Монгол Улсын нэр хүндийг тив дэлхийд цэнхэр дуулгатнууд л эерэг сайхнаар таниулж байгаа.Тиймдээ ч төрийн тэргүүнээс эхлээд Монголын сайд, дарга нар НҮБ, олон улс гээд гадаад дотоодгүй энхийг сахиулагчдынхаа гаргасан жим мөр, нэр төрийг урдаа барьж ирсэн. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр энэ салбарт энхийн сахиулагчдаараа шоудаж нэр нүүрээ тахалж яваа нь ч олон. Мөн хүний нутагт халуун оронд амь нас, аюулгүй байдлаа эрсдэлд оруулан байж олж ирсэн цалингаас нь Зэвсэгт хүчний хөгжлийн сан нэрээр хурааж аваад хэрхэн гарынхаа салаагаар урсгаж хяналтгүй зарцуулж буйг эдгээр өдрүүдэд олон нийт харж, хурцаар шүүмжилж байна.

Гэтэл яг бодит байдал дээр Монголын төр, Засгийн газар нь НҮБ-ын мандаттай энхийн сахиулагчдаа ч хүний нутгаас татаж авч чадахгүй хүндхэн нөхцөл байдалд орууллаа. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдсан НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны нэгдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн энэ сарын эхээр эх орондоо ирсэн.

Энэ ээлжинд үүрэг гүйцэтгэсэн 250 гаруй энхийг сахиулагч нутаг буцахаар Жуба хот дахь НҮБ-ын дамжин өнгөрүүлэх бааз дээр буусан ч Монгол Улс хугацаандаа татаж авч чадалгүй тэндээ 10 гаруй хоног гацжээ.

Ингэхдээ өдрийн нэг хоолноос өөр хүнсгүй, хэл сураггүй хоригдохдоо өдөр бүр бэлэн гоймонгоор ходоодоо зогоож байжээ. Хэзээ эх орон, гэр бүлдээ буцах нь тодорхойгүй нөхцөлд энхийг сахиулагчид ходоодоо цоортол гоймон идсэнээс заримынх нь эрүүл мэнд муудаж, стресс бухимдалтай өдрүүдийг өнгөрүүлсэн байна. Энхийн сахиулагчид урьдын адил сааталгүй нисээд буучихна хэмээн төлөвлөж бэлэн мөнгө төгрөгөө ч дуусгасныг хэлэх үү хүндхэн өдрүүдийг өнгөрүүлжээ. Цэргийн дамжин өнгөрүүлэх баазын тав тух, нөхцөл байдал ямар байдгийг ихэнх нь мэдэх биз ээ.

Асуудал ингээд дууссангүй. Цэргийн дамжин өнгөрөх бааз дээр гацсан Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны нэгдүгээр ээлжийнхэнтэй солигдохоор Монголоос ниссэн энхийг сахиулагчдаа МИАТ-ийн онгоц хүргэж чадалгүй замдаа 8-9 цаг агаарт саатаж улмаар газардаж чадалгүй эргээд Монгол руу ирсэн байна. Ар гэр, ажил албанаасаа сүр дуулиантайгаар үүрэг гүйцэтгэхээр ниссэн цэргүүд замдаа саатаад хэзээ буцах нь тодорхойгүй ирсэнд гайхах, түгших хүмүүс ч олон байв.

Цар тахлын үед ч цэнхэр дуулгатнуудаа ингэж чирэгдүүлж байгаагүй Монгол Улс, Батлан хамгаалах салбарт энхийн цагт ийм нөхцөл байдал яагаад үүсэв. Хэн хариуцлага хүлээх вэ.

Энэ талаар бид МИАТ ТӨХК-иас тодруулахад “Манай чиг үүргийн хувьд тээвэрлэх ажлаа л хийсэн. Холбогдох яамд, байгууллагуудаас тодруулах нь зөв байх” гэдэг мэдээллийг өглөө.

Харин Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб “Цэрэг тээвэрлэх ажил аюулгүй байдалтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй. МИАТ ТӨХК-иас тодруулаарай” гэсэн юм. Эндээс харвал хоёр гурван хүн ч биш 250 гаруй Монгол цэрэг хүний нутагт дамжин өнгөрүүлэх бааз дээр арав гаруй хоног хоол ундгүй шахам “хоосон” хоригдсон байхад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон МИАТ ТӨХК нэгэн рүүгээ буруугаа бухаж, бултаж сууна. Эцэстээ аль аль нь төрийн л байгууллагууд. Хэн нь хариуцлага алдаж, юу болсныг ярих учиртай. Хэрэв Монголын төр шуурхай хөөцөлдөж, тоож авч хэлэлцэхгүй алгуурлаж байх зуур тэр олон хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирсан бол яах вэ. Үнэхээр Д.Батлут сайдын буруу байв уу, эсвэл “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнгийн алдаанаас болов уу.

Монголын онгоцонд аль улс ямар учраас агаарын хилийн зөвшөөрөл олгоогүй вэ. Энэ нөхцөлд зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам нь шуурхай ажилласан бол 10 хоногоос богино хугацаанд асуудлыг шийдэх боломж байсан уу.

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

‍