Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт  Төрийн ордонд болж байна. Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих талбар  болох юм.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2030 онд бид 1.5 тэрбум мод тарихаар зорьж буй. Бас нийт газар нутгийн 76 хувийг хамраад байгаа цөлжилт, доройтлыг сааруулах ёстой. Эдгээр болон өөр бусад ажлыг хамруулан уур амьсгалын эсрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол Улсад 10 тэрбум ам.доллар шаардлагатай. Манай улсын ДНБ-ий 40 хувьтай тэнцэх эл санхүүжилтийн дөнгөж 10 хувийг нь л баталгаажуулж, эх үүсвэрийг нь тодорхой болгосон.

Тэгвэл үлдсэн 90 хувийг нь хэрхэн босгох вэ?

Санхүүжилтийн хувьд хөгжингүй орнууд 2020 оноос эхлэн жил бүр 100 тэрбум ам.долларыг хөгжиж буй орнуудад олгох амлалтыг хэрэгжүүлэх ёстой. Мөн Уур амьсгалын ногоон санд төвлөрсөн хөрөнгийг үр дүнтэй, шуурхай ашиглах замаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх учиртай. Манай орны тухайд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий улс атлаа энэ чиглэлийн санхүүжилтээс бараг хүртдэггүй. Биднээс өөрсдөөс шалтгаалсан хүчин зүйл буюу энэ зориулалтаар хөрөнгө, мөнгө татах сүлжээг ч хангалттай хөгжүүлээгүй.

Бий болгосон санхүүжилт нь нэгдмэл биш, тус тусдаа гэх мэт цөөнгүй асуудал бий.

Тухайлбал, манай банк, санхүүгийн системийнхэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин 50 сая мод тарихаар зорьж буй аж. Одоогоор гурван саяыг тарьсан бөгөөд дөрвөн сая ам.доллар зарцуулж. Ер нь бол үүнд нийтдээ 62 сая “ногоон” шаардлагатай гэнэ. ХААН банк гэхэд 2030 он гэхэд таван сая мод тарих зорилтынхоо хүрээнд нэг саяыг тарьчихаад байгаа юм байна. Харин хаана тарих, хэнээс зөвшөөрөл авах вэ гэдэг нь санхүүжилт олж, мод тарихаас ч хэцүү, хэдэн сараар үргэлжилсан төвөгтэй ажил байгааг Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хэлсэн.

Ер нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх “замын зураг” үгүйлэгдэж байгааг олон хүн сануулж байна.