“Хужирт цагаан” ХХК-ийн захирал Г.Хаянхярваатай ярилцлаа.
-Шар сүүний чихрийг хэрхэн үйлдвэрлэдэг юм бэ?
-Шар сүү хэмээх уураглаг идээгээр иргэдийнхээ шим тэжээлийг нөхөх зорилгоор 2017 онд өрхийн хэмжээнд үйлдвэрлэлээ эхлүүлсэн.
Сүүг ээдүүлэн шар сүү гаргаж авдаг. Сүүнд гурван төрлийн уураг байдаг бөгөөд казейн нь ээдэмдээ шингэж, альбумин, глобулин нь тунаж үлддэг.
Монголчууд эртнээс ээзгийг “элэгний эм” хэмээж, шар сүү ууж туулгаж ирсэн. Шар сүү нь бяслагны, сүүн хуруудны, аарцны болон тарагны гээд хэд хэдэн янз. Хамгийн зөөлөн буюу исээгүй шар сүү бяслагнаас гарган авч, хатаамал хийдэг. Тараг болон аарцны шар сүүгээ аарцтай хольж ааруул үйлдвэрлэдэг. Сүүнд агуулагддаг лактолаз чихэр шар сүүнд ч өндөр байдаг учраас исэлтийг нь тааруулан шар сүүний чихэр хийдэг. Дээр үед чихрийн шижин, элдэв төрлийн хавдар одоогийнх шиг олон тохиолддоггүй байсан нь ямар ч орлуулагчгүй хүнс хэрэглэж байсантай нь холбоотой. Бидний хувьд чихрээ бурам, хушга, чацаргана, цангис зэргээр баяжуулан зургаан төрлөөр үйлдвэрлэж байгаа. Мөн бид эртнээс сүүний шимт бодисыг алдагдуулахгүй боловсруулдаг нь монголчуудын том давуу тал юм. Бас дөрвөн улирлын турш хэзээ, ямар хүнс идэх вэ гэдгээ монголчууд мэддэг.
Өөрийнхөө хийснийг өмс, ид

