Дэлхий нийтээр геополитикийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшгаас үүдэлтэй хувьсал өөрчлөлттэй холбоотойгоор цоо шинэ сорилтуудтай нүүр тулсаар байна. Нэг талд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, дайн, зэвсэгт мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, нийгэм-эдийн засгийн цочрол зэрэг олон хямралт байдал бий болж байгаа ч нөгөө талд хүмүүнлэгийн үйл ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр хумигдаж, хандивлагч донорууд тэргүүлэх чиглэл, “бодлоо” өөрчилж буй эгзэгтэй цаг үед тулж ирлээ.
Тиймээс, бодит байдалд дасан зохицохын тулд бүхий л улс орнуудын улаан загалмайн нийгэмлэг, хүмүүнлэгийн зүтгэлтнүүд цоо шинэ арга зам, гарц шийдлийг эрэлхийлэхээс аргагүйд хүрч байгаа юм. Ийнхүү гамшиг ослын үед ард иргэдэд тусламж хүргэх сайн үйл, нийгэмд оруулж буй хувь нэмрээ тасалдуулахгүйн тулд хэн ямар оновчтой хамтын ажиллагаа, үр нөлөөтэй менежмент нэвтрүүлж буй нь яг энэ цаг үед хамгийн шилдэг туршлага болоод байна. Тиймээс дэлхий нийтээр үүссэн хямрал, шинэ сорилтыг даван туулах, дасан зохицох “Дэлхийн гамшиг, хямралын үеийн ажлын хэсгийн уулзалт"-ыг МУЗН Ази Номхон далайн бүсээс анх удаа эх орондоо хийж буйгаараа онцлогтой. Өмнөх хурал Шведийн нийслэл Стокхольмд болж байв. Харин эдгээр өдрүүдэд дэлхийн 32 орны төлөөллийг хамарсан Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний төлөөлөл Монгол Улсад хуралдаж бүс нутгийн болон олон улсын түвшинд инноваци, түншлэл, харилцан туршлагаа солилцож, шинэ санал санаачилгуудаа ярилцаж байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлал өндөртэй гэдгийг харуулж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад гамшгийн төрөл зүйл бүрээрээ хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Ийнхүү хүмүүнлэгийн салбарын шинэ сорилт болж жил ирэх тусам гамшиг, осол нэмэгдээд байтал эсрэгээрээ санхүүжилт хумигдаж, уур амьсгалын өөрчлөлт шинэ төрлийн гамшгийг бий болгож буйд улс орнуудын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөллүүд санаа зовинож, гарц шийдэл эрэлхийлж байгаагаа хэллээ.
-Японы олон улсын гамшгийн удирдлагын газрын дарга Masako Kataoka: Сайн дурынхан ард иргэдэд туслахаас гадна хөрөнгө босгох гүүр болдог
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр аадар бороо, хуй салхи, хэт халалт нэмэгдэж байна. Урьдчилж харж таамаглаж бэлтгэл хангахад улам хэцүү болж байгаа учраас гамшиг ослын үед юу хийх талаар сайн дурынхан, хүүхэд залуусаар дамжуулж олон нийтэд ойлголт мэдээлэл өгөхөд түлхүү анхаарч байна. Дэлхийд нүүрлээд буй хямралыг даван туулахад хүмүүнлэгийн санхүүжилтээс гадна сайн дурынхны нөөц маш чухал. Сайн дурынхнаа чадавхжуулах, илүү олон хүнийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулахад анхаарч байна.
Эдгээр сайн дурынхан маань гамшиг ослын үед ард иргэдэд туслах хамгийн чухал үүрэг гүйцэтгэхээс гадна олон нийтээс хөрөнгө босгох гүүр болж ажилладаг. Дэлхий даяар хүмүүнлэгийн хямрал болж байгаа бол нөгөө талд хэрэгцээ ихэсч байгаа учраас үр нөлөөтэй ажиллах шаардлагатай.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа: Төр засгийн газраас дэмжлэг хүсэх, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагатай хүмүүнлэгийн тогтвортой түншлэл бий болгох шаардлага тулгарч байна

-Монгол орны хувьд ч уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй гамшиг, хямралын сорилттой тулгарч байна. Энэ шинэ нөхцөл байдлын тогтворгүй үед яаж хүмүүнлэг, гамшгийн хариу арга хэмжээ авах сангаа бүрдүүлэх үү, санхүүжилтийн шинэ механизм, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг бүс нутгийн болон дэлхийн түвшинд яаж сайжруулах вэ гэдгийг хэлэлцэж байна. Олон улсын улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний гамшиг хямралын асуудал хариуцсан ажлын хэсэг анх удаа ази номхон далайн бүсэд Монгол Улсад хурлаа хийж байна.. Жил бүр тодорхой асуудлуудыг дэвшүүлж хамтран ажилладаг. МУЗН зуд, үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ төрөөс санхүүжилт авдаггүй. Харин хөрөнгө мөнгө босгохын төлөө дотоод, гадаадын улаан загалмайн нийгэмлэг, холбоо, хороодтойгоо хамтран ажилладаг. Хүнээс мөнгө авна гэдэг тодорхой менежмент, ил тод, нээлттэй хариуцлагатай байдал, асуудлыг шийдэх зөв арга барил, чадавх биднээс шаарддаг. Бид цаашид хүмүүнлэгийн арга хэмжээг авахдаа яаж анхдагч байж хамгийн түрүүнд амь нас, амьжиргааг нь хамгаалах вэ гэдэг хариу арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах арга хэрэгсэл, харилцаа холбоо, бие биенээ дэмждэг ажлын удирдамж чиглэлээ шинэчлэх шаардлагатай байна.
