Шударга ёсны баталгааг хангах, хараат бус шүүхийг цогцлооход ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн чухал үүрэг, оролцоотой. Тэгвэл дөрвөн жилийн цикльтэй. Басхүү өндөр өрсөлдөөнтэй болох учиртай зөвлөлийн гишүүний ээлжит шалгаруулалт энэ цаг мөчид өрнөж байна. Үүнтэй холбогдуулан Нээлттэй нийгэм форумын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаатай ярилцлаа.

-ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний нэр дэвших үйл явц үргэлжилж байна. Нээлттэй нийгэм форум шүүхийн асуудлаар, зөвлөлийг одоогийн 10 гишүүнтэй болгож тоог нэмэгдүүлэх тал дээр дуу хоолойгоо хүргэж өргөн хэмжээнд судалгаа хийж ирсэн?

-Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн байгууллага болж бэхэжсэн. Улмаар 2021 онд Шүүхийн тухай хуулийн шинэчлэлээр ШЕЗ-ийн чиг үүрэг, эрх хэмжээг нэлээн дэлгэрүүлж өгснөөс гадна суурь өөрчлөлтийг хийсэн. Энэ нь урьд өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс томилогддог таван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллуулдаг байсан бол шүүгч бус гишүүдийг нээлттэй нэр дэвшүүлж УИХ-аас томилгооны сонсголоор томилдог боллоо. Энэ дагуу шүүгч гишүүнийг нийт шүүгчдийн дундаас нээлттэйгээр сонгууль явуулж томилж байна.

Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлж өгсөн. Ингэснээр өмнө таван гишүүнтэй байхад аливаа шийдвэрийг гаргахдаа олонх буюу гурван гишүүн хуралд оролцоод хоёр гишүүний саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх тохиолдол байсан. Энэ зарчим нь тодорхой хэмжээнд ШЕЗ-д итгэх итгэлийг бууруулж, хязгаарлагдмал болгож эхэлсэн. Мөн үндсэн чиг үүрэг болох шүүгчийн томилгоотой холбоотой чухал асуудал буюу хэн шүүгч болохыг хоёр хүн суугаад шийдэх хэмжээнд хүрсэн. Тиймээс зөвлөлдөх зарчим, дотоод ардчилал, институцийн хараат бус байдлыг хангах үүднээс зөвлөлийн гишүүдийн тоог 9-10 болгож нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Нээлттэй нийгэм форумаас тухайн үед ШЕЗ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжилгээ хийж бодлогын зөвлөмж боловсруулсан. 2015 оны  судалгаагаар дээрх асуудлыг хөндөж, бусад орны энэ төрлийн байгууллагуудтай харьцуулж зөвлөлийн гишүүдийн тоо илүү олон байх, доод тал нь ес гэсэн саналыг өгсөн байдаг.

Шүүгч болон шүүгч бус гишүүний хувьд дэлхийн улс орнуудын туршлагыг харвал холимог хэлбэр нь илүү оновчтой гэж үздэг. Дандаа шүүгчдийн бүрэлдэхүүнтэй бол хэтэрхий нэг талыг барьж шүүгчээ хамгаалах, салбар дотроосоо сонгох зэрэг өрөөсгөл хандлагатай байх талтай. Мөн улс төрийн томилгоогоор хүмүүс орж ирэх юм бол шүүх, шүүгчийн хараат бус байдал алдагдах эрсдэлтэй.

Тиймээс энэ тэнцвэрийг хангахад холимог буюу тав, таван хүний бүрэлдэхүүнтэй байхаар оруулж ирсэн. Энэ нь ч зөвлөлийн журмаар ажилладаг, хамтын шийдвэр гаргадаг байгууллагын хувьд харилцан зөвшилцөх, олон талаас асуудлыг авч үзэх, шүүхийн дотор болон гаднаас харж дундын шийдвэр гаргахад зохистой гэж үзэж байгаа.

-Шүүгч бус гишүүдийг шударга ёсны баталгааг хангах, ард түмний төлөөлнө гэж ойлгож байгаа. Яг ямар ач холбогдол, эрх үүрэгтэй байх вэ. Тавигдах шаардлага их өндөр байна гэсэн шүүмжлэл ч гарч байсан?

-Шүүгч бус гишүүний томилгооны процесс эхнээсээ нэлээн жишиг болохуйцаар нээлттэй явагдаж байна. Үүний нэг давуу тал нь олон нийтэд, тэр дундаа хуульч эрх зүйчээр ажилладаг хүмүүст нээлттэй болсон нь өргөн хүрээнд харах боломжийг олгосон. Энэ жилийн шүүгч гишүүний томилгоотой ч нээлттэй, ил тод өрнөлөө.

