Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. Салбарынхаа талаар сар тутам нээлттэй мэдээлэх зорилготой анхны Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн яамны болон холбогдох байгууллагын удирдлагын хамт оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Юуны түрүүнд иргэний эрхийг баталгаажуулж, хамгаалах, хоёрдугаарт, төрийн эрх мэдлийг хязгаарлан, хариуцлагажуулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр эрх зүйн реформ хийхээ сайд Г.Тэмүүлэн мэдэгдэж, эл бодлогоо “Хариуцлагатай төр-хамгаалагдсан иргэн” хэмээн тодорхойлов. Үүний хүрээнд 10 хуулийн төсөл хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Тухайлбал, энэ намрын чуулганаар дараах зургаан төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөснөөс Гэрч, хохирогчийг хамгаалах болон Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгожээ.
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль
2. Нотариатын тухай хууль
3. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль
4. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль
5. Арилжааны тухай хууль
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль
Мөн ажлын хэсгийн түвшинд боловсруулж буй дараах төслүүд бий бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн өргөн барьсан Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг буцаан татаж, зарим зүйлийг тодотгон тусгаад ойрын үед дахин УИХ-д уламжлахаа дуулгалаа.
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль
2. Зөрчлийн тухай хууль
3. Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль
4. Хууль бус хөрөнгийг хураах тухай хууль зэргээр нэрлэж болох нь.
Түүнчлэн орон сууцны залилантай холбоотойгоор барилга баригдах хүртэл олгодог 11 тусгай зөвшөөрлийн талаарх цогц мэдээллийг ирэх сарын 5 гэхэд ил болгох аж.
Ингэснээр баригдаж дууссан, дуусаагүй орон сууцны талаарх бүхий л мэдээлэл мөн сарын 15 гэхэд нийтэд нээлттэй болох юм байна.
Мөн “Онтрэ гоулд”-той холбоотой асуудлаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж буй бөгөөд яриа хэлэлцээ хийх урилгаа тус компанид хүргүүлж, шуурхай эхлүүлэх хүсэлтээ ч уламжилсан байна.
Үүнээс гадна сүүлийн үед өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагын зургаан дэд даргыг чөлөөлж, оронд нь тухайн байгууллага дотроос нь томилсон. Бас сайдаар томилогдсоноос хойших бүх томилгоогоо тэрбээр төрийн албаны мерит зарчимд үндэслэн хийснээ тодотгосон. Тухайлбал, яамныхаа гурван газрын даргыг шинээр томилохдоо тус яаманд хэлтэс удирдаж байсан хүмүүсийг дэвшүүлжээ. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаараа С.Баатаржавын томилсон тухайд “Энэ салбарын хүн төдийгүй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Элчин сайдаар ажилласан туршлага, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн, сайд надад түшиг тулгуур болох хүн гэж сонгосон. АТГ-аас хориг, хязгаарлалт тавиагүй учраас түүнийг томилсон” гэв.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр улстөрчдийн холбогдсон гэмт хэргийн талаар нээлттэй мэдээлж байсан. Тэдгээр хэргийг шийдвэрлэх үйл явц ямар шатанд ямар шатанд байгаа бол. Та сайд байхдаа эдгээр хэргийг мухарлах уу?
-Олон нийтийг бухимдуулсан томоохон хэргийг шийдвэрлэх ёстой. Нөгөө талаас улстөрчид том хэрэг ярьж нийгмийг бухимдуулж байгаа асуудлын үнэн мөнийг олж цэг тавих шаардлагатай. Манай яамны тухайд авлигатай тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэгтэй. Улстөрчид, албан тушаалтнуудын холбогдсон хэргийг өөр байгууллага шалгадаг. Ер нь Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар ч хэрэгт оролцох, нөлөөлөх нь хориотой.














