Дэлхийн багш нарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрөөр бид багш нарыг цэцэг навч, цэцэн мэргэн үгээр мялаахын сацуу нийгмийн асуудлыг нь ч анзаарч харах нь зүйтэй.

Энэ удаагийн багш нарын баярыг “Багш нарынхаа талд бат зогсъё!” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж буй аж. Гэв чиг багш нарын төлөө төр засаг бат зогсох нь битгий хэл төмөр нүүрээ харуулсаар байна.

Ингэж шулуутган бодох шалтгаан бий. Өнгөрсөн жилийн өдийд багш нар түүхэн дэх хоёр дахь удаагийн том жагсаалаа хийсэн. Тэд анх 1995 онд жагсаж, цалингаа нэмүүлэхийг шаардаж байж. Жагсаал нийт 143 хоног буюу дөрвөн сар 23 хоног үргэлжилсний эцэст Засгийн газар багш нарын тавьсан болзлыг хүлээн зөвшөөрч байжээ.

Өнгөрсөн жилийн тухайд багш нар аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл ажил хаясан. Дөнгөн данган сар хүрэхгүй хугацаанд л өөрсдийнхөө төлөө жагссан. Ингэхдээ өөрсдийн хүссэн 3.5 сая төгрөгийн цалингаа бус Засгийн газраас тулгасан үе шаттайгаар нэмж 2.8 сая төгрөгт хүргэнэ гэсэн шийдвэрийг даган ажил хаялтаа зогсоосон. Хүссэн үр дүндээ хүртлээ ажил хаялтаа зарлаж чадаагүй нь учиртай. Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь “Хууль бусаар ажил хаясан гэж үзвэл шүүх дээр ажил хаясан багш нарын цалингийн асуудал яригдана. Турхирч, удирдаж байгаа хүмүүс нь болгоомжтой хандах ёстой" гэх сүрдүүлсэн үгсийг чулуудсан юм.

Энэ нь багш нарын хүсэл зоригийг мохоож, өөрсдийнхөө төлөө эцсээ хүртэл тэмцэж чадалгүй дуусгасан гол шалтгаан нь гэхэд хилсдэхгүй. 1995 оных шиг хүссэнээрээ жагсах эрх ч тэдэнд үлдээгүйг эл үйл явдал харуулдаг.

Гэтэл өнөөдөр Засгийн газар багш нарын үндсэн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх амлалтдаа хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байна. 2026 оны тавдугаар сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмсэн. Үргэлжлүүлээд ирэх арваннэгдүгээр сард дахин нэмэгдэл олгож байж багш нарт амласан 2.8 сая төгрөгийн цалинтай болгох амлалтаа биелүүлнэ.

Атал өнөөдөр төсвийн тодотголын маргаан, гацаанаас үүдэж багш нарын цалинг цаг хугацаанд нь олгоход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Холбогдох албан тушаалтнууд нь үүнд тов тодруун хариулж чадахгүй тойрч зугтсаар байгаа. Засгийн газрын амлалт үүгээр дуусаагүй. Тэд 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, багш нарын заах арга зүйн ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн баталгаа, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлнэ гэдгээ ч чанга дуугаар зарласан. Эдгээр амлалтууд ч үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй.

Хууль эрх зүй, тогтолцооны хувьд багш нарын цалин, нийгмийн баталгааг дээшлүүлэх шийдвэрүүд гарч байгаа ч амьдрал дээр төсвийн тогтворгүй байдал болон инфляцаас шалтгаалан багш нарын тулгамдсан нийгмийн асуудлууд бүрэн дүрмээрээ шийдэгдэж чадахгүй байна. Товчхондоо багш нарын зориг зүрх гарган эхлүүлсэн жагсаал үр дүнд хүрсэнгүй. Засгийн газар тэднийг гоё ганган үгээр хуурч, цонхны цаанаас чихэр долоолголоо. Захын багшаас асуухад л цалин хөлснөө нэмүүлэхийг, Засгийн газрыг амтлалтаа биелүүлхийг харуулдсаар л сууна. “Бухын доодхыг харж үнэг турж үхэх”-ийн үлгэр л болж байна гэх байр суурийг илэрхийлж байна.

Үнэхээр л Монголын ирээдүйд санаа чилээх өчүүхэн сэтгэл байдаг бол төр засаг багш нарыг ийнхүү хөсөр хаяж, итгэл рүү нь ус цацаж болохгүй юм аа. Багш нарын хүрэлцээ, хүний нөөцийн асуудал анхааруулхын тэмдэгтэй хэвээр байгаа гэдгийг төр засаг мартаагүй байлтай.

Ачлалгүй төр засаг, ажлын их ачаалал, эцэг, эхийн эцэс төгсгөлгүй шаардлага дунд бат зогсож, тэсэж үлдэх шалтгаан нь хэдэн бор шавь нар нь л байх шиг. Хэдий болтол бид тэднийг олны хүүхдийн төлөө гэх сэтгэлээр нь уяж ажлуулах вэ. Шавь нараар нь хүлж бат зогсоох вэ.