Төрийн өмчит компаниуд ашиг олохгүй алдагдалтай ажиллаж байгаа хэр нь татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж буйд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Төр засаг ч сүүлийн үед менежер хийх чадамжгүй удирдлагуудыг нь сольж шуурхай арга хэмжээ авч эхэллээ. Тэгвэл төрийн өмчийг “аврах” дараагийн ээлж нийслэлийн өмчит “Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК буюу 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор дээр ирэх бололтой.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Автомашин, худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг тус компани сүүлийн хоёр жилд буюу гүйцэтгэх захирлаар С.Бямбасүрэн томилогдсоноос хойш хэл ам, санал шүүмжлэлээс салахаа болилоо.
С.Бямбасүрэн томилогдсон даруйдаа ажилчдад ажлын байрны дарамт үзүүлэн зарим ажилчдыг бүтэц, орон тооны цомхотголд хамрагдаагүй байхад нь ажлаас чөлөөлсөн. Тодруулбал, Захиргаа, хүний нөөцийн албаны даргыг ажлаас чөлөөлөхдөө их хэмжээний мөнгө, Санхүү эдийн засгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн ажилд ороод удаагүй ажилтанд байгууллагын мөнгөнөөс мөн адил их хэмжээний тэтгэмж олгохдоо хууль бус тушаал гаргаж, төрийн байгууллагын мөнгийг тэтгэмж нэрийдлээр дур зоргоороо тараасан байж болзошгүй. Мөн цаасан дээр нэр нь байдаг ч ажилдаа огт ирдэггүй ажилтанд цалинг бүтэн олгож, түүнийгээ завшиж байж магадгүй зэргээр ноцтой мэдээллүүдийг Хотын дарга Х.Нямбаатарт хүргүүлж байв.
Мөн тэрбээр НИТХ-ын төлөөлөгч нарт 166 төгрөгийн саяын цалин олгосон асуудалд орж, өөрийнх нь орлого нэг жилийн дотор 39 сая төгрөгөөс 154 сая бол 4-5 дахин нэмэгдэж, хадгаламж нь 7 сая төгрөгөөс 111 сая болсныг хэвлэлүүд мэдээлж байв.
Тэгвэл Авто худалдааны цогцолборын гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн дахин Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвын чихнээс хонх уялаа. Учир нь нийслэл дэх Төрийн аудитын газраас нийслэлийн “Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.
Тодруулбал, аудитаар нийт 1.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 712 сая мянган төгрөгийн 1 зөвлөмж, 1,3 тэрбум төгрөгийн 5 албан шаардлага өгчээ.
Тухайлбал, тайлант хугацаанд 628 сая төгрөгийн авлага, өглөгийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, 67 сая төгрөгийн бараа материал, 91 сая төгрөгийн үндсэн хөрөнгө нийт 159 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн.
Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргах бүрд тэтгэмжийг 1-4 сараар олгож нийт 76 сая төгрөгийн тэтгэмжийг хавтгайруулж олгосон. Шилэн дансны мэдээллийг тулган баталгаажуулахад цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын 334,336.0 мянган төгрөгийн 42 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Үүний мөрөөр аудитын байгууллагаас зөрчил арилгах, сахилгын хариуцлага тооцох бичгүүдийг удаа дараа явуулжээ. Саяхан л С.Бямбасүрэнтэй хариуцлага тооцох асуудал хотын хурал дээр өндрөө авсан ч өөрийнхөө хариуцлагагүй үйлдлийг доод тушаалынхаа хүмүүст үүрүүлж уснаас хуурай гарсан гэх. Энэ мэтээр нийслэлийн нэг төрийн өмчит компани л 1.3 тэрбумын зөрчил гаргаж, дураараа дургиж суугаад Хотын дарга хэзээ хариуцлага тооцох бол.
Үргэлжлэл бий...










.jpg)
.jpg)



