Улаанбаатарын дагуул 14 хотын хамгийн эхний шанг татаж, дэлхийн 100 гаруй хотод амжилттай хэрэгжиж, дараагийн 50 хотын нэг нь “Сэлбэ 20 минутын хот” болох бүтээн байгуулалт ид өрнөж байна. Зөвхөн бүтээн байгуулалтын хугацаанд 20 мянган ажлын байр бий болгох томоохон төслийг удирдаж буй “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатарыг “Mongoliapress” агентлаг “Монтажгүй яриа” буландаа урилаа.
-“Сэлбэ 20 минутын хот” 3, 4 дүгээр хороололтой зүйрлэж болохоор хэмжээний бүтээн байгуулалт болно-
-Таныг түгжрэл бууруулах үндсэн нэгжийг удирдаж байхад өнгөрсөн хавар ярилцаж байлаа. Одоо харин “шинэ” хот байгуулах төслийг хариуцан ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө?
-Хотын иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжийг удирдаж байгаад “Сэлбэ 20 минутын хот” төсөл рүү томилогдож ирээд 10 сар болж байна. Миний хувьд бүтээн байгуулалтын чиглэлээр хувийн хэвшлийн салбарт 20 жил дагнан ажилласан. Тэр ч утгаараа ажлын туршлага арга барил гээд барилгын салбарын жаргал зовлонг ойлгож мэддэг учраас энэ ажил маань илүү ойр дөхөм санагдаж байгаа.
Өмнө ярьсанчлан төслийг эхлэхээс төгсгөл хүртэл нь хэрэгжүүлж дуусгах, хугацаанаас илүү чанарт анхаарч ажиллах мэргэжлийн баг бүрдүүлж, нягт хамтран ажиллах итгэл үнэмшил, чин зорилго бидэнд бий.
-“Сэлбэ 20 минутын хот” нэрнээс харвал Улаанбаатар дотор дахиад нэг хот байгуулах агуулга харагдаж байна. Зүйрлэж хэлбэл, хэзээнээс эхэлсэн, цаашид хэр хэмжээний бүтээн байгуулалт болох вэ?
-Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10-аад жилийн өмнөөс эхэлсэн.Тухайн үедээ мөн л хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг бий болгож алслагдсан дүүргүүдэд шинэ төвүүдийг бий болгохыг зорьж эхлүүлсэн юм билээ. Үндсэндээ арваад жилий өмнө эхлээд хэрэгжээгүй төслийг “Сэлбэ 20 минутын хот” консепцоор үргэлжлүүлж байна. 20 минутын хот бол нэр биш. Иргэд 20 минутын хугацаанд шаардлагатай бүх үйлчилгээгээ нэг дороос авах бололцоотой байхаар төлөвлөсөн. Тэр дундаа сургууль буюу боловсролд суурилсан төлөвлөлтийг харж байгаа. Үндсэн төлөвлөлтөөрөө гурван сургууль, таван цэцэрлэг төлөвлөөд байгаа ч цаашид хувийн сургуулиудыг оруулж ирнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж боловсролын чанарыг сайжруулахаас гадна хотын хөдөлгөөн түгжрэлд эерэг нөлөөтэй. Бүр цаашлаад бодлогын түвшинд ярих юм бол сургуулиудын чанарыг сайжруулах юм.
Сүүлийн 20-иод жилд дэлхийн томоохон хотууд яг л манайх шиг түгжрэл, утаа, дуу чимээ гээд төвлөрлөөс үүсдэг олон хүчин зүйлийг давахын тулд дэд төвүүдийг бий болгож ирсэн. Энэ жишгээр 15 минутын хот консепцыг өөрчлөөд дэлхийн 100 гаруй хотод амжилттай хэрэгжиж, дараагийн 50 хотын нэг нь “Сэлбэ 20 минутын хот” болж байгаа.
Зүйрлэвэл, монголчуудын хамгийн их очдог Сөүл хотод дэд төвүүд олон байдаг. Өөрөөр хэлбэл, Сөүл дотроо алслагдсан жижиг төвүүд байдаг. Сэлбэ 20 минутын хотыг үүнтэй зүйрлэж ойлгож болох юм.