ШЕЗ-ийн хувьд шүүхэд итгэх иргэдийн итгэл, бие даасан хараат бус байдлыг хангах, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцөөр хангах чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөндлөнгөөс нөлөөлөх юм уу дарамт шахалт үзүүлсэн тохиолдолд шүүгчийг хамгаалах ёстой. Мөн шүүхийн санхүү эдийн засгийн баталгаа, хэвийн үйл ажиллагаа явуулахад мэдээллээр хангах үүрэгтэй. Ийн шүүх эрх мэдэл нь  хууль тогтоох, гүйцэтгэхтэй эн тэнцүү орших тулгуур багана болохын тулд бусад институцитэй харилцах үүргийг зөвлөл гүйцэтгэх зарчимтай.

Дараагийнх нь шилдэг, шударга хуульчдыг шүүгчээр сонгох, шүүхийн захиргааны ажилтнуудыг сургаж бэлтгэж үйл ажиллагаагаа хэвийн явуулахад анхаарах юм. Ялангуяа томилгооны асуудал  хардлага сэрдлэг дагуулдаг учраас процесс нь ил тод, мэдлэг ур чадварыг нь харгалзсан механизмыг хэрэгжүүлэхэд зөвлөлийн гишүүдийн үүрэг оролцоо маш өндөр. Энэ ач холбогдол талаас нь харвал тодорхой хэмжээний хууль зүйн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ заавал хуульч байхыг шаардахгүй. Харин эрх зүйч мэргэжлийн шалгуур бүхий албан тушаалыг дор хаяж арван жил хашсан байх ажлын туршлагыг харгалзаж байна. Нэгэнт шүүгч гишүүдийг сонгочихож байгаа учраас өмнө нь шүүгчээр ажиллаж байсан хүмүүс оролцох боломжгүй. Мэдээж улс төр, улс төрийн намтай шууд ажил үүргээрээ холбогддог бол боломжгүй. Шүүгч биш шилдэг хуульч нар ерөнхий зөвлөлийн гишүүн болох нь илүү ач холбогдолтой гэж харж байгаа.

-Зөвлөл таван гишүүнтэй байхад шүүхэд итгэх итгэл, хараат бус байдал ямар байв. 10 гишүүнтэй болсноор үр дүн, дэвшил гарав уу. Та бүхэн үүнийг судалсан уу?

-Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг 2021 оноос хойш хэмжиж эхэлсэн. Үүнээс өмнөх нөхцөл байдлын тухайд харьцуулах дата туйлын дутагдалтай. Нээлттэй форумаас хоёр жил тутамд шүүхийн индексийн судалгааг гаргадаг. Энэ хүрээнд шүүхийн захиргааны чиглэлийн үйл ажиллагааг хоёр жил дараалан үнэлсэн. Гурав дахь нь удахгүй эхлэх гэж байна. Индексийг 10 шалгуур үзүүлэлт 42 хэмжигдэхүүнээр үздэг. Тэр дунд шүүгчийн мэдлэг ур чадвартай холбоотой шалгуурууд багтдаг.Товчхон дурдвал, 2021 болон 2023 оны харьцуулахад шүүхийн бие даасан байдал, иргэдэд итгэх итгэл, шүүгчийн цалин хөлс, ажлын ачаалал төдийлөн сайжраагүй байх жишээтэй.

Зөвлөл таван гишүүнтэй байх үед шүүгч бус гишүүн ажиллаж л байсан. Харин тооны хувьд олон болсноороо илүү зөвшилцөл, хамтын шийдвэр гаргах ач холбогдол давуу талтай болсон. Мөн тодорхой шаардлагыг хангасан бол Ерөнхийлөгчөөс шууд томилж ирсэн бол нээлттэй сонгон шалгаруулалтаар оруулж УИХ-ын сонсгол хийх зэргээр илүү ил тод болж ирсэн. Өөрөөр хэлбэл, шүүхтэй холбоотой томилгооны эрх Ерөнхийлөгчид төвлөрсөн байсныг энэ өөрчлөлтөөр салгаж, хараат бус болгож өгсөн гэж хэлж болно. Мөн шүүгчээр ажиллах шалгалтад тэнцсэн хүмүүсийг шүүгчид нэр дэвшүүлэхээр ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид танилцуулдаг. Энэ дагуу төрийн тэргүүн зөвхөн тодорхой хуульд заасан үндэслэл бүхий татгалзал л өгөх боломжтой. Үндсэндээ Ерөнхийлөгч зөвхөн ёсчлон томилж байгаа гэсэн үг.

Энэ утгаараа ШЕЗ Ерөнхийлөгчөөс хараат гэдэг хардлага сэрдлэгэ багассан төдийгүй томилгоо хараат бус байх агуулгаараа тогтолцооны өөрчлөлт авчирч буй юм.

-Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс зөвлөлийн шүүгч бус гишүүнд нийгмийн өмнө үүрэг нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, мэргэжлийн өндөр түвшний нэр дэвшигчид оролцох нь чухал байна гэдгийг хэлж ярьсаар байна?

