Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлантай ярилцлаа.
-Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөхөөр 2024 оноос ажиллаж буй. Эрхлэх асуудлын хувьд ямар чиглэл, ажил хариуцаж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллах санал хүлээн авсны дагуу 2024 оны есдүгээр сараас энэхүү нэр хүндтэй албыг хашиж байна. Эрхлэх асуудлын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, тэр дотроо “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг түлхүү анхаарч ажилладаг. “Цагаан алт” бол малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой хөдөлгөөн. Үүнтэй холбоотойгоор малчид, мал, бэлчээртэй холбоотой асуудлууд хөндөгддөг учраас Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Үндэсний ногоон платформ”-ыг санаачлан эхлүүлээд буй.
Өөрөөр хэлбэл, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн болон “Ногоон лаб” платформын үйл ажиллагаанд илүүтэй төвлөрч ажиллаж байна.
Мөн иргэний нийгмийн хүрээнд зохион байгуулж байгаа хурал, зөвлөгөөнд оролцож, иргэдийн санаа бодлыг сонсох, ирүүлсэн өргөдөл, гомдолд хариу өгөх, хүлээн авч уулзах зэргээр ажил буцалж байдаг даа.

-2024 онд санаачлан эхлүүлсэн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийг хүртэл тус хөдөлгөөний хүрсэн үр дүн, төлөвлөсөн ажлын биелэлтээс та юуг нь онцлох вэ?
-Төрийн тэргүүний зүгээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн цогц санаачилга дэвшүүлэн ажиллаж буй. Товчхондоо, хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол монгол хүн эрүүл гэсэн нарийн уялдаа холбоог үндэслэн үндэсний хэмжээний хөдөлгөөнүүд эхлүүлж, хэрэгжилтэд нь анхаарч ажиллахыг зөвлөхүүддээ тус тусад нь хариуцуулсан. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд гэхэд одоогоор 127 сая модыг бодитоор болон дүйцүүлэн тарьж, ургуулаад байна. Байгальд мод тарихаас урьтаж иргэдийнхээ тархи, зүрхэнд мод тарих ёстой, ингэж гэмээнэ байгалиа хамгаалах үзлийг иргэд, залуу үед суулгах учиртайг Ерөнхийлөгч хэлж ирсэн. Мөн “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлсэн гурван жил хагасын хугацаанд хөнгөлөлттэй, урт хугацааны зээл олгосноор нийт 53 аж ахуйн нэгж шинээр бий болсон байна. Үүний сацуу хүнсний мянга гаруй бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж эхэлж. Бид өөрсдөө дотооддоо хүнсээ үйлдвэрлэх ёстойг цар тахлын үеэр хангалттай ойлголоо. Ер нь хүнс, хувцаснаас авхуулаад үйлдвэрлэгч орон болох ёстойг цаг үеийн байдал, геополитикийн нөхцөл ч харуулж байна.
Иймд УИХ “Цагаан алт” хөдөлгөөнийг 2024 оны зургадугаар сард 63 дугаар тогтоолоор баталж, 2025 оны эхний улирлаас хэрэгжүүлсэн.
Үүний хүрээнд үндсэн дөрвөн чиглэлээр 27 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан.
Юуны түрүүнд, хөнгөн үйлдвэрийн хууль, эрх зүйн орчин дутмаг байгааг сайжруулахаар салбарын яам нь ажиллаж байна. Мөн бэлтгэн нийлүүлэлт буюу малчны гараас эцсийн бүтээгдэхүүн болгох, хүний нөөцийн дутагдал, чадамжийг сайжруулах шаардлага бий. Түүнчлэн экспортын баримжаатай арга хэмжээнүүд хэрэгжүүлэх гэх мэтээр үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон. Ингээд 2025 оноос 2-4 жилийн хугацаатай, 6-9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрүүдэд олгож эхэлсэн.
Өнгөрсөн онд нийтдээ 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 110 гаруй аж ахуйн нэгж авсан байна.
Ингэж эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авснаар дотооддоо түүхий эд бэлтгэх чадамжтай болж байна гэсэн үг. Үр дүнд нь түүхэндээ анх удаа дотоодын аж ахуйн нэгжүүд маань ноос, ноолуураа 70 хувьтай бэлтгэлээ. Өмнө нь түүхийгээр нь л экспортолж ирсэн бол одоо дотооддоо бэлтгээд, эцсийн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээн ажиллаж байна.
