Алслагдсан хээр талд, цахилгаан шонгийн орчимд байрлуулсан цэнхэр өнгийн нэгэн хайрцаг холоос харахад энгийн техникийн байгууламж мэт. Гэвч ойртож харахад тэрхүү хайрцагнаас махчин шувуу толгойгоо цухуйлгана. Энэ бол "Юнител" группийн хэрэгжүүлж буй “Шувууны үүр” төслийн нэг жишээ.
Сүүлийн жилүүдэд Монголын тал нутгаас махчин шувууд алгуурхан алга болж буйг судлаачид анхааруулсаар ирсэн. Учир нь уул уурхай, дэд бүтцийн хөгжил, цахилгаан шугам, үйлдвэрийн барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр байгалийн жамаар үүрлэх орчин улам хомсдожээ. Зарим тооцооллоор жил бүр 1000–3000 орчим махчин шувуу амьдрах орчноо алддаг байна.
Хиймэл үүр бодит гарц болж чадах уу?
Энэ асуултад хариу болгох нэг оролдлого нь "Юнител" группийн 2025 оны Тогтвортой байдлын тайланд дурдагдсан “Шувууны үүр” төсөл юм. Тайланд дурдсанаар 2025 оны байдлаар:
• 70 хиймэл үүр ийг байгальд суурилуулжээ
• Үүр бүрийг 1.5 км-ийн зайтай байршуулсан нь махчин шувуудын нутаг дэвсгэрийн зан үйлийг харгалзсан шийдэл
• Төслийн хамрах хүрээ 105 км² газрыг хамарсан байна
Хиймэл үүр гэдэг нь энгийн нэг хайрцаг бус. Судалгаа, олон улсын туршлагад тулгуурлан хийц, өндөр, байршлыг зориудаар тооцдог. Учир нь махчин шувууд нэгнийхээ ойр үүрэнд дургүй, мөн орчныг айдасгүй ажиглах боломжтой байрлал шаарддаг аж.
Яагаад махчин шувуу чухал вэ?
Олон хүнд махчин шувуу “үзэсгэлэнтэй” эсвэл “ховор” гэдгээс цааш ач холбогдол нь тодорхой бус байж магадгүй. Гэвч экологийн хувьд тэд бол байгалийн “зохицуулагч”.
Хэрэв махчин шувууд цөөрвөл:
• Мэрэгч амьтад олширч
• Бэлчээрийн доройтол нэмэгдэж
• Газар тариалан, мал аж ахуйд хохирол учрах эрсдэл нэмэгддэг
Өөрөөр хэлбэл нэг шувууны үүр бол зөвхөн шувуунд бус, бүхэл экосистемд нөлөөлөх жижиг боловч чухал цэг юм.
"Юнител" группийн Тогтвортой байдлын тайлангаас харагдах өөр нэг мессеж
"Юнител" группийн 2025 оны Тогтвортой байдлын тайланг анзаараад харахад “Шувууны үүр” төсөл нь зүгээр нэг байгаль хамгааллын PR акц гэхээс илүү урт хугацааны тогтвортой менежментийн санаачилга гэдгийг сануулж байна. Хиймэл үүр суурилуулах нь уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрийн нөлөө, газар ашиглалттай шууд холбоотой асуудалд өгч буй хариу шийдэл аж.
Тайланд дурдсанаар, хиймэл үүрүүдэд өндөг, дэгдээхэй бүртгэгдэж эхэлсэн нь энэхүү санаачилга цаасан дээр үлдээгүйг харуулж буй бодит жишээ юм.
Байгаль хамгааллыг хэн хийх вэ?
Энэ асуулт хариулт нэхсээр ирсэн. “Төрийн ажил”, “Судлаачдын асуудал” гэж олон жил ярьсаар ирсэн ч бодит үр дүн ховор байсан. Харин сүүлийн үед хувийн хэвшлийн оролцоо, тэр дундаа тогтвортой хөгжлийг зорьсон компаниудын санаачилга анхаарал татаж эхэлжээ.
Хээр талд байрласан тэрхүү цэнхэр хайрцгууд магадгүй ойрын жилүүдэд олон хүний нүдэнд үл өртөх байж болох. Харин шувуудын хувьд бол энэ нь амьд үлдэх орон зай юм.
Байгаль хамгаалал яг ийм жижиг, чимээгүй алхмуудаас эхэлдэг ч байж мэднэ.





.jpeg)



.jpg)





