Шударга ёсны баталгааг хангах, хараат бус шүүхийг цогцлооход ШЕЗ-ийн гишүүн чухал үүрэг, оролцоотой. Тэгвэл ээлжит сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвших процесс өрнөж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ШЕЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Н.Баасанжавтай ярилцлаа.
-Та өнгөрсөн дөрвөн жилд зөвлөлийн гишүүнээр ажиллалаа. Бүрэн эрхийн хугацаанд хэр үр дүнтэй байж, ямар асуудлуудыг шийдүүлэв. Мөн дараагийн гишүүдийг шалгаруулах процесс эхэлчихлээ шүү дээ?
-ШЕЗ-ийн гишүүдийн тав нь шүүгчид дундаасаа тав нь хуульчдын төлөөллөөс сонгогддог. Одоогийн сонгуулиар шүүгч бус дөрвөн гишүүнийг сонгоно. Өнгөрсөн дөрвөн жил сонгогдон ажилласан таван гишүүний нэг маань хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, нөхөн сонгогдоод ажиллаж байна.
Зөвлөлийн гишүүнээр хуульчдаас сонгогдож ажиллахад шүүгчидтэй нэгэн адил бүрэн эрхийг хэрэгжүүлж, мэргэжлийн түвшинд үр бүтээлтэй ажиллах боломжтой. Шүүхийн үйл ажиллагааг сайжруулья, шүүх эрх мэдэлд ахиц дэвшил гаргая, шүүх захиргааны характер гаргах биш үйлчилгээний соёлыг хэвшүүлэх ёстой гэдэг зарчмыг баримталлаа. Зөвлөл бүрэн эрхийн хугацаанд шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг арван жилээр нь харж УИХ-аар батлууллаа. Энэ стратегийн баримт бичиг бол бидний жанжин шугам. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нээлттэй ил тод байх, шүүгчийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, цалин хөлс, байр дэд бүтцийн бүх асуудлыг долоон хэсэгт хувааж арван жилээр нь төлөвлөсөн. Жил бүр юу хийх төлөвлөгөө тодорхой, хариуцах эзэн, санхүү мөнгө шийдэгдчихсэн байгаа. ШЕЗ зөвхөн шүүх эрх мэдлийн салбар руу анхаарч бодлого стратегийн шийдвэрүүд гаргаж чаддаг тул үр дүнг нь богино хугацаанд үздэг.

Миний туршлагаас гэвэл:
- Практик хуульчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх процессыг түргэтгэх, зарим зүйлийг өөрчилмөөр санагддаг байсан. Тийм ч учраас зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа шүүхийг захиргааны байгууллага гэдэг характераас үйлчилгээний байгууллагын соёлд шилжүүлэх үүднээс үйлчилгээний стандартыг бий болголоо. Өөрөөр хэлбэл, шүүхийн захиргааны ажилтнууд иргэдтэй цахимаар, утсаар, биечлэн харилцахдаа мэргэжлийн, албаны, шуурхай байх бөгөөд харилцааны соёлыг нэвтрүүлж түргэн шуурхай байх ахицыг гаргах юм. Шүүхийн байрны зай багтаамж, орчин нөхцлөөс эхлээд мэдээж асуудал бий. Гэсэн хэдий ч бүх зүйл нь ойлгомжтой байх ёстой. Энэ мэтээр өнгөрсөн дөрвөн жилд цөөнгүй ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Энэ нь эргээд шүүх эрх мэдлийн ажил сайжирлаа гэхээс илүү хуульч бидний өдөр тутамдаа ажилладаг шүүхийн үйл ажиллагаа, хууль зүйн үйлчилгээ сайжирч биднээр төлөөлүүлж байгаа иргэний эрх хангагдаж, ил тод байдал сайжрах юм.
- Хэргийг шийдвэрлэх урсгалыг хурдасгах ажлын хүрээнд удахгүй 11-р сараас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, 24 цагийн дотор шийдвэрлэдэг цагдан хорио таслан сэргийлэх арга хэмжээг онлайн болгож, цахим систем нэвтрүүлэхээр болсон. Иргэд байгаа газраасаа ажиллагаанд оролцдог болно. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тэгэхээр дараагийн сонгогдож ирэх хуульчид маань цахимжуулалт, шүүхийн үйлчилгээний характерыг улам тодотгох илүү уян хатан, хүний эрхийн мэдрэмжтэй байх зэрэг шинэчлэлийг үргэлжлүүлэх учиртай. Үр дүнд нь шүүхийн салбар хэлбэрээс илүү агуулгад анхаарч, тооноос чанар руу шилжиж мэргэжлийн болно. Эрх зүйн орчноо сайжруулж салбартаа тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гаргасан учраас эргээд практикт хуульчаар ажиллахад таатай санагдаж байна.
