Жил тойрон яригдаж хаврын чуулганаас намар руу шидэгдсэн Тамхины хяналтын хуулийг энэ долоо хоногт эцэслэх нь. Энэ хуулийг тойрсон сайн, муу маш олон мэдээлэл цацагдсан. Тэр хэрээр ч “тархи угаалт” хүчтэй өрнөсөн. Тамхины хуулийн Ажлын хэсгийн зарим гишүүд хурлын ирц бүрдүүлдэггүй, төслийг гацаах зорилготой. Тэр ч бүү хэл Төрийн ордонд парламентын гишүүдэд “Vape” тараах зэргээр хүчтэй лобби өрнөснийг хууль санаачлагчид хэлж байв.
Тамхины хяналтын хуулийг санаачлагч О.Номинчимэг гишүүн “Бид хаврын чуулганаар хуулиа баталж, хэрэгжилтийн бэлтгэл ажлаа хангаад явах ёстой байсан. Харамсалтай нь цаг хугацааны нөхцөл байдал болон эрх ашгийн хайчинд орсноос болж хойшиллоо.

Гэхдээ бид үүнээс болоод шантрахгүй. Намрын чуулганаар Тамхины хяналтын тухай хуулийг заавал батлуулахын төлөө ажиллана. Энэ бол ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах чухал ажил юм. Тамхи бол хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн. Тиймээс хэрэглээг нь татварын бодлогоор зохицуулах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, хяналтгүй болсон. Тиймээс энэ асуудалд төр бодитой, шуурхай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна” хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл намрын чуулганы турш УИХ Тамхины хуулийг хэзээ оруулж ирэх бол гэсэн хүлээлт өрнөсний эцэст энэ долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх товтой байна.
Өөрөөр хэлбэл, баасан гарагийн чуулганаар Тамхины хууль тойрсон “зодоон” эцэс болж, гишүүдийн "хэн нь хэн бэ" гэдгийг таних боломж гарч ирнэ. Эрхэм гишүүд маань нийтийн эрүүл мэндийн төлөө юу, тамхины бизнес эрхлэгчдийн лоббинд автах уу гэдэг асуулттай тулгарч "улстөрчдийн ёс зүйн шалгалт" өгнө гэж хэлж болохоор.
Парламент илүү нээлттэй болж Их хурлын гишүүдийн ирц, кноп бүгд “шилэн” болсон. Энэ дэвшил иргэдэд сонгосон гишүүнээ хянаж, сонжих “эрх мэдэл”-ийг олгож буй.
Намрын чуулганаар Тамхины хяналтын хуулийг заавал батлах ёстой гэсэн байр суурийг ч гишүүд илэрхийлж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир чуулганы хуралдаан дээр “Тамхины хуулийг батлах эцсийн шат үлдсэн. Хэзээ хэлэлцэх вэ? Баталж чадахгүй байх хугацаанд тамхины компаниуд тамхийг хэд дахин ихээр нөөцлөөд байна шүү. Шатахуунаа нөөцөлж чадахгүй байхад янжуур, электрон тамхи өнгөрсөн оныхтой харьцуулахад 21 сая орчим доллароор нэмэгдсэн байна. Ийм хэмжээгээр татвар авах боломжоо алдлаа. Яг хэн тамхины компаниудын талд ажиллаад байна вэ?” гэсэн.
Ийн Тамхины хяналтын хууль батлагдахад ганцхан даваа үлдсэн. Тэр даваагаа давах эсэх нь баасан гарагт тодорхой болно.






.jpg)








