Сонгогч та тойргоосоо сонгогдох гишүүдийн тоогоор нэр дэвшигч сонгох ёстой. Жишээ нь, танай тойргоос таван гишүүн сонгогдох бол илүү ч үгүй, дутуу ч үгүй яг таван хүнийг саналын хуудаснаас сонгож дугуйлах ёстой. Танд таалагдах нэг ч нэр дэвшигч үгүй байлаа ч нэгэнт саналаа өгч байгаа бол таван нэр дэвшигч л сонгох ёстой. Учир нь үүнийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заачихсан. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн заалт бий.

Тэгвэл энэ нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно” гэснийг зөрчсөн гэж Цэц дунд суудлын хуралдаанаараа өнгөрсөн оны гуравдугаар сард дүгнэж, тухайн заалтыг түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 тоот эл дүгнэлтийг УИХ мөн оны дөрөвдүгээр сард хэлэлцээд, хүлээн аваагүй. Нэгэнт дүгнэлтийг нь хүлээж аваагүй тул Цэц их суудлын хуралдаанаа хийж, эл асуудлыг эцэслэх ёстой. Гэвч үүний дагуу товлосон их суудлын хуралдааныг хоёр дахь удаагаа хойшлуулав.

Уг нь өчигдөр болох байсан эл хуралдааныг УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч, гишүүн А.Ариунзаяагийн хүсэлтийн дагуу хойшлуулж, энэ сарын 23-ны 09.30 цагаас нээлттэй хийхээр товлосон байна.

Өмнө нь зургадугаар сард товлоод байсан ч Цэцийн гишүүн солигдсон шалтгаанаар хойшлуулсан юм.