн зарлага, өрийн санхүүжилт, импортын хамаарал зэрэг нь үнийн өсөлтийг улам өдөөж байна.

Мөн дунд хугацаанд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дотоодын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өргөтгөх нь инфляцийн дарамтыг багасгах хамгийн тогтвортой арга юм. “Үнийн өсөлтийг хязгаарлах ганц зэвсэг бол үйлдвэрлэл” гэж эдийн засагчид хэлдэг.

Үнийн өсөлт - тоо биш, амьдралын бодит үнэн

Инфляц 10% гэдэг нь зүгээр нэг статистик тоо биш. Энэ бол таны өдөр бүрийн амьдралд мэдрэгдэж байгаа үнэний нэг хэлбэр.

Цалин нэмэгдсэн мэт боловч үнэндээ төгрөгийн үнэ цэнэ алдагдсаар байна.

Амьдралын чанарыг хамгаалах эхний алхам бол - инфляц гэж юу болох, яагаад үүсэж, бидэнд хэрхэн нөлөөлдгийг ойлгох явдал юм.