Монгол Улсад 12 хоног үргэлжилсэн COP17 өндөрлөж, зочин төлөөлөгчид нутаг буцаад сар гаруй боллоо. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 250-300 тэрбум төгрөг зарцуулсан энэ хурлын тайлан тооцоог ил тод болгох, үр дүнг хэмжиж хариуцлага нэхэх ажил одооноос эхэлж байна.Эх орныхоо нэрийг бодсондоо эдийн засаг хүнд элгээрээ газар хэвтэж байхад иргэд нь арилжаа наймаагаа зогсоож, оюутан сурагчид нь сурч боловсрох эрхээ золиосолж, түмэн олноороо түгжрэл бухимдлаа тэвчиж ард нь гарсан. Хоморгонд нь хувийн хэвшил, ТОП компаниуд ч хэдэн арван саяар тоологдох мөнгийг “хоосон” павильон, хандив зэрэгт төлөөд өгөөжгүй үлдсэнийг ил тод хэлсээр буй.
Гэтэл Монгол Улсын байгаль орчны салбарын асуудлыг олон улсын анхааралд оруулна, дэлхийн томчуудыг эх орондоо авчраад зарцуулсан мөнгөө хэд нугалж олно хэмээн ам ангайх бүртээ давтсан COP17 хурлаас манай улсад яг бодитоор хэдэн төгрөг үлдэх вэ гэдгийг хэлэхэд эрт байгаа. Хурлын бэлтгэл ажлын дунд үеэс өндөр түвшний уулзалтууд цуцлагдаж урьж залж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хунтайж нар ирэхээ больсон. Хурлын өдрүүдэд ч урьдчилан бэлтгэсэн сэдэв өөрчлөгдөж, яриа хэлэлцээ хойшлох, үйл ойлголцол үүсэх зэргээр хүндхэн нөхцөлд болсон COP17 хурлаас 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт татлаа гэсэн битүү хатуу тоог Ерөнхий сайдаас эхлээд салбарын сайд нар ч сайрхан ярилаа. Гэхдээ энэ том тооны бодит өгөөж хэд вэ, яг хэдэн доллар нь Монголд үлдэх вэ, хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжихээр баталгаажив гэдгийг нарийн тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, манай дарга нарын яриад буй 5 их наядыг Монгол дангаараа авах уу, COP17 хуралд оролцсон 197 орон, тэр дунд төслөө барьж ирээд санхүүжилт татсан орнуудтай хуваах уу зэргээр алаагүй баавгайн арьсыг булаацалдах эрт байна. Тун удахгүй тодорхой болох биз ээ.

Харин одоо COP17 хурлыг хар толгойгоороо хариуцсан хүмүүс тайлангаа тавина. Үндэсний аудитын байгууллагаас COP17-д хэчнээн төгрөг зарцуулсан, тэр хөрөнгийг хэрхэн төлөвлөсөн, хууль журамд нийцсэн эсэхийг өнгөрсөн сарын эхээр шалгаж эхэлсэн. Үндэсний аудитын газрын санхүү, нийцлийн аудитаар хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хаанаас бүрдсэн, төсөвт хэрхэн тусгасан, хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгахаас гадна санхүүжилт нь ямар үр дүнтэй байсныг үнэлэх юм. Шалгалтад COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооноос гадна Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагыг өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөөд буйг мэдээлсэн. Ингэхдээ 2023-2026 оны хоорондох шийдвэр, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн баримт, худалдан авах ажиллагааны гэрээ болон бусад материалыг нэг бүрчлэн “нэгжиж” байгаа.
COP17 хурлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг даргалж, Ерөнхий сайд Н.Учрал зохион байгуулагч орны тэргүүний хувиар оролцлоо.
Гэхдээ COP17 хуралтай холбоотойгоор хамгийн түрүүнд шалгагдах, АТГ, хууль хяналтын байгууллагад дуудагдах магадлалтай хүмүүс бол Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш. Батбаяр нар. Түр байгууламжуудын барилга угсралт, тендер шалгаруулалт, гэрээ байгуулсан компаниудад давуу байдал олгосон эсэх эдэнтэй хамаатай. Үүнээс гадна хурлын бэлтгэл ажлын төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагаа, дотоод гадаадын санхүүжилтийг нэгтгэн зангидаж байсан гол гүйцэтгэгчээр Ажлын албаны дарга Д.Гантуяа ажилласан.

Түүнчлэн хурлын үеэр тэрбумын зардал гаргасан хэмээн шүүмжлүүлж, өдгөө хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд буй олон нийтийг мэдээллээр хангах ажил шалгалтын багагүй но-той хэсгийг бүрдүүлнэ. Энэ ажлыг хариуцаж Үндэсний хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хорооны даргаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргын хувиар Б.Төгсбаяр ажилласан. Хэдийгээр өмнөх үеийн гэрээнүүдийг ил болгосон гэж мэдэгдсэн ч тус дэд хороог удирдаж, зардлыг баталж, гүйцэтгэлийг хянаж байсны хувьд хэвлэл мэдээллийн мөнгө угаалт, давуу байдал олгосон эсэх асуудлаар тайлбар өгөх гол хүн.
Дээрх албан тушаалтнууд аудитын шалгалтад бүдрэх эсэхээс шалтгаалж АТГ-т дуудагдах уу, алга ташуулах уу гэдэг нь тодорхой болно. Мөн цаашдынх нь улс төрийн карьерт цэг тавих уу, шат болж өгөх үү гэдэг ч хамаарна.
Ер нь ижил төстэй өмнөх туршлагаас харахад АСЕМ зэргээр өндөр мөнгөн дүнтэй аливаа арга хэмжээ болгоны ард хариуцлагын асуудал хөндөгдөж, хууль хяналтын байгууллагад шалгагддаг жишиг манайд тогтсон. Тиймээс COP17-д зарцуулсан татвар төлөгчдийн мөнгөний үр өгөөж ямар байв гэдгийг харцгаая.
Үргэлжлэл бий...







.jpg)
.jpg)


.jpg)


