Өмнөговь аймагт айлын ганц хүү бусдын морийг хөлслөх гэж яваад чирэгдэж нас барсан харамсалтай хэрэг 2024 оны хавар гарсан. Тухайн үед иргэн өөрийн уяж сойж буй азарга насны морио насанд хүрээгүй хүүхдээр хөлслүүлэхдээ хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй, мөн хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас чирэгдэн гавлын яс хугарч гэмтэж нас барсныг шүүх хурлын үеэр тогтоогоод буй.
Тэгвэл энэ хэрэг хоёр жил гаруй үргэлжилж энэ сарын 22 буюу өчигдөр эцэслэн шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Я.Ц-д хоёр жилийн хорих ял шийтгэж, оршуулгатай холбоотой болон бусад зардалд 10,755,510 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 195,000,000 төгрөг, нийт 205,755,510 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол хяналтын шатны шүүхээс гэм хорын хохирол буюу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо Улсын дээд шүүхийн тогтоосон жишгээс өөрөөр буюу Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд тулгуурлаж шийдсэн нь үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 195,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнийн дүн болох 99,000,000 сая төгрөг болгож буурууллаа.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс 15,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба баримтгүй зардал нийт 28,451,900 /хорин найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин хавтаст хэргийг харвал айлын ганц хүүг эцэг эхийн зөвшөөрөл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалалтгүй, хоёр хөлийг нь олмоор даруулж морь хөлслүүлснээс чирэгдэж, гавлын яс нь хугарч амь насаа алдахад хүргэсэн байтал уяачийн зүгээс хохирогчийн ээжийн сэтгэлд санааны хохирлыг 8.5 саяар тооцож үнэлснээ өмгөөлөгчөөрөө дамжуулжээ. Мөн хохирогчийн өмгөөлөгч “Шинжээчийн дүгнэлтээр тархиндаа гэмтэл авч нас бараагүй маш олон тооны гэмтлийн улмаас амь нас эрсдсэнийг тогтоосон” гэдгийг шүүх хурал дээр хэлсэн байна.

Шүүх хурлын үеэр шүүгдэгч, хохирогч, хоёр талын өмгөөлөгч, гэрчүүд ямар мэдүүлэг өгснийг хүргэе.
Шүүгдэгч:
-Би тухайн үед хээр азаргаа хүүдээ унуулахаар эмээллэсэн байсан. Харин хохирогч хүүг унах юм уу ахын дүү гэхэд тэгье гэхээр нь эмээлийг аваад өөрийнх нь унуулдаг байдлаар олмоор хөлийн даруулж өгч нөгөө морин дээрээ хүүгийнхээ эмээлийг тохоод хоёуланг нь мордуулаад явуулсан юм. Тухайн үед юу болсныг үнэхээр сайн мэдээгүй гэнэт хээр азарга ухасхийгээд булгиад, тонгочоод эхэлсэн. Би машинаас буугаад гүйсэн боловч үнэхээр барьж авч чадаагүй. Араас нь морь бариан дээр очиж барьж аваад иргэний үүргээ биелүүлж анхны тусламж үзүүлэх ёстой гэдэг байдлаар эмнэлэг рүү аваад явсан. Өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаа болж байна. Энэ явдалд манай гэр бүл эхнэр, хүүхдүүд бүгдээрээ маш их харамсаж байгаа. Аав, ээж хоёртой нь уулзаж чадахгүй уулзах хүсэлт тавьж байгаа хэдий ч энэ хоёр намайг хармааргүй байгаа байх гэдгийг бас ойлгож аль болох харагдахгүй сэтгэл санааг нь дахиж хямраахгүй байх юм сан гэж маш их хичээж байгаа. Үнэхээр боломж олдож шүүх танхимд уулзсан дээрээ нь уучлалт гуймаар байна. Миний хувьд манай гэр бүл үнэхээр их харамсаж байгаа гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:
-Энд гарах шүүхийн шийдвэр нь Монголын өв соёл мөн Засгийн газрын хурдан морины уралдаантай холбооны маргаан болон нэг кейс нэмэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд өв соёл, зан заншлыг хууль, хэрэглээтэй холбож ойлгохын тулд бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Я.Ц өөрийн гараар санаатай үйлдэл хийж хүүхдийн амь насыг хохироосон бол бид нар тайлбар хийхгүй. Хурдан морь сонирхдог гэр бүлд эрсдэл учирдаг гэдгийг харгалзаж үзэх ёстой. Морь ямар үйлдэл гаргахыг бид нар мэдэхгүй. Тийм эрсдэлтэй үйлдэлд хүүхдүүдийг морь унуулдаг болохыг ойлгох хэрэгтэй. Я.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үйлдлийг ойлгож, харгалзан үзээч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр хүүхдийг морины бариа руу гаргасан эцэг, эх болон MNS:6264-2018 стандартыг зөрчсөн үйл баримт харагдахаар байна. Гэвч Я.Ц нь сайн дураараа “ахиж нэмж хүн татаад хэрэггүй, би хариуцлагаа хүлээе” гээд энэ танхимд сууж байна.
