Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн автомашины зогсоолын эхний 120 минутын төлбөрийг тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөнүүдээс авахгүй байх шийдвэр гарсан. Ийн зогсоолын төлбөрөөс хөнгөлсний улмаас эмнэлгийн ойр орчмын байрны оршин суугчид автомашинаа зогсоолд үнэгүй байршуулж байна гэдэг мэдээллийг хотын дарга Б.Пүрэвдагва өгөөд буй. Гэвч хотын даргын энэ мэдээлэл бодит байдалтай хол зөрж байна. Эмнэлгийн зогсоол дээр ойр орчны байрны оршин суугчид ашиглах нь бүү хэл ороод гарсан өвчтөнүүд ч хөнгөлөлттэй үйлчилгээ авч чадахгүй байна.
Шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч бодит байдал дээр эмнэлэг бүр харилцан адилгүй байдлаар асуудалд хандаж, шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхгүй байна гэдгийг өвчтөнүүд хэлж байна.
Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гадна зогсоол болон таван давхар дулаан зогсоолтой. Эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөн регистрийн дугаараараа бүртгүүлж, зогсоолын 120 минутын хөнгөлөлт эдлэх бичиг авах боломжтой гэх боловч энэ нь зөвхөн гадна зогсоолд л үйлчлэх гэнэ. Харин дулаан зогсоолд авто машинаа байршуулсан бол зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй аж. Энэ талаар тус эмнэлгийн зогсоол хариуцсан ажилтнаас тодруулахад “Гадна болон доторх дулаан зогсоолыг хоёр өөр компани хариуцдаг. Тиймээс тооцоо нь тусдаа бодогддог учир зөвхөн гадна зогсоолын төлбөрийг хөнгөлөх боломжтой” гэв.
Иймд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 5 давхар дулаан зогсоолд машинаа тавьсан өвчтөнүүд цаг тутам нь 3000 төгрөгөөр бодож зогсоолын төлбөрөө төлж байна.
Угтаа төрийн шийдвэр гэдэг цагаан цаасан дээр хараар бичиж, тамга дарсан бол Монгол Улсын хаана ч ижил тэгш үйлчлэх ёстой. Түүнээс чих зөөлөнтэй нь хэрэгжүүлээд “чихгүй” нэг нь оромдоод өнгөрдөг хий хоосон цаас төдий байж боломгүй. Ялангуяа хотын төвд байрлалтай, авто машины зогсоол олддоггүй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд зогсоолын хүрэлцээ гэдэг тун хэцүүг тэр эмнэлгээр үйлчлүүлж үзсэн хүн бүр мэднэ.
Нөгөөтээгүүр эмнэлэг гэдэг өөрөө ашиг олох чиг үүрэгтэй байгууллага биш. Тиймээс ч Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд эндээс үйлчилгээ авах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан болов уу.










.jpg)
.jpg)

