Улсын Их хурлын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Аудитын байгууллагад эрх баригчид өөрсдийнхөө хүмүүсийг томилж байгаа учир эрх баригчдын иддэг, уудаг байдал огт өөрчлөгдөхгүй байна. Хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс Аудитын байгууллагыг сөрөг хүчин нь толгойлдог болъё.
Эрх баригчдын гаргаж байгаа зардалд хяналт тавья. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг тэр чигээр нь сөрөг хүчин нь бүрдүүлдэг байя. Тэндээсээ Аудитын удирдлагыг томилдог болох хэрэгтэй.
Аудитын удирдлага нь сөрөг хүчнийхээ хяналтад байж, эх захгүй идэж байгаа эрх баригчдын асуудлыг шийдвэрлэдэг байдал руу очъё. Үндэсний аудитын газар зөвлөн чиглүүлэх л үүрэгтэй. Тэр зөвлөмжийг нь огт хэрэгжүүлдэггүй. Тиймээс Аудитын хуульд өөрчлөлт оруулж, акт тавиад хоёр сарын дотор хэрэгжүүлэхгүй бол хэрэг бүртгэл үүсгээд, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй. Жишээ нь 2028 оны зургаадугаар сард сонгууль боллоо гэхэд сөрөг хүчний зүгээс он дуустал Аудитын газраа удирдах хэрэгтэй. Тэгж байж хамжааргатай болно. Нэг суман дээр АН яллаа гэхэд МАН-аас “Энэ суман дээр ийм хууль бус гүйлгээнүүд гарсан” талаар нь мэдээлдэг. Тэр дагуу нь шалгадаг болох хэрэгтэй. Ийм байдал руу орохгүй бол аудитын хяналт шалгалтын ажил дутуу, мөлгөр байна” гэлээ.







.jpg)
.jpg)


.jpg)