-Шүүхийн салбарын томилгооны асуудал олон жил хардлага, шүүмжлэл дагуулж ирсэн. Тэгэхээр шүүгчийг томилох энэ чухал асуудлыг шийдвэрлэх хүмүүсийн төлөөлөл нь салбартай хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, судлаач, эрдэмтэд байвал шударга, зарчимтай ажиллана гэсэн итгэл үнэмшил төрнө.

Тэр хэрээр дөрвөн жилийн хугацаанд шүүх эрх мэдлийг шударга болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, хараат бус бие даасан байхад нь чин хүслээрээ хувь нэмэр оруулах шилдэг хуульчдын оролцоо маш чухал. Мөн ажлын туршлагатай, шүүхийн салбарын зовлон жаргалыг мэддэг хуульч, өмгөөлөгч нар өндөр ач холбогдол өгч идэвхтэй оролцоосой.

Ийм хүмүүсээ тал бүрээс нь ятгаж оролцуулах, илгээж нэр дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс яг энэ цаг мөчид маш сайн нэр дэвшигчид сонгон шалгаруулалт орж, шилдэг, мэргэшсэн хуульчдын өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсч байна. Ингэж байж бидний бий болгосон механизм зөв зүйтэй ажиллах үндэс суурь болох юм.

УИХ-аас олон талын оролцоог хангасан 11 гишүүнтэй Ажлын хэсэг томилогдож анхан шатан дээр нь шүүгч бус гишүүдийг сонгож, нэр дэвшүүлдэг. Энэ нь нэлээн дэлгэрэнгүй нарийвчилсан процессын дагуу, ил тод өрнөдөг. Мөн иргэд, олон нийтийн зүгээс нэр дэвшигчдийн талаарх санал шүүмжийг Ажлын хэсэгт хүргүүлэх боломж байдаг учраас ёс зүйн болон мэргэжлийн хувьд учир дутагдалтай хүмүүс байгаа бол мэдээлэл хүргүүлэх нь нээлттэй. Иргэд маань нэр дэвшигчдийн танилцуулга мэдээллийг маш сайн судалж үзэл бодлоо илэрхийлэх энэ боломжийг ашиглаасай гэж хүсч байна.

Энэ удаагийн үйл явцыг Бодлогод залуусын хяналт, Оюуны-Инновац, Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн, Нээлттэй нийгэм форум хамтраад хөндлөнгийн ажиглалт хийж, нэр дэвшигчдийг илүү өргөн хүрээнд олон нийтэд танилцуулах сонирхолтой байгаа.

-Өмнөх сонгон шалгаруулалтад хуульчид хэр идэвхтэй оролцож байсан бэ. Та сонсголд иргэний нийгмийн төлөөлж оролцож байсны хувьд ямар бодолтой байна вэ?

-Тухайн үед ковидын үе таарсан. 30 гаруй хүн нэр дэвшсэний олонх нь хууль сахиулагч байсан. Мөн төрийн захиргааны хүмүүс нэр дэвших хандлагатай байдаг ч хуулийн талын ажлын туршлага хэр вэ гэдэг асуудал хөндөгддөг. Харин хууль сахиулах салбарынхан маань шүүхийн шатанд гэхээс илүү шүүхийн өмнөх болон дараа нь хууль тогтоомжийг сахиулах чиглэлээр ажилладаг учраас арай өөр түвшний мэргэшилтэй хүмүүс байдаг.

Шалгуурын тухайд мэргэжлийн хувьд эрх зүйч гэж байгаа ч ажлын туршлага хуулийн хэрэглээ тал руугаа, судалгаа шинжилгээнд тулгуурлаж дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай байвал илүү зохимжтой. Албан ёсны шалгуур биш ч гэсэн олон улсын чиг хандлага, сайн туршлагыг судлах, зөвлөлийн гадаад хамтын ажиллагаа чухал учраас гадаад хэлний өндөр ур чадвартай байвал давуу тал болно. Хуулиар тогтоож өгөөгүй ч тухайн салбарын хөгжилд хувь нэмэр болохуйц олон чадваруудыг харгалзах нь зүйтэй юм.  

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний өрсөлдөөнд нэг асуудал байгаа нь туршлагатай, шилдэг хуульчид ажилгүй сууж байдаг хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр карьерын хувьд нэлээн чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Жишээлбэл, их сургуулийн мундаг багш байлаа гэхэд дөрвөн жил ажлаа хойш тавьж шүүгч бус гишүүнээр ажиллаад буцаад багшлах боломж нь баталгаатай юу гэдэг асуудал тулгардаг. Энэ мэт шалтгаанаас болж өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн зарим багш нэрээ татсан тохиолдол бий. Харин хуульч, өмгөөлөгчийн хувьд харьцангуй эрх чөлөөтэй. Шилдэг хуульч, судлаач, эрдэмтэн багш нарын хувьд зөвлөлийн гишүүнд нэр дэвших нь хэцүү шийдвэр гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ нийгмийг өөрчлөх, эх оронч байх талаас нь бодоод үзвэл маш чухал байх болно.