Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэг сүүлийн таван жилд тогтмол өсжээ. Энэ хугацаанд нийт ийм 990 гэмт хэрэг бүртгэгдсэний 247 нь өнгөрсөн онд гарсан байна. Шалтгаан нь энэ төрлийн хэргийг педофил буюу хүүхэдтэй бэлгийн зан үйл үйлдэж таашаал авдаг хүмүүс хийж байж магадгүй гэдэг талаас Хүний эрхийн үндэсний комисс нэгэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус комиссын гишүүн Ж.Хунан энэ үеэр “14-өөс доош насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж буй үйлдэл бүрийн цаана педофил байх өндөр магадлалтай” хэмээнэ лээ. Гэхдээ үүнийг батлах, бас үгүйсгэх судалгаа, шинжилгээ манайд алга.

Харин хэлэлцүүлэгт оролцогчид дээрх дүгнэлт, таамаглалыг яаран дэмжээгүй төдийгүй энэ асуудалд тун болгоомжтой хандахгүй бол гэмт хэрэгтнүүд “педофил” гэдгээр ял завших, хүний эрхийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэйг санууллаа. Тухайлбал, “Шихихутаг” их сургуулийн багш Доржханд ШШГЕГ-аас гаргасан мэдээлэл, дүгнэлтэд эргэлзэж буйгаа нуусангүй. Тус байгууллагаас мэдээлснээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нийт 547 хүний 56 хувь нь согтууруулах ундаа, мансууруулах бодис огт хэрэглээгүй байсан аж. Тэгвэл педофил хүмүүсийн бэлгийн гаж зан үйлийг өдөөгч хүчин зүйлс нь архи, мансууруулах бодис байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон бөгөөд энэ төрлийн хүчирхийлэл үйлдэх магадлалыг гурав дахин нэмэгдүүлдэг гэсэн олон улсын тооцоо бий гэнэ. Иймд холбогдох байгууллагууд нь судалгаа, дүгнэлтээ нягталж, ийм гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийг педофил гэж ойлгох буруу хандлага руу халтирих вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн юм. Мөн бэлгийн объектоор насанд хүрээгүй хүүхэд сонгох шалтгаануудын дунд педофилийн эмгэг маш бага буюу олон улсын судалгаагаар нийт хүн амын 1-2 хувьд тохиолдох магадлалтай, манайд одоогоор бүртгэгдээгүй гэдгийг СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд хэлэв.

Харин хүүхдийн өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг ашиглах сэдлээр болон архи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх нь түгээмэл байдаг гэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр судлаач Б.Өнөрмаа “Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар 10-ыг нь сонгож ярилцахад бүгд биеэрээ шарх сорвитой, бага насандаа бие бялдрын хөгжлийн сул дорой байдлаас гадуурхагдаж байсан, насанд хүрсэн хойноо ажил, хамт олныхоо дунд ямар нэгэн асуудал гаргадаггүй, ерөнхийдөө томоотой гэж үнэлэгддэг, анх бэлгийн бэлгийн харилцаанд биеэ үнэлэгчтэй орсон, тогтвортой хайрлаж, дурласан хүнгүй гэх мэт нийтлэг шинж тэмдгээрээ адил байсан. Одоо мөрдөгчид мэдүүлэг авах явцдаа тухайн этгээдин хувийн байдлыг тодорхойлохын тулд зайлшгүй тавих загвар асуулттай байх ёстой. Нөгөө талаас хохирогчид учирсан сэтгэл зүйн шинжийг тодорхойлох аргачлал нь ч тодорхой байх шаардлагатай. Хэлд ч ороогүй атлаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэдтэй хэрхэн харилцах вэ гэдгээс авхуулаад бодох зүйл олон байна. Бас мэдүүлэг өгөх үеийн биеийн хэлэмжийг нь огт тусгадаггүй. Уг нь үүнийг мэргэжлийн сэтгэл зүйч уншаад нотлох баримтын хэмжээнд авч үзэх боломжтой” хэмээн ажиллах арга барилдаа анхаарч, шинэчлэх цаг болсныг эрх бүхий албаныханд сануулсан.

Мөн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Нямгомбо “Намайг Мааньтийн хорих ангид ажиллаж байхад хүчингийн гэмт хэргээр 15 жилийн ял шийтгүүлсэн нэг хоригдол хавар, намартаа хамаг эрхтэнээ гаргаад, өвчин нь хөдөлдөг байсан. Бидний зүгээс эмнэлгийн байгууллагад ханддаг ч сэтгэцийн өөрчлөлттэй, хяналтад байх ёстой ч хэрэг хариуцах чадвартай гээд хүлээж авдаггүй байсан. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял эдлээд суллагдсан хүмүүсийн араас ямар ч хяналт тавьдаггүй” гэсэн бол шүүх шинжилгээний байгууллагад гэмт хэрэгтний сэтгэцийн байдлыг тодорхойлох 10 хүрэхгүй мэргэжилтэн ажилладаг, педофил мөн, эсэхийг тодорхойлоход сар гаруй хугацаа шаарддаг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болон гэмтлийн зэрэг тогтоох эцсийн дүгнэлтийг гаргахад 1-2 жилд болдог, энэ хугацаанд хохирогч нэмж хохирсоор байдаг гэхчилэн олон асуудал тулгамддаг талаар хуульч Р.Булгамаа хэлж байлаа.