Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян орон даяар үргэлжилж байна. Тус хөдөлгөөний хүрээнд аймгууд 78, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 50, төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага 12, нийт 140 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна. Мөн өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 113.8 сая тарьц, суулгацын, 21.6 тонн үрийн нөөц бүрдүүлж, 1264 ойн инженер, 6,354 ойжуулагч, техникч бэлтгэжээ. Ойн салбарт 650 гаруй мэргэжлийн байгууллага байдгийн 43 хувь нь мод үржүүлгийн чиглэлийнх аж.
Тэгвэл “тэрбум мод”-ыг нэрэндээ оруулсан төрийн бус байгууллага цөөнгүй байгааг нээлттэй мэдээллийн эх сурвалжаас харж болохоор байна. Дараах байгууллагуудаас хамгийн анх буюу 2019 онд үүсгэн байгуулагдсан нь “Нэг тэрбум мод” холбоо аж. Харин хамгийн сүүлд буюу энэ оны нэгдүгээр сард “Тэрбум мод хөдөлгөөн” холбоог байгуулжээ.
1. “Тэрбум мод холбоо” НҮТББ
2. “Тэрбум мод хөдөлгөөн холбоо” НҮТББ
3. “Нэг тэрбум мод холбоо” НҮТББ
4. “Тэрбум мод үндэсний хөтөлбөр холбоо” НҮТББ
5. “Баянногоон тэрбум мод хоршоо” хоршоо
6. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”
7. “Ногоон тэрбум мод ногоон сан холбоо” НҮТББ
8. “Тэрбум мод ургуулах баян элстэй холбоо” НҮТББ
9. “Тэрбум мод тэнгэрт биш, газарт ургадаг холбоо” НҮТББ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор аравдугаар сард нь тус хөдөлгөөнийг албан ёсоор зарлаж, орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дараахан буюу мөн оны 12 дугаар сард “Тэрбум мод ургуулах баян элстэй” холбоо улсад бүртгүүлсэн бол 2022 онд дөрвөн ч төрийн бус байгууллага бий болжээ. Тэдгээрийн нэг буюу 2022 оны наймдугаар сард байгуулагдсан “Тэрбум мод” холбоог Төрийн тэргүүнийг тойрон хүрээлсэн хүмүүс үүсгэж.
Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Шадар туслах байсан, өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалт, үйл ажиллагааны газрын дарга Г.Гандөл, тухайн үед Төрийн тэргүүний ахлах зөвлөх, одоо УИХ-ын гишүүн С.Лүндэг нар үүсгэн байгуулсан байна.
Харин өдгөө “Тэрбум мод” холбооны Удирдах зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч байсан Ө.Золбаяр ажиллаж байгаа бол эцсийн өмчлөгчөөр Өлзийсайханы Мөнгөнцэцэгийг бүртгэжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард байгуулагдсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг арилжааны банкуудаас гадна МҮХАҮТ, Монголын банкны холбоо, МИК, “Лэндмн”, “Таван богд финанс” зэрэг банк бус санхүүгийн байгууллага хамтран эзэмшдэг. 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулах зорилт бүхий тус хөдөлгөөний хүрээнд дээрх сан 3.4 сая мод тариад буй аж.










.jpg)
.jpg)