Нэршлийн хувьд өнгөрсөн хугацаанд явж ирсэн дэд төв зэргээр олон салаа утгыг нэгтгээд Сэлбэ хот гэх нь зөв гэж үзсэн. Төслийн цар хүрээг тоон утгаар илэрхийлэх юм бол 1974-1982 оны хооронд барьж байгуулсан 3, 4 дүгээр хороололтой зүйрлэж болохоор хэмжээний бүтээн байгуулалт, орон сууцны хорооллын бие даасан томоохон төсөлж болж байна. Харин нэг ялгаа нь тухайн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, нийгмийн чиг баримжаа өөрчлөгдсөн. Тиймээс хүмүүсийн амьжиргаа, эдийн засагт тулгуурласан хотыг бий болгохоор зорьж байна. Бүсчлэлийн хувьд Улаанбаатарын хойд хэсэг буюу зуслангийн бүсийг хамарч Хайлааст, Чингэлтэй, 100 айл орчмын төлөвлөлтийг бүрэн шинэчилж нэлээн томоохон цар хүрээтэй байх юм. Үндсэндээ, “Сэлбэ 20 минутын хот” бол дагуул 14 хотын нэг буюу хамгийн эхний бүтээн байгуулалт болж хүн амьдрахад таатай орчинг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Энэ төслөөс дараа дараагийн дагуул хотуудын жишиг, загварыг гаргаж ирэх боломжтой. Эхний юм бүхэн төгс болохгүй байж мэдэх ч алдаа оноогоо цэгнэж сайжруулаад явах боломжтой.
-8500 айлын орон сууцыг 24 сарын хугацаанд барьж түлхүүр гардуулна гэж ойлгоод байгаа. Мөн энэ том төслийн төр, хувийн хэвшлийн хамтралыг хэрхэн харж төлөвлөж байна вэ?
-Бидний олон нийтэд зарлаад байгаа 24 сар гэдэг нь орон сууцны болон инженерингийн дэд бүтцийн ажлууд хийгдэх хугацаа. Энэ хугацаанд амжиж 8500 айлын орон сууцыг барих юм. Хотод олон үйлчилгээ байх ёстой. Нэгдүгээрт, нийгмийн дэд бүтцийн ажлуудыг төр өөрийн хөрөнгөөр барьж байгуулна. Төслийн хүрээнд гурван сургууль, таван цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагыг төлөвлөсөн. Бид 2025 онд нийт ажлынхаа 20 орчим хувийг хийж гүйцэтгэлээ. 2026 ондоо барилга, дэд бүтцийн хамгийн хүнд ажлуудыг нугалж , нийт ажлын 60-65 хувийг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Одоогоор 113 блок барилгын ажил эхэлснээс 82 блокын суурийн цутгалтыг хийчихсэн байгаа.
Харин цэвэр хувийн хэвшлийн нуруун дээр явдаг худалдаа үйлчилгээ бий. Тухайлбал, арваад мянган айлын орон сууц гэхээр 40-50 мянган иргэний төвлөрөл бий болгоно. Үүнийг дагаад хэрэглэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээ үүснэ. Бизнесийн энэ орон зайн дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахаар сонгон шалгаруулалт зарлаад байна. Эхний ээлжинд олон нийтийн бүсийн 40 гаруй га талбайд сонгон шалгаруулалт зарласан байгаа. Энд үйлчилгээтэй орон сууц, худалдааны үйлчилгээний цогцолбор, зах, авто зогсоол болон амины орон сууц барьж болно. Дэд бүтцийг нь бүрэн шийдсэн орон зайд хөрөнгө оруулалт хийж, бизнесээ өргөжүүлэх боломжийг бий болгоод байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл гуравдугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ. Орон сууц, үйлчилгээ, оффис бусад худалдааны төвүүдийг хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалтаар хийх ажил маань ирэх онд эхэлнэ. Мөн улсын цирк, спорт цогцолбор зэргээр урлаг спортыг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтыг төлөвлөсөн.
