Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан байдаг. Харин энд дурдсан Үндсэн хуулийн заалт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх агуулгатай. Үүнийг 2019 онд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан бөгөөд өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь зургаан жилийн хугацаатайгаар сонгогдон төр тэргүүлж буй анхны хүн юм. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас даруй долоон жилийн дараа, үүнийх нь дагуу сонгодсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа бараг дуусаж байхад Цэц маргаан үүсгэсэн.
Уг маргааныг өнөөдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дөрвөн жил” нь Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж шийдвэрлэлээ.
Иймд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… 4 жил …” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлэв.
Ингэснээр 1993 онд буюу 30 гаруй жилийн өмнө баталсан, анхны бөгөөд хуучин хуулиудын нэг болох Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх ажлыг Цэц эхлүүллээ. Уг нь Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх ажлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулмагц л хийж эхлэх байв. Ингэхдээ Төрийн тэргүүнд өөр бусад хуулиар олгосон бүрэн эрхтэй холбоотой харилцааг цэгцэлж, тодорхойн болгон зааглах ёстой. Харамсалтай нь, үүнийг хоёр парламент дамжуулаад ч шинэчлэх, эсэх нь эргэлзээтэй байна. Тиймдээ ч Төрийн тэргүүнд нэр дэвших насны босго 45 байсныг 50, бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байсныг зургаа болгон өөрчилснийг уг хуульд тусгах ажлыг хийгээгүйгээс болж Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, ийн шийдвэрлэлээ.

Гэхдээ хууль тогтоогчид түдгэлзүүлсэн заалтыг засаад өнгөрөх үү, өвгөн хуулийг бүхэлд нь шинэчлэх үү гэдэг нь эргэлзээтэй.
Уг нь Төрийн тэргүүнээр сонгогдсон нэгэн хүссэн хуулиа санаачилдаг байсныг нь “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэх нэмэлт, өөрчлөлтийг ч Үндсэн хуульд оруулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэхдээ Төрийн тэргүүн ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгөх ёстой байв. Жишээ нь, Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуульд заасан хүрээнд тодорхой бүрэн эрх олгож байхаар зохицуулахын тулд хуулийг нь шинэчлэх шаардлагатай байгаа юм. Тодруулбал, нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тусгасны дагуу хүрээ, хязгаарыг нь хумих шаардлагатай.





.jpeg)



.jpg)