Тухайн хүүхдийн амь насыг санаатай хохироочихсон мэтээр буруугаа хүлээе, төлбөр мөнгийг төлж барагдуулъя, гэр, машинаа заръя гээд сууж байгаа. Сумын төвийн айлд 280 сая төгрөг тэрбумтан шиг санагдана. Бид хэдэн төгрөгийн цалингаар суманд ажиллаж, амьдарч хэдэн хүүхдээ тэжээдэг билээ. Хүн чанар гаргаж харгалзаж үзээч гэж хохирогч нарт хэлэхгүй бол болохгүй байна. Хэн дуртай нь энэ хаалгаар орж ирээд шууд мөнгө нэхээд байж болохгүй учраас Эрүүгийн хуульд хохирлыг тодорхойлсон. Өмгөөлөгчийн зардал, бензин, буудлын мөнгө нэхэх нь хуулийн шаардлага хангахгүй байна.
Тухайн хэрэг 2024 оны 03 сарын 13-ны өдөр болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд 2024 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан. Тэгэхээр 3 дугаар зэрэглэлээр тогтоож, 13 дахин нэмэгдүүлэхээр 8.580.000 төгрөг гарна. Сэтгэцэд учирсан хохирлыг 8.580.000 төгрөгөөр тооцсон тухай Улсын Дээд Шүүх тайлбарласан. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 197.670 .000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдсан байгаа гэдгийг хэлье.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:
-Өөрийн ганц хүүгээ үгүй хийлгэсэнд маш их гомдолтой байгаа. Тухайн өдөр эцэг, эхээс нь яагаад зөвшөөрөл авч болоогүй юм бэ, өөрөө хөдөлмөр хамгаалалтын албан тушаалтай байж миний хүүгийн эрсдэлийг тооцоолж болоогүй юм бэ, тус газар түргэн тусламж дуудаж болоогүй вэ, тус газраас эмнэлэг хүртэл нэлээн хол зайтай тэр болтол нэлээн их доргилт авсан. Тэр газраа түргэн тусламж дуудсан бол миний хүү эрэмдэг ч гэсэн байх ёстой байсан гэж боддог шүү. Миний хувьд юу болсныг мэдээгүй ажил дээрээ байхад аав нь анх утасдаж хэлсэн.
Би боддог 2 жилийн хугацаа өнгөрч байхад Я.Ц гэмшсэн сэтгэлгүй, эцэг, эхийн сэтгэл рүү мөнхийн ус цацаатай байдаг. Уулзъя гэсэн бодолгүй. Сая уулзъя гэж хэлж байсан гэж байна. Өөрөө уулзъя гэж хэлж байгаагүй эхнэрээрээ дамжуулдаг. Яагаад хүүхдийг маань үгүй хийсэн байж өөрөө хэлж болдоггүй юм. Сая өмнө нь унадаг байсан аав нь унуулж байсан гэж худлаа хэлж байна. Би тэрийг мэдэхгүй байна. Манай хүүхэд хүний морио унах хүүхэд биш шүү. Мэдүүлгээ худлаа ярьж байна шүү. Өмнө нь нэг удаа унуулж болох уу гэж утасдаж асууж байсан 11 сард шиг санагдаж байна. Гэхдээ би мэдэхгүй ааваас нь асуу гэсэн. Нэг биш удаа зөвшөөрөлгүй унуулсан шүү.
Би олон хүнээс сонсож байгаа. Хүүхдийнх нь амийг төлчихсөн шүү дээ гээд ярьж байгааг, хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй юм тэрийг асуумаар байна. Бидний хувьд ганц хүү маань байхгүй болсонд маш их гомдолтой. Гэмшиж, ухаарч байгаа бол яагаад ээж, аавтай нь уулзаж болдоггүй юм
Оршуулга болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал 82.207.410 төгрөг үүнээс 43 сая төгрөгийг төлсөн гэж үзэхээр 39.207.410 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хохиролд 198 сая төгрөгөөс 3 сая төгрөгийг төлсөн гэж үзэж үлдэгдэл нь 195 сая төгрөг нийт 234.207.410 төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилнэ
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч:
- Өмгөөлөгчийн зүгээс үйлдэл болон эс үйлдэхүйг илэрхийлж хэлж байна. Морин дээр олмоор даруулж уясны улмаас хүүхэд моринд чирэгдэж нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр тархиндаа гэмтэл авч нас бараагүй маш олон тооны гэмтлийн улмаас амь нас эрсдсэнийг тогтоодог. Эс үйлдэхүйн хувьд Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгцээнд тавигдах шаардлага буюу MNS:6264 2018 стандартыг мөрдөөгүй, хувцас хэрэглэлгүйгээр унуулсан үйлдэл тогтоогдсон.
-Насанд хүрээгүй гэрч:
-Хээр азарга гэнэт булгиад найзыг маань аваад явсан. Тухайн үед аав машинаасаа буугаад араас нь гүйгээд тухайн морийг гүйцээгүй. Манай найзыг хээр морь булгиад морь бариа руу аваад буцаад давхичихсан. Тэгээд ах унаж байсан морины өөдөөс тосож очоод барьж зогсоосон. Тухайн үед манай найз мориныхоо гэдэс доор байсан. Тэгээд хөлний оломны уяаг тайлаад аав ахыг гэрийнхэнд нь хэлээрэй сумын эмнэлэг явлаа гээд авч явсан. Тухайн үед найзын маань нүүр нь цус болчихсон, дуугарахгүй сонин амьсгалаад байсан. Тэгээд би найзыгаа унтаж болохгүй шүү гэж хэлэхэд дуугарахгүй байсан тэгээд сумын эмнэлэг дээр ирсэн.
















