Дэлхийн Орчуулагчдын өдөрт зориулав.

Буурьтай уншигчдад зориулсан суурь судалгааны бүтээлүүдийн монгол орчуулгуудын тухай

Дипломат албанд олон жил хамтран зүтгэсэн эрхэм журмын нөхөр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх маань орчуулгын үйлсэд шуудран зүтгэсээр нэлээд хэдэн жилийг өнгөрөөжээ. Төр улсаа төлөөлөн гадаад улс орнуудад дипломат албанд насаараа зүтгэж, цаг завгүй явсан тэрээр “Соёлын жинчин”, “Гэгээрлийн улааны морь” хэмээн гадаад, дотоодын их бичгийн хүмүүс эрхэмлэн нэрлэсэн байдаг Орчуулга, Дуун хөрвүүлэх ёсон хэмээх амаргүй үйлсэд шуудран орсоор бас ч гэж арав гаруй жилийг үдсэнийг нь, энэ хугацаанд олз омог их, хүний гар дээр тавих хэдэн сайн орчуулгын бүтээл хийснийг нь, ямагт тэдгээрийнх нь анхны уншигчдын нэг нь байж, бас заримыг нь ариутган хянаж, өнгөлж зүлгэж өгсөн хүний хувьд би Г.Батсүх эрхмийн сүүлийн жилүүдийн хэдэн сайн орчуулгын номуудын тухай цөөн хэдэн үг хэлж, уншигч таныг өдөөхийг зорьлоо.       Тэдгээр номууд бол Г.Батсүх эрхэмийн 2014 онд орчуулсан Хэнри Киссинжерийн “Хятад”, 2017 онд орчуулсан английн түүхч Жэймс Вотерсоны “Хятадыг хамгаалсан нь 1209-1370 он”, 2020 онд орчуулсан түүхч Томас Алсений “Монгол империализм: Хятад, Орос, Исламын ертөнцөд их хаан Мөнхийн явуулсан бодлого 1251-1259 он”, 2025 онд орчуулсан түүхч Николас Мортоны “Монгол их түрлэг: Дундад зууны Ойрх Дорнод Тэнгэрийн зарлигаар өөрчлөгдсөн нь” зэрэг юм. Цаана бас удахгүй гарах энэ мэт өөр сонирхолтой, чухал номын нэрс ч дуулдана.

Энэ бүхэн нь Монгол судлалд, Монголын түүх судлалд зайлшгүй чухал хэрэглэгдэхүүн, харьцуулж, зэрэгцүүлж, харгуулж ашиглууштай, нэг үгээр хэлэхэд “бусдын нүдээр өөрийгөө харах толь” болсон бүтээлүүд юм аа. Энэ үгийг би жирийн уншигчдад ч хэлж байна, мэргэжлийн түүхчдэд ч хэлж байна. “Бидний түүх ийм юм байна шүү” гэж уншигчдадаа, бас “бидний түүхийг ингэж судалж байна шүү” гэж түүхчдэдээ сануулж байгаа хэрэг.

“Монголчууд дэлхийн түүхийг бүтээлцсэн, XIII-XIV зуун бол Монголын зуун, Монгол үндэстний түүхийг судлахгүйгээр дэлхийн түүх бүтэн болохгүй” гэж бид ярих дуртай. Үнэхээр тийм л дээ. Тийм ч учраас бидний өвөг дээдсийн энэ агуу их түүхийг гадаадынхан их судалжээ. Евразийн өргөн уудам газар нутгийг морин дэл дээр туулан явж Монгол төрийн дээвэр дор хураан нэгтгэсэн, тэр дэлхийг донсолгосон дуулиант их түүхийг тухайн цагт нь эзлэгдсэн улс орны түүх бичлэгт маш их хорсол заналтайгаар, маш их хэтрүүлэг дэвэргэлттэйгээр бичиж үлдээсэн байдаг.

Энэ байдал хойших хэдэн зууны туршид үргэлжилж, монголчууд бол хүмүүн бус аюумшигт амьтад, зэрлэг балмад алж устгагчид, соёл иргэншлийг сүйтгэн сөнөөгчид... гэсэн үзэл ойлголттойгоор тэр үеийн түүхийг бичиж тэмдэглэсээр ирсэн байдаг. Харин XX зууны дунд үеэс эхлэн ийм үзэл ойлголт уясан зөөлөрч, олон орны түүхчид, Монгол судлаачид түүхийг өөр өнцгөөс, нөгөө талаас нь, олон талаас нь харж судлах болж, тэдний тийм судалгааны үр дүн түүхэн бодит үнэнийг алхам алхмаар, ээлж дараатайгаар гарган ирэх болсон билээ. Чухам тийм түүх бичлэгүүдийн тоонд дээр дурдсан бүтээлүүд орно.  

