Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нарыг энэ долоо хоногт багтаан чөлөөлөх чиглэлийг дүүрэг дүүргийнх нь ИТХ-д хүргүүлэх улс төрийн шийдвэр гаргасан сурагтай. Улмаар дараагийн дарга нар нь ч “тодорч”. Ардын намын цагаан байрнаас аймаг, нийслэлийн удирдлагыг томилдог цадиггүй жишиг ийнхүү доош халдварлаж, хязгаарыг давав.

Хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, нутгийн өөрөө удирдах ёсны зарчим ёсоор аль ч шатны ИТХ-д чиглэл өгдөг нь нам биш.

ИТХ нь тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих бүрэн эрхийг бусадтай хуваалцахгүй эдлэх эрхийг хуулиар баталгаажуулчихсан, уг нь. Гэвч эхлээд нам нь таалагдаагүй нэгнээ зайлуулах “зарлиг” гаргаж, түүнийг нь ИТХ гүйцэлдүүлдэг гаж жишиг газар авч байна. Сануулбал, 2022 онд Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг (одоогийн УИХ-ын гишүүн) томилох шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргаж, түүнийгээ ИТХ-д тулган гүйцэлдүүлж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаных нь даргаар ажиллаж байсан түүнийг Ховдын байтугай хөдөөний амьдрал ахуйн талаар анхны мэдэгдэхүүнгүй гэх шүүмжлэл дагалдсан юм даг.

Тийм хүнийг төвөөс тэртээх Ховд руу намын шийвэрээр тохоон томилсон нь дэндүү эрээ цээргүй, хууль ёсыг илт үл тоосон үйлдэл болж, аймаг, орон нутгийг анх удаа эмэгтэй хүн удирдах нь гэсэн эерэг дүр төрхийг нь үгүй хийсэн юм.

Угтаа ИТХ хуралдаж, төлөөлөгчдийн олонхын саналаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж, санал болгох учиртай. ИТХ гаргасан шийдвэрээ Ерөнхий сайдад хүргүүлж, Засгийн газрын тэргүүн тухайн хүнийг хуулийн шаардлага хангасан гэж үзвэл Засаг даргаар батламжлах захирамж гаргах хуультай. ИТХ бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага. Тэд өөрсдөө хэнийг Засаг даргаа болгох вэ гэдгийг шийдэх эрхтэй байтал намын төв удирдлага, одоо нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн дохио зангаагаар томилохдоо тулсан нь харамсалтай. "Хүн нь байвал хэрэг нь олдоно" гэх жишгээр чиглэлээ авсан намчид чөлөөлж, огцруулах үндэслэлээ нэг өглөө л гаргаад ирэх нь үү дээ.