Олон улсын тавцанд Монгол хэмээх тусгаар улс, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг Хятадын иргэн зээлдэж, “China Mongolia” хэмээн дэлхийгээр нэг зарлаж буйд монголчууд туйлын эмзэглэсэн. Тиймээс ч Тайландад болж буй "Miss Grand International 2026" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байсан Amber Yuhan гэх Хятад эмэгтэйг яаралтай тэмцээнээс татуулах асуудлаар Х.Бадамгэрэл нарын моделиуд байр сууриа илэрхийлж төрийн байгууллагад хандаад байв. Харин Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дипломат шугамаар болон Бангкок дахь Монголын Элчин сайдын яамнаас асуудлыг тодруулж эхэллээ гэсэн хариултыг хэлээд 14 хонолоо. Тодруулбал, есдүгээр сарын 24-нд дээрх асуудал дэгдэж манай улс дипломат албаараа дамжуулан тэмцээн зохион байгуулагчид руу хандсан. Гэтэл үүнээс хойш 14 хоног өнгөрч байхад Монголын нэрийг, төрийн далбааг үндэсний хувцаслал хэрэгсэлтэй нь зээлдэж яваа Хятадын миссийг тэмцээнээс татуулж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Үндсэндээ манай улсын дипломат харилцааны яст мэлхийн хурдтай байна.
Монголыг гадаад улсын мисс төлөөлж тэр нь дэлхийгээр нэг "Chinа Mongolia" хэмээн цуурайтаж тараад 14 хоног өнгөрчихөөд байхад аанай “Тодруулж байна” гэдэг үгтэйгээ л сууна.
Эл үйл явдлыг олон нийтийн зүгээс Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүйсгэж, доромжилж, өдөөн хатгаж буйтай агаар нэг. Гол нь хэний зөвшөөрлөөр, хаанаас Монгол Улсын нэрийн ийн ашиглаж явна вэ гэдгийг заавал шалгаж эцсийг нь үзэх ёстой хэмээн шахаж шаардаж байгаа юм.
Энэ талаар мисс Х.Бадамгэрэл өнөөдөр “Монгол Улсын нэр, төрийн далбааг төлөөлж өөр улсын иргэн зөвшөөрөлгүйгээр олон улсын тэмцээнд оролцож байгаа үйл явдал шүүмжлэл дагуулсан ч одоо хүртэл хасуулж чадаагүй байна. Соёлын яам, ГХЯ дипломат шугамаар шаардлага хүргүүлсэн гэж хэлсэн. Дипломат шугам ийм удаан ажилладаг юм болов уу гэж гайхаж байна. Одоо хүртэл хариу өгөхгүй байгаа нь биднийг ямар хэмжээнд авч хэлэлцэж байгаа нь харагдаж байна.
Соёлын сайд, холбогдох яам, албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өгөөд улсынхаа тусгаар тогтнол, үндэсний бахархлаа хамгаалмаар байна. Та бүхнийг яам шиг ажиллаж, үр дүн гаргана гэж удаан хүлээлээ. Гэтэл Miss Grand International тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсын нэрийн дор оролцсоор байна” хэмээгээд буй.
Харин ССАЖЗ-ын сайд нь “"Miss Grand International 2026” тэмцээн бол жижиг тэмцээн. Болохгүй бол Бангкокын цагдаад хандана” хэмээн даапаалж явна.
Мөн Гадаад харилцааны яам “Манайх аль болох шуурхай ажиллаж байгаа” гэхээс өөр дорвитой хариулт өгсөнгүй.
Эндээс харвал туурга тусгаар Монгол Улсын төрийн яамд, дипломат алба нэг “муу” миссийн тэмцээнд ч хүрч үйлчилж чадахгүй байна уу. Бүр ССАЖЗ-ын сайдынх нь хэлдгээр “жижиг” тэмцээнд ч нөлөөлж эх орныхоо нэр хүндийг гадны иргэнээс хамгаалж чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Тэр тусмаа Тайландын Бангкок хотод Монгол Улсын Элчин сайдын яам Монгол Улс, Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаална хэмээн үйл ажиллагаа явуулж буй. Энэ байгууллагын хариуцдаг нутаг дэвсгэрт дэлхийн өнцөг булан бүрээс миссүүд хүрэлцэн ирж, эх орноо сурталчилж байхад яагаад Монголыг хэн төлөөлж буйг мэдээгүй байна вэ.
Монгол Улсаас Тайландын Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Оюу томилогдон ажиллаж байгаа. Тэрээр 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Тайландын Хаант улсын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Гэтэл суугаа оронд эх орных нь нэр хүндтэй холбоотой ноцтой асуудал үүсээд байхад татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй тус яам юу хийж байна вэ зэргээр олон асуултад хариулт нэхэж байна.
Ер нь энэ бүхнээс харахад санаатайгаар Монгол Улсын бүрэн эрх, эрх чөлөөнд халдаж, албаар өдөөн хатгаж буй мэт.
Нэг талдаа Монголчууд дээр, дооргүй эд мөнгө, эрх мэдлийн шуналаасаа болж эв нэгдлээ алдаж “эзэнгүй” байгаагийн илэрхийлэл ч гэмээр. Тэмцээний франчайз эрхийг хэн нэгэн харийн агентлагт худалдсан эсэх, Соёлын салбар, гадаад яам төр засаг нь олон улсын тавцанд улсынхаа нэрийг хэн, хэрхэн авч явж байгаад хяналт тавьж чадаагүй тэр "эв нэгдэлгүй, хариуцлагагүй байдал" Монгол Улсыг "эзэнгүй" болсныг бэлхнээ харуулж байна.






.jpg)