     

XIII зуун бол нүүдэлчдийн Их тэлэлт, Их тэсрэлтийн зуун байлаа. Асар их эрч хүч, Л.Гумилевын Пассионар онолын ёсоор бол эрчимт үндэстэн болж дөнгөж сая нэгдэн төвлөрсөн Монгол үндэстэн эрчилсэн дээс шиг, эвшээлгэсэн нум сум шиг, далайсан илд шиг, далласан жад шиг болоод байлаа. Энэ их эрчимт хүчийг яаж сарниулах вэ? Яаж сулруулах вэ? Ер нь тэгж болох юм уу? Энэ чигээрээ байгаад байвал юу болох бол? Эдгээр асуултын хариуг Та бид сайн мэднэ.

XIII зуунд өрнөсөн тэр их үйл явцыг төсөөлөн бодохул өргөн уудам Еврази даяар ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн бужигнаж буцалж байжээ. Энэ их хөдөлгөөнийг чухамдаа монголчууд өдөөсөн байлаа. Энэ их аян дайн, нүүдэл суудал, ард түмнүүдийн шилжилт хөдөлгөөнийг монголчууд үүтгэн хөдөлгөжээ. Асар их хуйлрал бүхий Сансрын салхи орчлон даяар эрчлэн хуйлрах мэт Түүхийн догшин шуурга доргилон хөдөлж, тив, дэлхийн энгээр, бас эрин зууны энгээр нижигнэн хөдөлсөн авай...

          Монголын түүх агуу баатарлаг, бас агуу баялаг билээ. Энэ түүхийг дэлхий үздэг, хүн төрөлхтөн судалдаг юм аа. Түүх өөрчлөгдөхгүй, харин өнөөдөр түүх бичлэг өөрчлөгдөж байна. Гэхдээ бүгд биш, зарим нь. Алийн болгон монголчууд, монголчуудын өвөг дээдэс Чингис хаан, Өгөдэй, Мөнх, Хубилай хаан бүгдийн хараал зүхлийг үүрч, бүгдийн үзэн ядалт, үгүйсгэлийг төрүүлсээр байх юм бэ?

Үүнтэй холбогдуулан хоёр зүйлийг дурдахыг хүсч байна. Нэгдүгээрт, өнөөдөр дэлхийн түүх бичлэг үндсэндээ хоёр янз байгаа. Эхнийх нь буюу олон зуун жилийн туршид баримталж ирсэн уламжлалт түүх бичлэгийн арга барил болох хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн цуутай дайн байлдаан, агуу их аян дайн, их хаад, баатар жанждын хэрэг явдлыг үндсэн дэвсгэр болгон өгүүлдэг арга, хоёрдугаарт, сүүлийн үед түгээмэл болоод байгаа дэлхийн Соёл иргэншлүүдийн тухай түүх бичлэг.

Түүх бичлэгийн хоёрдахь аргыг дэлгэрүүлэн хэлвэл, тэр их аян дайн, цус асгаруулсан байлдаан тулалдаан, эзлэн түрэмгийлэл, хядлага сүйтгэлийг үндсэн сэдэв болгон бахархаж дөвийлгөн бичихээс аль болох зайлсхийж, хүн төрөлхтний, нийгмийн хөгжил дэвшил, ололт амжилт, соёл, шинжлэх ухааны агуу их нээлт, бүтээлүүдийг голлон бичих арга барил юм. Түүхчид, судлаачид өнөөдөр энэ арга барилыг түлхүү баримтлан амжилттай ажиллаж, олон сайхан ном бүтээл туурвиж байна.  

Монголын агуу түүхийг сонирхон судлах явдал өнгөрсөн хэдэн зууны урт цаг хугацаанд олон үечлэлтэйгээр идэвхжин явагдаж иржээ. Бүр эртнийхийг нь ярихаа азная гэхэд, өнгөрсөн зууны наяад онд болсон тийм нэг идэвхжлийн үр дүнд Томас Алсен, Майкл Биран, Николо Ди Космо, Тимоти Мэй, Дэвид Морган, Морис Россаби, Жон Ман гээд Монголын түүхийг судлан бичсэн олон бестселлерүүдийн зохиогчдыг бид мэднэ. Тэдний зарим нь болох Шиба Рютаро, Жак Уэтерфорд, Мари Фаверу, Жэймс Вотерсон, Николас Мортон, Томас Алсений бүтээлүүдийг өнөөдөр монголчууд эх хэлээрээ уншиж байгаа нь яах аргагүй манай орчуулагчдын буянтай үйлсийн үр дүн мөн билээ.  