-Төр зоригтой шийдэж, түүхэнд байгаагүйгээр 158 га талбайг хамарсан газрыг чөлөөллөө-
-“Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжээд дуусахад хэдэн яндан цөөлж, хэдэн нүхэн жорлонг солих вэ. Эхний айл яг хэзээ байрандаа орох вэ?
-Хоёр жилийн дараа буюу 2027 оны долдугаар сар гэхэд эхний ээлжийн айлууд орон сууцандаа орчихсон байх юм. Иргэд байрандаа ороод хүн амын төвлөрөл үүсэх учраас 2027 оны намар гэхэд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэж үзэж байна.
Тоо хэлэх амархан. Гэхдээ чанар, зорилго нь чухал учраас илүү том утга агуулгаар нь харж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 2500-300 айлын янданг буулгасан. Зөрүүлээд 12-13 мянган айлын орон сууцыг барьж байгаа юм.
Тэгэхээр шууд утгаараа 15000-16000 яндангаас утаа гарах дайны агаарын бохирдлыг бууруулж байна гэж болно. Хамгийн чухал нь гэр хороолол, зуслангийн бүсэд эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэж буй хөрсний бохирдлоосоо сална.
Он удаан жил суурьшлын бүсэд байсан уламжлалт нүхэн жорлонг боломжит бүх хэлбэрээр зөөж, оронд нь цэвэр шороогоор булж ариутгасан. Ер нь бид нүдэнд харагддагаар нь утааг яриад байгаагаас биш халдварт өвчний эх үүсвэр болж ундны усыг бохирдуулж байгаа хөрсний бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах нь зөвхөн утааг бууруулж янданг цөөлөхөөс гадна олон төрлийн эрсдлийг үүсгэж байгаа хөрсний бохирдлыг шийдэж, хөрсийг ариутгах, цэвэрлэх боломж бий болж байна.
Бидний тооцооллоор бүтээн байгуулалтын хугацаанд 20.000 шууд ажлын байр бий болно. Дараагийн шатанд тухайн бүсэд дахиад найман мянга орчим ажлын шинээр бий болно.
-Иж бүрэн төлөвлөлт хийгээд бүтээн байгуулалт дуусчихлаа гэхэд тухайн бүсэд нэмж газар олгох, байшин барихгүй гэсэн үг үү. Өнгөрсөн түүхийг харвал Яармагаас эхлээд төлөвлөлт ихэнх нь амжилттай хэрэгжиж чадаагүй?
-Таны хэлдгээр 10 жилийн өмнө хоосон шахуу байсан Яармаг төлөвлөлтгүй явснаас болж өнөөдөр ямар байдалд хүрэв гэдгийг хүн бүхэн харлаа. Нэг талдаа орон сууц нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч төлөвлөгөө, судалгаагүйгээр нэг дор хэт төлөвлөлт үүсгэснээс түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж гээд олон асуудлыг суурь боллоо. Үндсэндээ Яармаг тусдаа хот болж тасрах хэмжээнд хүрлээ шүү дээ. Том агуулгаар нь авч үзвэл түгжрэл нийслэлийн бүх иргэнд нөлөөлж, тулгамдсан асуудал болсон. Түгжрэлд үргүй зарцуулж байгаа цаг хугацаа нийгэм эдийн засагт асар том хохирол учруулж байгаа. Зөвхөн түгжрэлээс үүдэлтэйгээр жилд дөрвөн их наяд төгрөгийг урсгаж байна. Энэ алдагдсан цаг, боломжийг бүтээмж, хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлдээ зарцуулахад зориулсан бол ямар сайхан байх вэ. Өөрөөр хэлбэл, түгжрэл, агаарын бохирдол, тоосонцор, үер усны эрсдэл гээд энэ бүхэн хэсэг хүний биш нийтийн асуудал болсон. Ийм байхад манай хот хүн амьдрахад таатай хот байж чадах уу гэдгийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй.
