“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал форум" Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болж байна. Энэ үеэр “Монгол орны уулын туруутны тогтвортой ашиглалт ба хамгааллын менежмент: Боломж ба сорилт” сэдвээр ХААИС-ийн багш, МААХ-ны гүйцэтгэх захирал Э.Магсаржав, БОУАӨ-ийн сайдын зөвлөх Д.Мөнхнаран нар илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлд дурдсанаар, аргаль хонины тархацын 60 хувь, янгир ямааны тархацын 54 хувь, халиун бугын тархацын 10 хувийг хамарсан 319 агнуурын бүс нутаг, менежмент хариуцагч 50-55 байгаа бөгөөд тэд б-7 агнуурын бүс нутаг хариуцаж байна. Мөн нөхөрлөл 50, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө 365 байна. 2024 оны байдлаар 140 орчим сумын төсөвт 14.3 тэрбум төгрөгийн төлбөр, хураамж, дуудлага худалдаа 7,7 тэрбум, БНАТ 14,3 тэрбум, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 2024 онд 2,5 тэрбум орчим сая төгрөг зарцуулжээ.
Wild Sheep Foundation болон Монголын Ан агнуурын холбоо эвэр чип суулгах гэрээ байгуулсан нь хууль ёсны агнасан аргаль хонь, янгир ямааны эврийг тэмдэглэж, хянах систем бөгөөд хууль бус ан агнуур, худалдааг бууруулах зорилготой юм. Түүнчлэн "Янгир ямаа” сэргээн нутагшуулах төслийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр 2023, 2024 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 25 толгой, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 29 толгой янгир ямаа сэргээн нутагшуулаад байгаа аж.
Ингэснээр Архангай аймагт 2024 онд есөн толгой, 2025 онд 12 толгой шинэ төл нэмэгдсэн бол Хөвсгөл аймагт 2024 онд хоёр толгой, 2025 онд найман толгой шинэ төл нэмэгдсэн үр дүн гарчээ.

Харин Монгол орны агнуурын бүс нутгийн цаашдын эрхэм зорилгын талаар ХААИС-ийн багш, МААХ-ны гүйцэтгэх захирал Э.Магсаржав “Агнуурын бүс нутаг нь агнуурын амьтны өсөн үржих нөхцлийг бүрэн хангасан тодорхой шалгуур үзүүлэлтэд нийцсэн байх, менежмент хариуцагч нь тогтвортойгоор өсөн нэмэгдэх үйл ажиллагаатай болсон байх, нөхөрлөл нь өрхийн амьжиргааны нэмэлт орлого нэмэгдэж малын тоо толгой бэлчээрийн даацад нийцэхийн зэрэгцээ агнуурын зүйл амьтны тоо толгой тогтвортой өсөн нэмэгдсэн байх хэрэгтэй. Үүний тулд агнуурын бүс нутагт тавигдах шалгуур үзүүлэлтийг боловсруулан баталгаажуулах, нийтийн эзэмшлийн, тусгай зориулалтын, аж ахуйн эдэлбэр нутгийг ангилах,агнуурын бүс нутгийг гэрчилгээжүүлэх, нөхөрлөлийг гэрээ, гэрчилгээгээр баталгаажуулах.
Агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогын 30-50 хувийг нөхөрлөлийн дотоод засаглалыг сайжруулах, өрхийн амьжиргааг тэтгэх, малын тоо толгойг хязгаарлах, бусад хамгааллын тогтмол арга хэмжээнд зарцуулах хэрэгтэй. Түүнчлэн агнуурын отгийг стандартад нийцүүлэхийн тулд отгийн шилдэг загваруудыг бий болгох боломжтой.
Салбарын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, судалгаа шинжилгээний мэргэжлийн байгууллагыг чадавхжуулах агнуурын бүс нутгийн амьтны популяцийн тоо толгойн хэлбэлзэлийг гаргахын тулд мониторинг судалгааг сар бүр хийж мэдээг нэгтгэдэг, алдааг засдаг, чанрыг сайжруулдаг системд шилжихээс гадна агнуурын бүс нутгийн бодлогыг сайжруулахад зориулагдсан судалгааны мэдээллийн дэд санг бий болгох ёстой” гэлээ.