Дээр нэрлэсэн мундаг түүхчдийн сүүлчийн гурвынх нь бүтээлийн монгол оруулга Г.Батсүх нөхөрт маань оногдоно. Ингэж хэлэхэд үг амархан гарах ч, үйл хөдөлмөр нь үнэнхүү амаргүй, хуучуулын хэлдэгээр чөмөг дундалсан нөр их хичээл зүтгэлээр сая бүтдэг үйл болой. Ийм орчуулгыг хэлтэй бүхэн хийчихдэг юм биш, тухайн бүтээл бичигдсэн тэр хэлийг төгс түвшинд сурсан байхын дээр бас эх хэл бичгээ ч академик түвшинд эзэмшиж, түүхийн ыолоод бусад шинжлэх ухаан, соёлын олон салбаруудын үг хэллэг, нэр томьёо, найруулга бичлэгт цагааширч цолгорч чадсан хүн хийдэг ажил билээ.  

Тэрээр Ж.Вотерсоны номонд бичсэн Орчуулагчийн зурвастаа: “Жэймс Вотерсон гуайн суурь судалгаанд үндэслэгдсэн энэхүү гайхамшигт бүтээл нь Монголын эзэнт гүрний ноёрхол, түүний төгсгөлийн тухай манай орчин үеийнхэн мэдэх хийгээд эс мэдэх олон зүйлсийг тодруулах учраас миний бие алжаалыг умартан зүтгэсэн болой” гэсэн бий.  

Харин Т.Алсений бүтээлд бичсэн Орчуулагчийн зурвастаа: “Хятад, Орос, Исламын ертөнцөд их хаан Мөнхийн явуулсан улс төр, эдийн засаг, цэргийн болоод дипломат бодлогыг нухацтай судалж дэлгэсэн уг бүтээл нь Олон улсын Монгол судлалд жинтэй хувь нэмэр оруулсан гэж хүлээн зөвшөөрөгдсөн аж. Энэ бүтээлийг уншихуй монголчууд бээр америкчуудаас бүр өмнө империализмыг өөр орон зай, цаг үед туулсан мэт санагдаж ч магадгүй” гэж тэмдэглэсэн  нь Монгол судлаачид, түүхчид анхаарууштай сонирхолтой дүгнэлт мөн.

Тэгвэл Николас Мортоны номыг орчуулсан тухайгаа ингэж бичжээ: “Манай буурал түүх, өв соёлын тухай барууны эрдэмтэн мэргэд, судлаачид, зохиолчдын бүтээлүүд хийгээд эх сурвалжуудыг төрөлх хэлнээ буулгаж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгох чин эрмэлзэлдээ хөтлөгдсөн дуун хөрвүүлэгч мөхөс миний бие энэ удаад “Монголын их түрлэг”-ийг төрөлх хэл дээрээ толилуулж буйдаа баярлаж сууна...”

2017 онд гарсан номынх нь тухай би “Буурьтай уншигчдад зориулав” гэсэн шүүмж гэх үү, сурталчилсан нийтлэл бичиж байснаа санаж байна. Шүүмж бол дандаа сөрөг утгатай ч байдаг юм биш. Эерэг талаас нь, сайныг нь, чухлыг нь дурдан уншигчдад танилцуулах зорилго агуулдаг билээ.

Г.Батсүх маань орчуулгаа хийхдээ тухай бүтээлийн эзэдтэй нь холбогдож, зохиогчийн эрхийг нь ёс журмын дагуу авч, боломжтой бол монгол хэвлэлд нь өөрсдөөр нь үг бичүүлэн авч оруулдаг нь орчуулга хэмээх нарийн чимхлүүр үйлсийн олон улсын хууль ёсны дүрэм журмыг баримталж буй судлаач, орчуулагч хүний ёс зүйн сайхан жишээ юм аа.  

Эдгээр номуудыг ширээний номоо болгон үзэж байдаг миний бие, Олон улсын Орчуулагчдын өдөр завшаанаар таарч буйг тохиолдуулан “буурьтай” орчуулагч Г.Батсүхийн орчуулгын бүтээлүүдийг уншигч танаа дахин нэг сануулан рекламдахыг зорьлоо. Таалалд тань орших болтугай.

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D.),  орчуулагч Я.Ганбаатар.

        2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр.

‍