Харин дараагийн их нүүдэл Сэлбэ рүү чиглэнэ гэж төлөвлөж анхнаас нь бүх зүйлийг нарийн төлөвлөж, зорилгодоо хүрэхийн тулд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд төвлөрсөн болон бие даасан дулаан цахилгааны эх үүсвэртэй амьдрахад таатай орчин хэрэгтэй. Үүнийг Сэлбэ хот бий болгоно. Ер нь Улаанбаатарт газар чөлөөлөхөөс илүү газар олголт хамгийн том асуудал болсон байна. Орон сууцны хороолол төлөвлөөд барилаа гэхэд хажууд нь дахиад л газар олгоод байшин барьчихдаг. Тэгвэл энэ эрсдлээс сэргийлж төр маш зоригтой шийдвэр гаргалаа.
Хөрөнгө мөнгийг богино хугацаанд шийдвэрлэж түүхэнд байгаагүйгээр 158 га талбайг хамарсан газрыг чөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэ 158 га-г чөлөөлсөн орчинд дахиад нэг ч газар олгохгүй, дараа нь хэн нэгэн ирээд хажууд нь байшин барихгүй.
Зүй нь үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хаана баригдах, хажууд нь юу байх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой явах юм.
Бид тухайн бүсдээ хотын стандартад нийцүүлсэн ерөнхий төлөвлөгөө гаргаж ТЭЗҮ батлуулсан. Аль болох алдаа эрсдэл гаргахгүйн тулд нарийн төлөвлөгөөтэй, холыг харж ажиллахыг хичээж байна.

-Хотыг иж бүрнээр нь байгуулах хэмжээний төлөвлөлтийг өнгөрсөн хугацаанд хэр хийсэн байдаг юм бол. Сэлбэ 20 минутын хотод ногоон байгууламж, автомашингүй бүс, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг нарийн төлөвлөсөн гэж та ярилаа?
-Өнгөрсөн хугацаанд хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө олныг баталсан юм билээ. Тодорхой хэмжээнд төлөвлөж ирсэн нь сайшаалтай ч бодит байдал дээр хэрэгжээгүй. Олон жилийн тооцоо судалгаа, хүч хөдөлмөр бүгд цаасан дээр үлдээд байгаад хамаг асуудал бий. Мөн нөгөө тал нь санхүүжилт. Төлөвлөсөндөө хүрэхийн тулд зоригтой хөрөнгө оруулахгүйн дээр гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт босгож чадахгүй явж ирсэн. Мэдээж томоохон төслүүдийг хөдөлгөх, амжилттай хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал их чухал.
Бид том зорилгодоо хүрэх бол болоогүй. Гэхдээ эцсийн зогсоол дээр очих зорилтууд маань эхнээсээ биелээд явж байна. Улс орнуудад автомашингүй буюу зөвхөн алхдаг, худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийг бий болгосон бүс түгээмэл байдаг. Энэ утгаараа “Сэлбэ 20 минутын хот”-ын нийт талбайн 30 хувьд ногоон байгууламжийг, автомашингүй бүсийг мөн төлөвлөж өгсөн. Зорилгодоо хүрэхийн тулд баг хамт олноороо хичээн ажиллаж байна.
-Нээлттэй, тодорхой, баталгаатай байх зарчим дээр төр, хувийн хэвшлийн түншлэл амжилттай хэрэгждэг-
-Хот байгуулна гээд баахан хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад амлачихдаг. Дундаасаа төсөв мөнгөний асуудал дээрээ гацдаг. Эцэст нь төр муу менежер зүүгээд, баахан хүн хохироод үлддэг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гашуун туршлага байна шүү дээ?
-Хоосон газар шинээр хот байгуулахад эдийн засгийн сууриа тооцоолохоос эхлээд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарна. Харин “Сэлбэ 20 минутын хот” бол суурьшлын бүсийг шинэчлэн сайжруулж буйгаараа онцлогтой. Эдийн засаг, хэрэглэгчдийн үндсэн суурь байгаа нь хувийн хэвшлийн оролцоо, сонирхлыг татаж байна. Наанаа барилга барих тухай яриад байгаа боловч бусад эдийн засгийг тэтгэж, зах зээлийн шинэ орон зай үүсгэж байгаа. Төслийн эхний шат бүтээн байгуулалтын эдийн засаг буюу Монгол Улсын хэмжээнд барилгын зах зээлийг 25-30 хувиар тэлнэ. Хоёрдугаарт, барилга “амь” орж үйл ажиллагаа явуулаад эхлэнгүүт ажлын байраас эхлээд эдийн засгийн тогтмол харилцаа үүсдэг. Хүн амьдрах таатай орчин гэдэг бол төлөвлөлт, дэд бүтэц, хэрэглэгч гурвыг цогцоор нь бий болгоход төр сайн ажиллаж чадах юм бол хөрөнгө оруулалт хүссэн хүсээгүй орж ирнэ.
