Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртлээ. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хугацаанд олгосон хоёр дахь Монгол Улсын Баатар цол болж байна. Тэрээр 2025 оны 9 дүгээр сарын 4-нд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдаж явсан 105 настай ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын Баатар цол хүртээсэн юм.

Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт дөрвөн хүн, гурван байгууллагад "Монгол Улсын Баатар" цол олгожээ.

Гэхдээ анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат болон Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр нар бүрэн эрхийнхээ хугацаанд нэг ч удаа Баатар цол олгоогүй байна.

Нацагийн Багабанди шинээр тус цолыг олгоогүй ч сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн баатар цолыг бататгасан. Ж.Гүррагчаа нь 1981 онд сансарт ниссэнийхээ дараа БНМАУ-ын баатар цол хүртсэн байсан юм. Харин Н.Багабанди Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа буюу 1997 оны долоодугаар сарын 7-ны өдөр зарлиг гаргаж, шинэ Үндсэн хуулийн нэршлийн дагуу түүний цолыг Монгол Улсын баатар хэмээн албан ёсоор баталгаажуулж, Алтан таван хошуу тэмдгийг нь шинэчлэн гардуулжээ.

Харин дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Баатар цолыг хамгийн их буюу гурван удаа олгожээ.

Тэрээр 2009 онд анхны Гавьяат нисгэгч, Хошууч генерал Дугарын Гунгаад, мөн онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлд, 2014 онд 1939 оны халхын голын дайн, 1945 оны эх орны чөлөөлөх дайнуудад оролцсон Пунцагийн Шагдарсүрэнд тус тус Баатар цол олгожээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баатар цолыг хоёр удаа олгосон байна. Тэрээр 2021 онд Монголын Ардчилсан Холбоо, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т Баатар цол хүртээжээ.

Монгол Улсын баатар цол нь эх орноо батлан хамгаалах, төр, нийгмийн өмнө онцгой гавьяа байгуулах эсвэл улс ардын аж ахуй, нийгэм соёлын салбарыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болон хамт олонд олгодог Монгол Улсын хамгийн дээд цол юм.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хааны зарлигаар дайн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсан цэрэг, дарга нарт “Баатар” цол олгож эхэлжээ. Анх 1912 онд Ховд хотыг Манж, Хятад цэргээс чөлөөлөх байлдааныг удирдсан болон мөн байлдаанд баатарлаг гавьяа байгуулсан 11 хүнд Баатар цол олгожээ. Үүнээс хойш 1923 он хүртэлх хугацаанд Богд хааны зарлигаар 130 орчим хүнийг уг цолоор шагнажээ. Богд хааны зарлигаар олгосон Баатар цол нь ихэвчлэн Хатан баатар, Манлай баатар, Зоригт баатар, Шаламгай баатар, Хурц баатар гэх мэт тодотголтой байжээ.  

   Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хурлаас "Ардын хувьсгалт цэргийн дээд алдар цолыг буй болгох тухай" тогтоол гарчээ. Уг тогтоолын хоёрдугаар зүйлд, БНМАУ-ын Баатар цолыг “Улсын ба ард түмний төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавьяа байгуулсан” хүмүүст олгохоор шийдвэрлэжээ.

   БНМАУ-ын хилийг зөрчсөн Японы түрэмгийлэгчдийг баатарлагаар эсэргүүцэн тэмцэж, байлдааны үүргээ нэр төртэй биелүүлсэн Булан дэрсний харуулын салаан туслах Ш.Гонгорт Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1936 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор БНМАУ-ын Баатар цолыг анх олгожээ. Үүнээс хойш нийт 60-аад хүнд БНМАУ-ын Баатар цол шагнасны дотор арав гаруй хүнд Баатар цолыг нэхэн олгосон байдаг.

Монгол Улсын Баатар цолыг хоёронтой хүртсэн хүн бол Хорлоогийн Чойбалсан юм. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийг удирдсан маршал Х.Чойбалсанд 1941 онд “БНМАУ-ын шалгарсан баатар”, 1945 онд “БНМАУ-ын хошой баатар” цол олгосон байдаг. Энэ хугацаанд тус цолыг хоёр эмэгтэй хүртэж байсан бол гадны буюу ЗХУ-ын 18 иргэн шагнуулж байжээ. Монгол Улсын Баатар цол хүртсэн хоёр эмэгтэй нь Түвдэнгийн Бор болон Гомбын Цэнд нар юм. Түвдэнгийн Бор нь 1932 оны зэвсэгт бослогын үед энгийн ард иргэдэд төр засгийн бодлогыг сурталчлан таниулах ажил хийж яваад дайснуудад баригдан тамлагдаж амь үрэгдсэн. Гомбын Цэнд нь мөн 1932 оны бослогын үед Рашаант сумын хамтралын даргаар ажиллаж байхдаа эсэргүү нарын эсрэг тэмцэж яваад баригдан амь үрэгдсэн. Тэдний гавьяаг үнэлж Баатар цолоор нэхэн шагнасан байдаг.

‍