Хүүхдийн инээд, шуугиан тасардаггүй эрдмийн өргөөд өнөөдөр нам гүм, сурагчийн ширээ нь хоосон байна. Учир нь улсын сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн багш нар өнөөдрөөс ажил хаяв. Нөгөө талд эцэг эхчүүд ч багш нарын тавьж буй шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж буй. Тиймээс ажлаасаа чөлөө авах нь авч, хүн гуйх нь гуйж аль боломжтой хувилбараар хүүхдүүдээ “аргалж” багш нарийг дэмжиж байна.
Харин үнэхээр харах хүнгүй хаалганы ард цоожлогдоод, эцэг эхээ бүлтийтэл харуулдаж суугаа хэдэн хүүхэд байгаа бол. Эдгээр үрсийн аюулгүй байдлыг хэн хариуцах вэ.
Монголын төр хариуцлага хүлээх үү гэдгийг энд асууя. Тэдэнд тохиолдож болзошгүй гал ус, тог цахилгаан, ахуйн гэмтэл бэртэл, эрүүл мэндийн бусад асуудлыг төр хариуцах уу. Өнөөдрөөс цаг агаар эрс хүйтэрч байна. Эндээс гарах сөрөг үр дагаврууд бас бий. Энэ бүхэнд ямар хариуцлага хүлээх вэ.
Учир нь багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн. 2017 оноос хойш багшийн цалингийн хүрэлцээгүй байдал жил бүр шахуу сөхөгдөж байгаа. Гэвч эдийн засагт нь нэмэр болохуйц нэмэгдлийг шийдвэрлэж чадахгүй аргацааж явсаар өнөөдрийг нөхцөлд хүрсэн.
Багш нарын цалин үнийн өсөлтөө гүйцэхээ байсан гэдгийг статистикийн тоо баримтуудаас ч харж болно.
Харин төр засгийн өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй асуудал нь Монголыг үрсийг эрсдэлд оруулж эхэллээ. Сүүлийн 10 орчим жил яригдаж байгаа энэ асуудалд дорвитой гарц шийдэлд хүргэх, шийдвэр гаргах сайд, төр засаг энэ хугацаанд гарсангүй. Харин тэр хариуцлагагүй төрийн балгийг монголын үрс наандаж сурч боловсрох цаг хугацаагаар төлж байна. Бүр цаашилбал эрүүл мэнд, амь насаараа төлж болзошгүй байна.