Бид хувийн хэвшилд хүсээд байгаа боломжийг нь бүрдүүлж өгөх буюу төр газрыг нь шийдээд дэд бүтцийг нь тавьж өгнө. Харин хувийн хэвшлийн бүсийг нэлээн бодож төлөвлөх, харилцан ашигтай, ойлгомжтой хамтран ажиллах ёстой. Хамгийн гол нь нээлттэй, тодорхой, баталгаатай байх зарчим дээр төр, хувийн хэвшлийн түншлэл амжилттай хэрэгждэг. Асуудлыг нууж хаах тусам дараа дараагийн ойлгомжгүй нөхцөл байдал гарч ирдэг.
Анхнаасаа болж бүтэхгүйгээ яриад нээлттэй, тодорхой явах юм бол гарц шийдлээ олоод явна. Тиймээс бодит байдлаа үнэлж, дүгнээд явдаг нээлттэй, шилэн ажиллах зарчмыг баримталж байгаа.
Хувийн хэвшил хаана, юунд хөрөнгө оруулах вэ гэдэг дээр төр баталгаа өгч чадвал хөрөнгө татна. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд бид Ажлын хэсэг байгуулж өнгөрсөн хугацаанд хувийн хэвшилтэй уулзаж саналыг нь сонслоо. Удирдамж, бичиг баримтдаа хувийн хэвшлийн саналыг аль болох тусгаж ажиллахыг хичээж байгаа. Тэгэхээр бидний төлөвлөсөн ажлууд харьцангуй ойлгомжтой амжилттай өрнөх байх гэж харж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид ч сонирхож саналаа ирүүлж байгаа.

-Томоохон бүтээн байгуулалт хийе гэхээр ажиллах хүчин хомсдолтой байна, гаднаас оруулж ирье гэж төр, хувийн хэвшилгүй ярьж байгаа. Та өөрөө ч бүтээн байгуулалтын салбарт олон жил ажилласан хүний хувьд нөхцөл байдлыг хэрхэн мэдэрдэг, ямар байр суурьтай байдаг вэ?
-Ажиллах хүчний хомсдол зөвхөн барилга бүтээн байгуулалтын салбар гэлтгүй Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод удаж байна. Хүнд, хөнгөн үйлдвэрийн салбар багш, эмчээс эхлээд хүний нөөц дутмаг байгаа. Харин “Сэлбэ 20 минутын хот” төслийн хувьд журмаараа олон улсын тендер зарлаж эхний бүтээн байгуулалтад дотоодын дөрөв, гадны гурван аж ахуйн нэгж шалгарсан.
Үндэсний аж ахуйн нэгжүүд дотоодоосоо ажиллах хүчээ бүрэн авна. Мөн гадаадаас ажиллах хүчин авах квот хүсэлтүүдээ өгөөд явж байна. Ер нь гадны ажиллах хүчийг бүх салбарт авах цаг нь ирсэн.
Олон улсын туршлагыг харахад ч гадаадаас ажиллах хүчин авахгүйгээр хөгжсөн орон байхгүй.
Бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байсны хувьд ганцхан жишээ хэлэхэд, иргэдэд буюу эцсийн хэрэглэгчдэд хүрч байгаа орон сууцны метр квадратын үнэд хамгийн их нөлөөлж байгаа нь ажиллах хүчний зардал юм шүү дээ. Тэгэхэр улс орны бодлого, тоо хязгаартаа уялдуулаад бүх салбартаа гадаадаас ажиллах хүчин авах хэрэгтэй гэж боддог.
