Товчхондоо, зөвлөлийн гишүүн бол мэргэшсэн хуульчид мэргэжлийн чиглэлээрээ өөрчлөлт авчрах төрийн өндөр статустай талбар юм. Шинээр байгуулагдсан хялбар ажиллагааны шүүхээр өдөрт 1500, дүүргийн тойргийн иргэний шүүхээр өдөрт 400 иргэн үйлчлүүлж байна. Эндээс харахад шүүх захиргаа, тамгын газар гэхээс илүү үйлчилгээний байгууллага болох ёстой гэж боддог хуульчид зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай болгох зэргээр шүүхийн үйл ажиллагаанд бодит ахиц дэвшил гаргах бүрэн боломжтой. Олон нийт болон өмгөөлөгч, хуульчдаас шүүхийн процесс удаан, орчин нөхцөл муутай зэргээр үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл гардаг. Ингэж бодож шүүмжилж байгаа хуульч, өмгөөлөгчид маань ирээд ажиллаад үзэх хэрэгтэй.
-Зөвлөлд шүүгч, шүүгч бус холимог хэлбэрээр 10 гишүүн ажилладаг. Хамтын шийдвэр гаргах зарчим хэрэгждэг үү. Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлсэн механизм зөв ажиллаж байна уу?
- “Зөвлөл тэгш тоотой байна, олонхиороо буюу дор хаяж зургаан хүний саналаар шийдвэр гаргах байтал шүүгч, хуульч тал адилхан таван гишүүнтэй байгаа учраас талцах юм бишүү” гэдэг шүүмжлэл гарч байсан.
Харин яг дөрвөн жил ажилласны эцэст талцах асуудал ерөөсөө гараагүй. Шүүгч гишүүд ч адилхан хуульч. Нөгөө талд өмгөөлөгч, судлаач, зөвлөх, профессор хийж ирсэн мэргэжлийн хуульчид байгаа учраас яг л мэргэжлийн талбар юм шүү гэж хэлээд байгаа нь ийм учиртай.
Зөвлөлийн гишүүд шийдвэр гаргахдаа мэдээж нэг нь шүүх талаас нөгөө нь хэргийн оролцогч гурав дахь нь маргаан шийдүүлж байгаа иргэний “нүд”-ээр харж байгаа боловч асуудал бүрт ийм өнцөг байдаггүй. Шүүгчийн сонгон шалгаруулалт гэхэд маш чадварлаг шүүгчийг сонгох зарчмыг л аль аль талаасаа зорьж байгаа учраас өөр бусад асуудал төдийлөн ач холбогдолтой биш. Түүнчлэн шүүхийн байрыг стандартын байлгах, өндөр стандарттай үйлчилгээний соёлыг бий болгоё гэхэд зөрөөд талцаад байх шаардлагагүй. Бүгд л хууль, зарчмаа баримталж ирээдүйн зорилгоо харсан байх ёстой. Энэ зорилго нь иргэнд ээлтэй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ахиц гаргая гэдгээ ойлгож ухамсарлах юм бол маргах, мэтгэх асуудал тулгарахгүй дээ.
Харин зөвлөлийн гишүүн өндөр ёс зүйтэй байх шаардлагатай. Жишээлбэл, практикт ажилладаг өмгөөлөгч сонгогдлоо гэхэд өмнө нь ажиллаж байсан хэргүүдээс өөрийгөө тусгаарлаж, огт нөлөөлөхгүйгээр шүүн таслах ажиллагааны хараат бус байдлыг хангах ёстой. Тийм ч учраас миний хувьд хувийн ашиг сонирхол ёс зүйн зарчмыг хатуу баримталж ажиллалаа. Ганц би ч биш. Ажлын онцлог нь өөрөө ийм юм.
-Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хийхдээ зөвлөлийн гишүүд мөнгө авдаг гэсэн шүүмжлэл, мэдээлэл гардаг. Энэ бодит уу?
-Шүүгчийн сонгон шалгаруулалт бол зөвлөлийн гишүүдийн маш олон чиг үүргийн зөвхөн нэг л хэсэг юм. Үүн дээр нэмэгдээд шүүхийн захиргааны ажилтныг сонгон шалгаруулах хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр журмаа батлуулаад явж байна. Мөн удахгүй байгуулагдах гэр бүлийн хүүхдийн шүүхийн шүүгчийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтын процесст орж ирж байгаа даалгаврыг мэргэжлийн шинжээч бэлтгэдэг, жишиг хариулттай. Бүх үйл явц цахим системээр явдаг учраас хувийн сонирхол гаргах ямар ч боломжгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн маш хариуцлагатай ажил хийж байгаа гэдэг утгаараа огцрох эрсдэлтэй. Заавал дөрвөн жил ажиллахгүй ч байж болно. Энэ утгаараа нэр дэвшигчээс гомдол гаргах эрхтэй.