-Шар сүүний чихрийг ийм олон жилийн өмнөөс үйлдвэрлэсэн гэж санасангүй.
-Анх хоногт 100 литр сүү боловсруулах цехээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн л дээ.
Ингэхдээ эхлээд шар сүүний болон сүүн чихэр, хатаамал, сав, баглаа боодол, боловсруулах технологидоо патент авсан.
Ингээд өдгөө 30 ажилчин, 100 гаруй малчинтай хамтын хөдөлмөрөөр хоршиж, Өвөрхангай аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бид одоо хоногт тонн сүү боловсруулж байгаа. Хойтон гэхэд хоёр тонн сүү боловсруулахаар бэлтгэж байна. Ер нь өөрийнхөө хийснийг өмсөж, идэж гэмээнэ бид давуу талаа тодотгож, эрүүл аж төрөх үндэс, сууриа бэхжүүлнэ шүү дээ. 1990-ээд оныг хүртэл хүн бүр дээл өмсөж, дээс томж, тугалаа хариулан, малынхаа баасаар аргал, хөрзөнгөө бэлддэг байсан. Энэ хэрээр үхэр мал нь номхон, уналга эдэлгээнд ашигладаг, чөдөр, ногтоо өөрсдөө зангидаж чаддаг байсан. Харамсалтай нь, жил ирэх бүр үнээгээ саахаа больж, томсон дээс ховордож, дээл өмсдөг хүн цөөрлөө. Үндсэндээ зэл байхгүй болж, үхэр мал нь зэрлэгшээд ирэхээр таван хошуу малаа зөвхөн махны чиглэлээр ашиглахад хүрч байна. Нүүдэлчин монголчуудын хувьд сааль сүүгээ боловсруулахаас хойш сууж хэрхэвч болохгүй.
Нөгөө талаас аливаа орон нутаг өөрийн гэсэн брэндтэй байж гэмээн түүнийг нь дагаж аялал жуулчлалаас авхуулаад олон салбар хөгжих учиртай. Тиймээс ч “Таван тансаг” гэр сүлжээ дэлгүүрээ үүсгэж, өөрсдийн органик бүтээгдэхүүний онцлогийг сурталчлан худалдах болсон. Анх гэр дэлгүүрээ нээхэд болохгүй, бүтэхгүй гэсэн шүүмжлэл нэлээдийг сонсож байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам монгол идээ, ундааны үнэ цэнийг монгол гэр нь илүү тодруулж буйг олон хүн ойлгож, анзаарсан гэдэгт итгэлтэй байна. Энэ гэрийг гэхэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Дэвшилтэт гэр” компани урлаж, тавилгыг нь бас манай аймгийн Богд сумын “Нүүдэлчин сэрэхүй” компанийнхан хийсэн бол эдгээр уран зураг нь Өвөрхангайн залуу зураачдын бүтээл юм.
Анх Өвөрхангай аймагтаа буюу компанийнхаа дэргэд яг ийм “Таван тансаг” дэлгүүрээ нээсэн бол Хархорин, нийслэлд гээд таван салбартай болоод байна.
-Танай үйлдвэрлэлийн онцлог юу вэ?
-Дэлхийн зах зээлд бэлчээрийн, эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйн сүүнээс гадна ургамлын, хуурай, орлуулагч гэсэн хэд хэдэн төрөл бий. Хүмүүс сүү л гэж мэдэхээс нарийн ялгааг нь тэр бүр мэддэггүй.
Бидний давуу тал бол бэлчээрийн мал аж ахуй буюу шимт чанар өндөртэй сүү юм.
Зуны гурван сард нөөц сүүгээ бэлдэж, жилийн дөрвөн улиралд боловсруулж байна. Уламжлалт мал аж ахуй учраас байгальд хор нөлөөгүй, хаягдалгүй. Дэлхийн том үйлдвэрүүд шар сүүгээ шууд байгальд асгаснаас болж нэлээд бохирдол үүсгэдэг юм билээ. Харин бид шар сүүгээ бүрэн ашиглаж байна. Хусмыг нь хүртэл хаялгүй малаа тэжээж байна шүү дээ. Тиймээс ч манайх шугамын үйлдвэрлэл биш. Жирийн малчин ч энэ үйлдвэрлэлийг явуулах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэр хагас механик гэсэн үг. Хатаамал хийх, чихрийн цаасаа боох зэргийг машинаар хийж, гол үйлдвэрлэлээ тогооноос тогоо дамжуулан гар ажиллагааны тусламжтайгаар гүйцэтгэдэг. Түүхий эд маань цэвэр сүү учраас үйлдвэрлэлийн технологи болон техник хэрэгслээ нийцүүлж, эвлүүлэх шаардлагатай.
Анх цехээ ажиллуулахад шар сүүн бүтээгдэхүүний стандарт ч байгаагүй
-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?
-Хөдөө аж ахуйн таваар судлаач мэргэжилтэй. ТББ-д багшилж байгаад үйлдвэрээ эхлүүлээд бараг арван жил болох гэж байна. Ер нь хэдэн үеэрээ мал маллаж, сааль сүүгээ боловсруулж явна. Гэхдээ айл болгоны архи өөр гэдэгчлэн өвгөдөөс өвлүүлсэн арга, технологи, онцлогийг шингээн ажиллахыг зорьж байна. Мэдээж шинжлэх ухаан, шинэ технологийг судалж, харгалзах учиртай.
-Бүтээгдэхүүний нэр төрлөө цаашид нэмэгдүүлэх үү?
-Цаашид олон улсын стандартад нийцсэн үйлдвэр барьж, таван хошуу малынхаа сүү саалийг нутаг нутгийнх нь онцлогт тааруулан боловсруулах зорилготой ажиллаж байна. Ер нь бүтээгдэхүүнүүдээ байгалийн цэвэр түүхий эдээр хийж байгаа учраас урт хугацаандаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн агуулгыг илүүтэй тээх болов уу. Бид цөөхүүлээ учраас олдоц нь арвин байгаа юм шүү дээ. 30 сая хүнтэй улс орны иргэн байсан бол та өдөрт шар сүүний чихэр, хатаамлаас нэг, хоёрхон ширхэг хэрэглэж л ашигтай бактериа дэмжинэ гэсэн үг.

-Ярилцлагын эхэнд та бүтээгдэхүүнүүддээ патент авсан тухайгаа хэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шар сүүний болон сүүн чихрийн патентыг сав, баглаа боодол, технологид нь авч, ашигтай загварын гэрчилгээг эзэмших болсон. Санаатай болон санамсаргүйгээр Оюуны өмчийн тухай хуулийг зөрчиж, бие биенээсээ хуулж, хуулбарлах явдал гардаг юм байна. Бусдаас шууд хуулбарлаж, зах зээлийг нь булаах, анхдагч бүтээгдэхүүний шинж чанарыг алдагдуулах явдал бусад улс оронд ч гардаг. Гагцхүү холбогдох хууль журмыг нь мөрдүүлж, шаардлагатай бол хариуцлага тооцож байна уу гэдэг нь харилцан адилгүй байх шиг. Бидний хувьд бизнесийн ёс зүйг ямарг баримтлахыг хичээж ирсэн. Тиймээс ч бусадтай харьцуулахад бидний үйлдвэрлэл жижиг байлаа ч зах зээлээ хамгаалж, оюуны өмчөө дээдлэх ёстой. Бүх зүйл цаг хугацаатай. Чанараараа үргэлж ялгарна.
Бид Монголын уламжлалт цагаан идээ боловсруулах технологиор хамгийн анх шар сүүний чихэр үйлдвэрлэснээрээ үргэлж бахархана. Анх цехээ ажиллуулахад шар сүүн бүтээгдэхүүний стандарт ч байгаагүй юм шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.


.jpg)