2023-2024 оны зуднаар МУЗН 8.9 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож 12 мянга гаруй малчин өрхөд тусалсан. Үүний 50 хувийг олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн, нийгэмлэг, хандивлагчдаас босгосон.
Цаашид бидэнд бэрхшээл гарч ирж байгаа учраас хөрөнгө босгох, орлого нэмэгдүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангахад төр засгийн газраас дэмжлэг хүсэх, дотооддоо олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын хүмүүнлэгийн тогтвортой түншлэлийг бий болгох шаардлага гарч байна.
-Английн Улаан загалмайн гамшиг хямралын асуудал эрхэлсэн дарга Luke Tredget: Бэлэн мөнгөний тусламжийг түлхүү ашиглаж тээврийн зардлаа хэмнэх байдлаар ажиллаж байна
-Дэлхий дахинд зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор бэлэн мөнгөний тусламжийг түлхүү ашиглаж тээврийн зардлаа хэмнэх байдлаар ажиллаж байна. Мөн эрт хариу арга хэмжээг тооцоолсны үр дүнд гамшиг осол болохоос өмнө урьдчилж тусламж хүргэх нь мөнгө санхүүгээс эхлээд олон талын үр нөлөөтэй.
Өөрөөр хэлбэл, гамшиг осол болж хохирол учирсны дараа биш урьдчилан хариу арга хэмжээ авах чиглэлд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа.
МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа: Уламжлалт хандивлагчдаас гадна үндэсний компаниудтай түншлэх боломжийг эрэлхийлж байна
-Гамшиг хариу арга хэмжээний үед сүүлийн жилүүдэд бэлэн мөнгөний тусламжийг түлхүү ашиглаж байна. Тиймдээ ч МУЗН 2017 оноос эхлэн гамшгийн яаралтай тусламжийн үед бэлэн мөнгөний тусламжийг ашиглаж ирсэн. Монголын нөхцөл байдалд тээвэр ложистикоос эхлээд хөрөнгө мөнгө, цаг хугацаа их зарцуулдаг учраас бэлэн мөнгөний тусламж хамгийн үр нөлөөтэй гэж үздэг. Гамшигт өртсөн иргэдийн хувьд ч илүү нэн тэргүүний хэрэгцээгээ хангахад бэлэн мөнгө илүү үр дүнтэй гэж харж байгаа. Тиймээс энэ цаг үед зөвхөн уламжлалт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хандивлагч байгууллагуудаас гадна хувийн хэвшил, үндэсний компаниудтай түншлэх боломжийг эрэлхийлж байна. МУЗН-ийн хувьд төслийн санхүүжилт 20 орчим хувиар буурсан ч олон талаас нь нөхөх байдлаар гарц шийдэл хайж байгаа.

Гамшиг, хямралын асуудлаарх Хөдөлгөөний ажлын хэсэг нь Үндэсний нийгэмлэгүүд, Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Олон Улсын Улаан Загалмайн Хорооны гамшгийн менежментийн асуудал хариуцсан удирдагчдаас бүрддэг. Энэхүү ажлын хэсэг нь олон улсын хэмжээнд гамшгийн менежментийн хамтын ажиллагаа, удирдлага зохицуулалт, чадавхыг сайжруулах зорилготойгоор тогтмол зохион байгуулагддаг бөгөөд энэ жил "Шинэ санхүүжилтийн нөхцөл байдалд дасан зохицох нь -олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөний гамшгийн менежментийн цаашдын чиг хандлага" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
“Гамшиг, Хямралын үеийн ажлын хэсэг”-ийн уулзалтын үеэр Үндэсний нийгэмлэгүүд туршлагаа солилцох, нөөц боломжоо хуваалцах, ирээдүйд чиглэсэн шинэлэг арга замуудыг санал болгох, Хөдөлгөөний хэмжээнд уялдаа холбоо, эв нэгдлийг бэхжүүлэх чухал платформ болж байгааг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ онцолж байлаа.