Ноолуурыг гэхэд улсын хэмжээнд 100 хувь угаах хүчин чадал суурилагдсан байсан бол 2025 онд бүрэн самнах чадалтай боллоо. Цаашлаад самнасан ноолуураа ээрч утас болгох чиглэлд аж ахуйн нэгжүүд маань ажиллаж байна. Түүнчлэн самнасан ноолуур экспортлох техникийн зохицуулалт хийснээр 2025 онд 335 сая ам.долларын экспорт хийжээ. Үүнийг өмнөх онтой нь харьцуулбал, биет хэмжээ болон мөнгөн дүнгээрээ тав дахин өссөн байна. Арьс, ширний салбарын тухайд улсын хэмжээнд 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдсэн. Ингэснээр нийт 1.1 сая орчим хос гутал үйлдвэрлэх чадалтай болж байна.
Өнгөрсөн оны нэг онцлог ажил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” анхдугаар тэмцээн зохион байгуулсан. 21 аймаг, нийслэлээс 100 гаруй малчин оролцож, гар болон цахилгаан хайчны төрлөөр өрсөлдөн, ялагчид нь Шинэ Зеландад болсон ДАШТ-нд 11 дүгээр байр эзэлсэн.
Энэ онд мөн “Алтан хайч-2026” тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байна.
“Цагаан алт” хөдөлгөөн ноос, ноолуур, арьс ширний салбарын сүүлийн 30 жилд хамгийн том төрийн дэмжлэг болж байгаа
-“Цагаан алт” хөдөлгөөн, хөнгөн үйлдвэрийн салбарын сэргэлтэд тулгарч буй асуудал гэвэл юуг нэрлэх вэ?
-Анхан шатны бэлтгэлийн хүрээнд цогц арга хэмжээ авах шаардлагатай нь харагдаж байгаа. Эхний ээлжинд малаа вакцинжуулах, угаах, ноолуураа ялгах, тоос, шороогүй самнах гэх мэт асуудал байна. Жишээ нь, үйлдвэрүүд Дорнодоос ноолуур авах дуртай байдаг шалтгаан нь их энгийн. Малчид ноолуураа маш цэвэрхэн самнаж, шороогүй түүхий эд хүлээлгэж өгөхөөс гадна өнгө өнгөөр нь ялгачихдаг юм байна. Улсын хэмжээнд 200 мянга гаруй малчин өрх бий. Малчин өрх, малчин бүр үүнийг мэддэг болчихвол тун дөхөмтэй байна. Үүний тулд малчдыг мэдээллээр хангах нь чухал. Ноосны тухайд ч адилхан. Арьс, ширийг ч бас нядалгааны явцад гэмтээхгүй, зүсэж, цоолохгүй бэлтгэх шаардлагатай. Малчдыг мэдээллээр хангахаас гадна сум дундын нядалгааны төв байгуулах нь зүйтэй. Цаашлаад вакцинжуулах ажилтай холбоотойгоор биокомбинатыг ажиллуулахаас эхлээд олон ажил бий.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний тухайд ноос, ноолуур, арьс ширний салбарт сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн том төрийн дэмжлэг болж байгаа. Тиймээс тус хөдөлгөөний хэрэгжилтийг саадгүй явуулах, тогтвортой үргэлжлүүлэхийг өрхийн болон үндэсний үйлдвэрлэгчид хүсэж байгаа.
Тус хөдөлгөөний үр дүнд ноолуурын үнэ өсөхөөс эхлэн малчдын амжиргаанд ч бодитоор эерэг нөлөө үзүүлж эхэлсэн учраас хөдөлгөөнөө үр дүнтэй, тогтвортой үргэлжлүүлэхийг зорьж байна.
Төсөл хэрэгжүүлэгчийг хөрөнгө оруулагчтай холбож, итгэлцлийн гүүр болох нь “Үндэсний ногоон лаб”-ын зорилго
-Манай улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Мөн энэ онд Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж байна. COP17-гоор дамжуулан Монголын ногоон төслүүдийг дэлхийн хөрөнгө оруулалтын урсгалтай холбох “Үндэсний ногоон лаб” платформыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан албан ёсоор нээгээд буй. 2026 онд тус платформоос тогтвортой бэлчээрийн менежментийн шинэлэг төслүүдийг дэмжихээ зарласан байна лээ. “Үндэсний ногоон лаб”-ын ажиллах зарчим болон тэргүүн ээлжинд дэмжих төслүүдийн чиглэлийг хэрхэн тогтоосон талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бид энэ бүхнийг манлайлж, зохион байгуулж ажилласнаар Монголд юу үлдэх вэ гэдэг нь хамгийн чухал. Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь доройтсон байна. Үүнээс 20 хувь нь нэн доройтсон нь маш эмзэглэм тоо. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн Монгол Улсын бус, бүс нутаг, дэлхийн асуудал учраас талууд нэгэн дор чуулах гэж байна. СОP17-ын үеэр маш олон зочин, төлөөлөгч хүлээн авахаар ажиллаж байна. Үр дүнд нь бид гадаадын хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болохын тулд “Үндэсний ногоон лаб”-ыг байгуулсан.

Гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилт хийхийг л эрмэлзэж буй. Ингэхдээ нийгмийн нөлөөллийг нь харгалздаг болсон. Дотоодын арилжааны банкууд ч тэр 2021 онд тогтвортой санхүүгийн хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга дор хийж байсан. Үүний хүрээнд банкууд үүрэг, амлалт өгч, 2030 он гэхэд нийт зээлийнхээ багцын 10 хувийг ногоон болгохоо илэрхийлсэн юм.
2025 оны байдлаар нийт зээлийн багцынхаа таван хувийг ногоон болгож чадсан нь чамлахааргүй үзүүлэлт.
Мөн банкууд 1.8 тэрбум ам.долларын ногоон эх үүсвэр бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын аль алинд нь ногоон санхүүжилтийн эх үүсвэр байгаа. Харин нөгөө талд нь тодорхой шаардлага хангахуйц, бэлэн төсөл алга. Уг нь төслийн санаа, санаачилга бүхий байгууллага олон байдаг ч түүнийгээ бичиж, бэлэн болгох чадамжгүй байгаа нь харамсалтай. Иймд үүнийг хийхэд л “Үндэсний ногоон лаб” дэмжлэг үзүүлэх гээд байгаа юм. Жишээ нь, санхүүгийн моделыг нь гаргаж өгөхөд дэмжлэг үзүүлэх, бусад оролцогч талтай уялдаа холбоог нь сайжруулахад туслах, эсвэл байгалийн үр нөлөөг хэмжихэд туслах гэх мэтээр ажиллана. “Үндэсний ногоон лаб” нь www.nationalgreenlab.org хаягаар аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлүүдийн санал, санаачилгыг дөрөвдүгээр сарын 20 хүртэл хүлээн авсан. Гадаад, дотоодын экспертүүд, мэргэжилтнүүд төслүүдийг сонгон шалгаруулж, наймдугаар сард COP17-гийн үеэр тусгай арга хэмжээ зохион байгуулан, төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулахаар төлөвлөж байна. Үндсэндээ төсөл хэрэгжүүлэгч болон хөрөнгө оруулагч хоёрыг холбож, итгэлцлийн гүүр болох нь “Үндэсний ногоон лаб”-ын зорилго.
“Үндэсний ногоон лаб” нь юуны түрүүнд цөлжилттэй тэмцэхэд байгалийн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээр дэмжлэг үзүүлж болно.
Мөн экосистемийг хамгаалах, бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах зэрэг чиглэлийн төслийг тэргүүлэх чиглэлээ болгож буй. Цаашлаад бэлчээр доройтсоор байвал малын гаралтай түүхий эд болох ноолуур, ноос, арьс, шир байхгүй болох учраас “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилготой ч уялдаж байгаа гэсэн үг.
-Төслүүдэд ямар шалгуур тавьж байна вэ?
-Хамгийн нэгдүгээрт, байгалийн үр нөлөө нь юу байх вэ гэдгийг нь харж байна. Тухайн төсөл эхлэхэд ямар байх вэ, дууссаны дараа ямар үр дүнд хүрэх вэ, багийн туршлага, ижил, төстэй туршлага хэрэгжүүлж байсан эсэх, инновацлаг байдал, технологийн шийдэл, бэлэн байдал гэх мэт шалгуураар оноо өгч сонгон шалгаруулна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан уг арга хэмжээг “Монголын байгалийн өв сан” болон Монголын бизнесийн зөвлөл хамтран хэрэгжүүлж байна.

Ногоон ажлыг хийх зүрх сэтгэл надад бий
-“Үндэсний ногоон лаб”-ыг санаачлан эхлүүлэхэд та нэлээд идэвхтэй ажилласныг нэг бус хүнээс сонссон. Үүнийг эхлүүлэхэд таны ямар туршлага тус болов. Танд “ногоон” ажлын туршлага бий юү?
-Туршлага гэхээс илүү ногоон ажлыг хийх зүрх сэтгэл бий гэж хэлмээр байна. Ер нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах арга ухаан, хүмүүжил, сэтгэлгээ монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд уяатай байдаг гэж итгэдэг. Үүнийгээ гадагш түгээх боломж ч бий гэж хардаг.
