БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2026 оны 3 дугаар сарын 4-нөөс 12-ны өдрүүдэд улс төрийн хамгийн чухал үйл явдал болох “Хоёр чуулган” (БХАТИХ болон УТЗЗ) амжилттай зохион байгуулагдаж, Хятад улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ мөчлөг буюу “XV таван жил” (2026-2030)-ийн төлөвлөгөөний үндсэн чиглэлүүдээ тодорхойлсон билээ. Энэхүү түүхэн цаг үетэй уялдуулан 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хятадын төв радио телевиз (CGTN Улаанбаатар дахь студи), Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв болон Монгол Улсын “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны төв хамтран “БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөө ба Монгол, Хятадын хамтын ажиллагааны шинэ ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний чөлөөт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын тэргүүлэх эдийн засагч, Хятад судлаач эрдэмтэд, олон улсын харилцааны оюутан суралцагчид, хэвлэл мэдээллийнхэн оролцож, өмнөд хөршийн макро эдийн засгийн шинэ бодлого, технологийн үсрэлт, экологийн хууль эрх зүйн шинэчлэл болон хил орчмын бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө нь Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдаанд ямар боломж, сорилтуудыг авчрах талаар гүнзгий дүн шинжилгээ хийж, олон нийт, салбарын судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргагчдад үнэтэй мэдээлэл хүргэв.
Хэлэлцүүлгийн эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын Зөвлөх Ли Жи нээлтийн үг хэлсний дараа дөрвөн үндсэн илтгэл тавигдаж, Монгол-Хятадын харилцааны ирээдүйн зураглалыг дараах стратегийн дөрвөн өнцгөөс цогцоор нь дүгнэн хэлэлцлээ.

Н.Энхбаяр:Хятад улстай уул уурхайн түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан шинэ төсөл хэрэгжүүлэх боломжтой
Макро эдийн засаг ба Бодлогын уялдаа: Эдийн засагч Н.Энхбаяр “Хятад улсын хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө ба Монгол Улсын хөгжлийн зорилтуудын уялдаа” сэдэвт илтгэлдээ Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөгөө, хөгжлийн стратегийн талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдсан стратеги бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид хоёр улсын хөгжлийн төлөвлөлтийн байгууллагууд тус тусын улсын 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах явцдаа тодорхой үе шаттай уулзаж, автозам, төмөрзам, эрчим хүч, боомтын хөгжил, хот байгуулалт, байгаль орчин зэрэг салбар хүрээнд, хил орчмын бүсэд хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх зорилтуудаар хамтран хэлэлцэж, санал бодлоо солилцож байвал үр дүнтэй болох талаар санал дэвшүүлэв. Түүнчлэн Монгол Улс цаашид уул уурхайн түүхий эдийг аль болох боловсруулж, жин хэмжээг багасгаж, нэмүү өртөг шингээж худалдаалах зорилттой байгаа тул уул уурхайн түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр орны хамтарсан шинэ төслийг хэрэгжүүлэх боломжтой болох талаар мөн онцолсон юм.
Т.Чулуун-Эрдэнэ: Технологийн шилжилт ба Шинэ хөдөлгүүр

-Хятад судлаач, доктор Т.Чулуун-Эрдэнэ “БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөө ба эдийн засгийн шинэ хөдөлгүүр: 'Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин' Монголд ямар орон зай нээх вэ?” сэдвээр илтгэв. Тэрбээр Хятад улс уламжлалт эдийн засгийн өсөлтөөс татгалзаж, өндөр технологи, ногоон эко хөгжилд суурилсан эдийн засгийн шинэ загварт бүрэн шилжсэнийг онцлов. Мөн ирэх жилүүдэд өмнөд хөрш улсын хөгжлийг ахиулах гол хөдөлгүүр нь “шинэ чанарын үйлдвэрлэх хүчин” байна гээд тус ойлголтын нарийн логик, агуулгыг тайлбарлаад Хятад улс ирэх жилүүдэд дижитал эдийн засаг, инновацийн экосистем, стандартын манлайлал болон ногоон хөгжлийн хүчин чадал гэсэн дөрвөн технологийн үзүүлэлтүүдэд тулгуурлан эдийн засгаа тогтвортой хөгжилд анхаарах зорилттой байгааг илэрхийлэв.
2025 онд Хятадын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 52.5%-д хүрч, түүхэндээ анх удаа нүүрснээс давсан нь ногоон шилжилт бодит ажил хэрэг болсныг илтгэнэ.
Энэ нь Монгол Улсад нүүрсний экспортоос ашиг хүртэх 5 жилийн "Алтан цонх үе" үлдсэнийг сануулахын зэрэгцээ ногоон эдийн засаг руу үсрэлт хийх шинэ орон зайг нээж байна гэв. Тэрээр: “Бид ирэх жилүүдэд нэгд, нүүрсний орлогыг 2030 оноос өмнө амжиж ногоон эрчим хүч рүү хөрвүүлэх. Хоёрт, үндэсний стандартуудаа Хятадын ногоон болон дижитал стандарттай уялдуулах. Гуравт, түүхий эд нийлүүлэгчээс 'Технологийн түнш' болох гэсэн гурван стратегийн шилжилтийг цаг алдалгүй хийх ёстой” гэж дүгнэв.
Х.Баатархүү: Бүс нутгийн интеграци ба Хил орчмын хамтын ажиллагаа

-Хятад судлаач Х.Баатархүү “ӨМӨЗО-ны ирэх 5 жилийн эдийн засгийн төлөвлөгөө” сэдэвт илтгэлээрээ Монгол Улсын хамгийн ойрын хөрш болох Өвөр Монголын өөртөө засах орны ирэх таван жилийн хөгжлийн чиг хандлагыг танилцуулав. Бээжингээс баталсан XV таван жилийн төлөвлөгөө орон нутгийн түвшинд хэрхэн бууж байгааг, ялангуяа хил дамнасан эдийн засгийн бүсүүд, ложистикийн зангилаа төвүүд болон чөлөөт худалдааны бүтээн байгуулалтууд нь Монголын экспортлогчдод ямар шинэ гарц нээж буйг нарийвчлан шинжиллээ.
А.Батцэцэг: Экологийн хууль эрх зүй ба Ногоон стандарт
цМУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш, доктор А.Батцэцэг “БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны хуулийн цогц эмхэтгэлийн тухай” сэдвээр илтгэж, Хятадын ногоон шилжилт хууль эрх зүйн хувьд хэрхэн баталгаажиж буйг хөндөв. Хятад улс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжоо чангатгаж байгаа гол гол заалтуудыг нарийн задалж танилцууллаа.
Мөн Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, судлаач Д.Баярхүү профессор илтгэлд үнэлэлт дүгнэлт өгсөн юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулсан, цаг үеэ олсон арга хэмжээ боллоо.
















