Манай дулааны цахилгаан станцууд жилд нэг сая орчим тонн үнс ялгаруулж, 70-90 хувийг нь үнсэн санд хуримтлуулж байна. Барилга болон замын салбарт ашиглаж болох үнэт түүхий эд үнсийг үндсэндээ эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй гэсэн үг. “ДЦС-4”, “Амгалан” станц л хуурай үнсээ цементийн үйлдвэрт нийлүүлж 1.2 тэрбум (өнгөрсөн жилийн байдлаар) төгрөгийн орлого олсон бол бусад нь үнсээ зайлуулж ч чадахгүй байна. Гэхдээ дээрх хоёр станцын борлуулсан үнсний хэмжээ нь маш бага.
“ДЦС-4” өнгөрсөн онд 53.3, “Амгалан” 3.5 мянган тонныг л худалдаж.
Гэтэл үнс зайлуулахад улсын төсвөөс жилд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг гэнэ. 1961 онд ашиглалтад орсон “ДЦС- 2"-ын үнсэн сан нь 90-95 хувийн дүүргэлттэй, цаашид үнсээ “ДЦС-4” рүү шилжүүлэх судалгааг хийж байгаа бөгөөд тэд жилд 200-600 сая төгрөгийг зөвхөн үнс зөөвөрлөхөд зарцуулдаг аж. “ДЦС-3"-ын хувьд 57 жилийн хугацаанд зургаан үнсэн сан ашигласан бөгөөд сүүлийнх нь 2027 онд дүүрэх гэж байна. Иймд Эмээлт орчимд 55 га талбайтай үнсэн сан барихаар төлөвлөж, газрын асуудал нь шийдэгдсэн ч хуурай үнс ялгах төхөөрөмж, цахилгаан болон уутан шүүлтүүр суурилуулах зэрэгт нийт 70 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Ер нь л хөрөнгө мөнгөнөөс болж ажил нь гацжээ.
Нөгөө талаас үнсийг цементийн түүхий эд болгон ашиглах гэхээр үнэтэй байгааг үйлдвэрлэгчид хэлж байна.
Үнсийг 50 мянган төгрөгөөр худалдан авснаас шохойн чулууг 25 мянгаар авсан нь тэдэнд ашигтай.
Тэгээд ч тендерт нь оролцохоор шалгардаггүйг хувийн хэвшлийнхэн хэлж буй. Харин үнсний ченж нараас болж үнээ өсгөдгийг “ДЦС-4”-ийн удирдлага хэлдэг.
Бас нийслэлийн хэмжээнд үнсэн овоолгын хэмжээ 100 га газарт хүрчээ. Үнс нь цементээс хоёр дахин нарийн ширхэгтэй тул иргэдийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Гэвч үүнийг судалж, тооцсон зүйл өнөө хэр үгүй.