Миний хувьд Швейцарьт компанийн нийгмийн хариуцлагын сэдвээр магистрын зэрэг хамгаалснаас эхлээд өнөөдрийг хүртэл ногоон шилжилттэй хамт явж байна.
Ер нь ногоон ажил салбар бүхэнд өрнөж байна. Ногоон шилжилт гэдэг нь тухайн ажлуудын агуулга нь илүү байгальд ээлтэй, эрүүл, эко чиглэл рүү шилжин өөрчлөгдөж байгаа л хэрэг. Бид энэ шилжилтийг зөв удирдаж чадвал ногоон бодлого нь зөвхөн байгаль орчны асуудал биш, харин Монгол Улсыг үйлдвэрлэгч орон болгох бодит боломж юм. Тиймээс миний бие төсөл, хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан зөвлөхийн хувьд хувийн хэвшил, төрийн бус болон олон улсын байгууллагад төсөл хэрэгжүүлж байсан туршлагадаа үндэслэн ногоон эдийн засгийг түлхүү дэмжинэ.
-Та гадаадад хэд хэдэн нэр хүндтэй компанид ажиллаж байсан туршлагаа хуваалцаач. Хаана, ямар мэргэжил эзэмшсэн юм бэ?
-Би 2007 онд Монголын Олон улсын их сургуульд (MIU) Олон улсын бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг эзэмшсэн. Дараа нь магистрын зэргээ гадаадад хамгаалах зорилго тавьж сургуулиудад тэтгэлгийн шалгалт өгөөд Унгар, Швейцарь зэрэг улсын хэд хэдэн сургуулиас “тэнцсэн” хариу авсан юм.
Миний бүр хүүхэд насны мөрөөдөл НҮБ-д ажиллах байсан учраас Швейцарыг сонгож 2012 онд Базель хотын “University of Applied Sciences Northwestern Switzerland” (FHNW) их сургуульд олон улсын менежментийн магистр зэрэг эзэмшсэн.
Ажлын туршлагын хувьд Сингапур улсын “SingTel Telecommunication” компанид бизнесийн мэдээллийн шинжээч, Дэлхийн банканд гүйцэтгэх ажилтан, АНУ-ын Калифорни мужийн Ирвин хот дахь “LTC Solutions” компанид нягтлан бодох бүртгэлийн дадлагажигч ажилтан, Швейцар улсын Женев хотод НҮБ-ын Европын эдийн засгийн комисст дадлагажигч ажилтан хийж байсан. Гадаад улс орнуудад сурч, ажиллаж байхдаа Монгол Улсаа мөн тухайн орнууд шиг өндөр хөгжилтэй болгох юмсан гэж хүсэж, цагаан атаархдаг байлаа. Ингээд 2011 онд Германы Берлин хотод зохиогдсон “Зөгийн үүр” хөтөлбөрийн арга хэмжээнд оролцож байхдаа эх орондоо ирж, сурсан мэдсэнээ зориулахаар эрс шийдэж байсан юм. Монголдоо ирээд УИХ-ын Тамгын газарт референт, “Next Generation Health” ХХК-ийн ерөнхий менежер, “MCS” группийн төр болон төрийн бус байгууллагын харилцаа хариуцсан зөвлөх,, Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал болон зөвлөхөөр ажиллаж байлаа.
-Та ажлаас бусад цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ. “Medium” дээрх бичвэрүүдийг нь уншихад та бясалгал, буддын гүн ухаан сонирхдог шиг санагдсан.
-Буддын гүн ухааны талаар анхны мэдлэг, ойлголтыг аав, ээжээсээ авч байсан. Сингапурт ажиллаж байгаад ирсний дараа аав, ээж хоёр маань бясалгалын зам мөрд орсон байсан нь надад бас нөлөөлсөн болов уу гэж боддог. Би багаасаа өөртөө өндөр шаардлага тавьж, маш их ачааллаар өөрийгөө дарж ирсэн. Энэ нь нөгөө талаараа миний сэтгэлзүйг ядрааж байсан байж магадгүй санагддаг.
Тиймээс аав, ээжийгээ дагаад бясалгалд суралцаж эхэлснээс хойш маш олон сайхан зүйлийг мэдэрч, өөртөө нээж ирсэн дээ.
Одоо ч олон зүйлд шинээр суралцсаар явна.
-Ярилцсанд баярлалаа.


.jpg)