Зөвлөлийн гишүүнтэй холбоотой гомдлыг шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо хянан шийдвэрлэдэг. Тэгэхээр сонгон шалгаруулалт дээр хувийн ашиг сонирхол гаргаж ёс зүйн зөрчил гаргасан бол гомдлын дагуу сахилгын хороо шалгаж тогтоох бүрэн боломжтой.
Яахав, сүүлд шүүгчийн сонгон шалгаруулалтыг хийхдээ зөвлөлийн гишүүд авдаг мөнгө нэмэгджээ гэсэн агуулгатай мэдээлэл гарсан байна лээ. Дөрвөн жилийн хугацаанд 10 удаагийн сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 3000 гаруй хуульч оролцсон байна. Энэ хугацаанд сахилгын хороонд ямар ч гомдол гараагүй байна.
Харин шүүх дээр байгаа хоёр хэргийн хувьд эрүү, иргэн, захиргааг сугалааны хэлбэрээр явуулж байгаа нь буруу, журмаа сайжруул гэсэн агуулгатай гомдол болохоос шүүгчийг шалгаруулахдаа мөнгө төгрөг авсан гэдэг ямар ч асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэвлэлд нийтлэгдсэн асуудлыг шалгуулахаар өгсөн байгаа.
- ШЕЗ-ийн гишүүнд өрсөлдөх хэмжээний туршлагатай, шилдэг хуульчид карьерын хувьд нэлээн чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ мэт шалтгаанаас болж өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн зарим багш нэрээ татсан тохиолдол бий шүү дээ?
-Дөрвөн жилийн дараа бүрэн эрх дуусгавар болоход буцаад хууль зүйн салбартаа ажиллахад ямар ч асуудалгүй. Зөвлөлийн гишүүн байхдаа хүртэл ажлын ачааллаа зохицуулаад сургалт судалгааны ажил хийх нь нээлттэй байдаг. Зөвлөлийн гишүүний хугацаа дууссаны дараа өмгөөллөө битгий хий гэсэн хязгаар ч байдаггүй. Гагцхүү зөвлөлийн гишүүнээр ажиллаж байснаа болингуутаа учиргүй хэрэг өмгөөлөөд байх нь зохимжгүй гэж хардаг. Тиймээс миний хувьд тодорхой хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй. Хууль зүйн зөвлөгөө өгөхөд чиглэнэ. Ер нь хувь хүн ач холбогдлоо ойлгочихвол эргээд ямар ажил хийх вэ гэдгээ зохицуулаад явах боломжтой. Энэ зэргийг ухамсарлах чадвар, ёс зүйн төлөвшил, туршлагатай хуульчид нэр дэвшиж сонгогдох ёстой.
Өөрийнхөө туршлагаар жишээ татах юм бол өмгөөлөгчөөр ажилладаг байхдаа жилд 100 гаруй хэргийн хүрээнд л ярьж байсан бол зөвлөлийн гишүүн болсноор улсын хэмжээнд байгаа нийт хэрэг буюу жишээ нь 2024 онд 130 гаруй мянган хэрэг шийдвэрлэсний 73 мянга нь иргэний хэрэг байгаа энэ тухай ярьж, анхаарна гэсэн үг. Гэтэл нийт хэргийн дийлэнх олонхийг эзлээд байгаа иргэний хэргийн давж заалдаж буй хэсэг нь дөрвөн хувь байх жишээтэй. Тиймээс анхан шатны иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илүү анхаарах ёстой юм байна гэдгийг харж мэдэрч ажиллана гэсэн болж байна. Бүр тодруулбал, хэргийг төрлөөр нь задалж шинжилсэн статистик үзүүлэлтийг яаж сайжруулж, иргэдэд мэдээлэл хүргэх вэ гэдгийг мэдэрч ойлгох хэрэгтэй болж байгаа биз. Нөгөө талаас зөвлөлийн гишүүн одоо байгаа статистикийг илүү нарийвчлахдаа, түүнийг гаргадаг захиргааны ажилтныхаа гар ажиллагааг хөнгөвчилөх тухай давхар бодож, цахимжуулалтын явцтай хамтад нь шийдвэрлэх шийдлийг давхар бодолцож хийх учиртай.
Ер нь шүүхийн статистикийн үзүүлэлт бол нийгмийн толь шүү дээ. Нийгэм ямар түвшинд байгааг хэргийн статистикаас харж болдог.
Аппликейшн, кредит зээлийн маргаан нэмэгдэж байгаагаас эдийн засаг, амьжиргаа ямар байгаа, хүүхдэд холбогдсон хэрэг өссөн байх юм бол асран хамгаалагчид руу чиглэх шаардлагатайг харж болно. Нийгмийг бүхэлд нь харуулж байгаа эдгээр тоон үзүүлэлтийг хуульчдаас гадна шийдвэр гаргагчид харж бодлогоо зөв тодорхойлж, өдөр бүр хариу үйлдэл үзүүлж байх ёстой. Тэр ач холбогдлыг нийтээрээ ойлгох ёстой.















