Мөнх цас доороосоо хумигдан хайлах үйл явцыг "огшилт" гэж нэрлэдэг аж. 1945-1989 онд Алтай Таванбогдын мөнх цас 550 метрээр огшсон бол 1989-2000 онд 185 метрээр дээшилжээ. Манай уулсын мөнх цас жилд 12-17 метрээр огшиж, жилээс жилд хайлах хэмжээ нь нэмэгдэж байна гэсэн үг. Ялангуяа Хөвсгөл болон Хэнтийн нуруунд энэ үйл явц хүчтэй өрнөж, Монголын өндөр уулын экосистемд амьтдын тархалтыг тогтвортой барьж байдаг үндсэн физик орчин болох цас, мөс, мөнх цэвдэг, хөрсний чийг, богино ургалтын улирал нь өөрөө өөрчлөгдөж байгаа мэргэжилтнүүд анхааруулж байна.

Дэлхийн дулаарлын нөлөө дээр, дооргүй илэрч байгаа нь энэ. Өндөр уулс, мөнх цаст оргилууд орь ганцаар дүнхийдэггүй. Амьтан, ургамалтайгаа хамт өөрийн гэсэн өвөрмөц экосистем тэнд бүрдсэн байдаг. Жишээ нь, ирвэс зөвхөн хад, асга бүхий ууланд байхаас тайгын өндрийг эзэгнэдэггүй. Харин хүдэр өндөр уулын амьтан ч түүнтэй тайгад л таарах боломжтой. Өөрөөр хэлбэл, өндөр уулын бүсийн амьтан, ургамал өөр өөрийн орон зайд зэрэгцэн оршиж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж ирж.

Манай орны тухайд Хэнтий, Хангай, Хөвсгөл, Монгол Алтай болон говийн Алтайн гэсэн өндөр уулсын дөрвөн том систем оршиж буй.

Эдгээр нь Монголын газар нутгийн хэмжээнд харьцангуй бага орон зай эзлэх ч манай нийт ховор амьтан, гадаргын усны эх үүсвэр болдог онцлогтой. Гэвч дулаарлын улмаас хуурайшин цөлжиж буй тул уулын хормой, бэлээрх мод, ургамал халзран шингэрч, өндөр өөд өгсөн түрж ургаж байна. Амьтад ч мөн адил. Ийнхүү бүх амьтан, ургамал температурын өөрчлөлтийг даган дээш шилжих тусам орон зай хязгаарлагдмал болж, тэр хэрээр давжааран жижгэрч, эцэстээ оргилд нь тулаад мөхөж, үгүй болоход хүрнэ.

Үүнийг шинжлэх ухаанд “уулын оргилын мөхөл” хэмээдэг.

Магадгүй тэнд туйлын амьтад л тэсэж үлдэх биз. Ноцтой нь, Монголын дулаарал дэлхийнхээс хоёр дахин өндөр байна. Түүнчлэн 1970-2020 онд буюу сүүлийн 50 жилд дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73 хувиар буурчээ. Манайд гэхэд соргог бөхөн, тахь байгальд устаж, цөөвөр чоно зөвхөн цаас, дүрсэнд үлдэж, бүрмөсөн үгүй болов.  

Ирвэсээр жишээ авъя. 2017-2020 онд Монгол орны цоохор ирвэсийн тоо, нөөцийг тогтоосноор шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа хийсэн анхны улс болсон бөгөөд судалгааны арга, аргачлал нь цоохор ирвэс бүхий улс орнуудад сайн туршлага болж байна. Улмаар тоо толгой нь бага боловч тогтвортой өсөж, өдгөө манайд нас биед хүрсэн 953 ирвэс бий гэж салбарынхан нь хэлдэг.

Эл амьтан Төв Азийн 11 оронд бий бөгөөд тэд далайн түвшнээс дээш 3500-4300 метрт хамгийн их тархаж байна. 2070 он гэхэд тэд үүнээс даруй 100 метрийн өндөрт амьдрахаас өөр аргагүйд хүрэх тооцооллыг эрдэмтэд хийжээ.

Хад асга нь бий авч халуунаас дайжин дээшлэх л зам үлдэх нь, тэдэнд. Ийнхүү уулс мөнх цас, амьтан, ургамалтайгаа огшин дээшилж байна. Энэ хэрээр амьд байгаль, ан амьтан биднээс алсарч буй хэрэг. Хүн, байгалийн хүйн холбоог шүтэж ирсэн монголчуудын хувьд үүнийг илүүтэй мэдэрч, бэлд нь бэлчээдэг малаа уул өөд мацуулан мачийж байна. Ер нь тал, хангай гэлтгүй дөрвөн цагийн эргэлтэд дураараа нүүдэг гэгддэг малчдын маань нүүдлийн зай эрс багассан нь анзаарагддаг. Алтайн нуруунд 200-300 км нүүдэллэдэг байсан малчид өдгөө арав, хорин км-ээс хэтрэхгүй болсон нь аанай л уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар юм. Огшиж буй уулсаа даган амьтан нь ч, хүн нь ч асар бага зайд адармаатай хүнд нөхцөлийг сөрж аж төрөхөөс аргагүйд хүрч байна.