УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга. Тэрбээр сүүлийн хоёр удаагийн сонгуульд намаа ч ялуулж, өөрөө ч ялж УИХ-д сонгогдсон. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдахад “Надад итгэл хүлээлгэвэл би бэлэн байна” гэж хэлээд барилгын салбарын жолоог атгасан. Энэ нь ч нүдээ олсон хэрэг болж, өмнөх Засгуудын үед эхэлж, хэрэгжүүлсэн төслүүд эхнээсээ үр дүнгээ үзэж, тууз хайчилж, дуусгасан нэр нь Э.Бат-Амгаланд ирж, нэр хүнд нь багагүй өсөөд буй. “Буянтай хүний бух нь хүртэл тугална” гэгчээр түүнийг сайдаар ажиллах хугацаанд барилгын салбарын 100 жилийн ой ч тохиолоо.

Саяхан Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тэрбээр уулзалтын үеэр юм ярьж, гараараа дохиж, зангаж, аягатай цайнаас дахин дахин уусан зэрэг үйлдлээрээ эсрэг талаа үл хүндэлсэн байдал харуулсан хэмээн багагүй шүүмж сонсоод буй.

Ер нь тэрбээр нэг жил гаруй хугацаанд сайдаар ажиллахдаа барилгын салбарын жолоог атгах нь бүү хэл “хаан” суучихжээ.

Учир нь барилгын салбарын булан, тохой бүрд Баянзүрхийн МАН-ын гишүүд үүрлэчихэж. Тэднийг эрхэм сайдтан томилж, дэвшүүлсэн нь тодорхой.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Баянзүрх дүүргээс 10 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаагийн нэг нь АН, бусад нь МАН-ынх. Тухайлбал, тэднээс Х.Нямбаатартай үзэлцээд суудлаасаа “хөөгдсөн” А.Баяр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй. Харин дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайхан хотын даргын орлогчоор томилогдож, Ч.Батзориг Нийслэлийн Засаг даргын Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагчаар ажиллаж байна. Мөн Г.Ууганбаяр төлөөлөгч “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалтай. Гэрлэх ёслолын ордныг сүрхий сэв хийлгэсэн төлөөлөгч Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар буцан томилогдсон бол “Нямбаа даргын хүн” гэгддэг Э.Одонтуяа “давхар дээл”-гүй таваргаж явна. Харин “Баянзүрхийг байтугай Улаанбаатар хотыг хөгжүүлэх инженерийн чадвартай” хэмээн Х.Нямбаатар даргаараа магтуулан баянзүрхийнхний итгэлийг хүлээн сонгогдсон Т.Даваадалай авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж, “аавын хаалга” татахдаа тулаад буй. Цаашлаад 2025 оноос “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Д.Жавхлан саяхан НОСК-ийн захирлаар очсон.

Мөн сонгогдохдоо ч, сонгогдчихоод ч дуугүй байсан Б.Мөнхбаатарыг “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тавьсан зэрэг нь сайдын “татаас” биз ээ.

Баянзүрх дүүргийн ИТХ 43 төлөөлөгчтэйгөөс тав нь АН-аас сонгогдсон, 38 нь МАН-ын гишүүд буюу Э.Бат-Амгалангийн “цэргүүд”. Тэднийг тодруулбал,

Б.Бямбажаргал – “20 минутын хот” хөгжлийн төвийн захирал

Ж.Энхбаатар – ТОСК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга

Ц.Ууганбаяр – Хөрөнгийн удирдлага, ашиглалтын газрын дарга

Э.Доржбал – Төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийн газрын дарга

Н.Тулга – “Солонго 1, 2” төслийн ерөнхий менежер

Ж.Батболд – Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, бүс нутаг, суурьшлын хөгжлийн газрын дарга

Б.Булганхүү – Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, инновацын хэлтсийн дарга

Л.Нямдаваа – НОСК-ийн Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

Барилгын салбарын улс, нийслэлийн харьяа томоохон байгууллагуудын дарга нарын суудал Э.Бат-Амгалангийн цэргүүдээр ийн дүүрчээ. Цэрэг нь бас “цэргүүдээ” дагуулж очсон нь тодорхой биз.