Улаанбаатарчууд удахгүй хог шатаах үйлдвэртэй болох нь. Хотын дарга асан Х.Нямбаатар хоёр жилийн өмнө эл шийдвэрийг гаргахдаа “2026 оноос хог хаягдлыг булж устгахгүй, шатааж эрчим хүч гаргаж авна. Булж устгах арга байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс Европын томоохон улсууд энэ аргаас хэдийн татгалзаад байна” гэж мэдэгдсэн. Ийн цаасан дээр албажсан ч тендер нь түр саатчихаад байгаа хог шатаах үйлдвэрийг хотын хоёр байршилд буюу Морин болон Цагаан даваанд барихаар төлөвлөж буй. Гэтэл хогийг шатаах тэр тусмаа ангилахгүйгээр үйлдвэрийн зуух руу хийх нь ямар ноцтой хор хөнөөлтэйг дэлхий нийт туршиж туулаад эцэстээ бүгд татгалзаад эхэллээ. Харин Монгол Улс л дэлхий нийтийн бодлогын эсрэг ганцаараа зогсож иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг зөвшөөрлөө. Магадгүй хорин нэгдүгээр зуунд хог шатаах үйлдвэр барих гэж зүтгэж буй цорын ганц улс Монгол болох вий гэж эрдэмтэн судлаачид санаа зовинож байна.
Улаанбаатарчууд дээр туршилт хийх хог шатаах технологи
Хог шатаах технологи “ногоон шийдэл” гэх гоё нэртэй ч бодит байдал дээр асар их аюул дагуулдаг. Товчхондоо, өндөр өртөгтэй, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөтэй гэдгийг дэлхийн олон улс орон туршлагаараа баталж нотолж, иргэд нь шахаж шаардсаар зогсоож чадсан байдаг.
Хог шатаах нь яагаад аюултай вэ гэж үү. Диоксин гэж сонсоогүй хүн цөөн байх. Тэгвэл хог хаягдал шатаах байгууламжаас ялгардаг хамгийн аюултай бодис бол диоксин. Хүний эрүүл мэнд болон экосистемд хөнөөлтэй.
Диоксин нь эсийн тунгалгийн тогтолцооны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, ходоод, элэг, бүдүүн гэдэс болон бусад хорт хавдраас шалтгаалсан нас баралтын шалтгаан болж хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг нь маш олон төрлийн судалгаагаар нотлогджээ.

Түүнчлэн хог шатаахад диоксиноос гадна хүлэмжийн хий, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын исэл болон бусад хүчиллэг хий , металл буюу кадми, хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, хром, полихлорт бифенил, бромжуулсан полиаромат нүүрсустөрөгч зэрэг тун аюултай бодис ялгардаг аж. Эдгээр химийн бодис хүнд металлууд хүнийг хордуулж дутуу төрөлт, амьсгал давчдах, толгой өвдөх, ходоод өвдөх, ядрах, тоосонцортой холбоотой ураг зулбах эрсдэлд хүргэдгийг мөн л шинжлэх ухаанаар тогтоосныг гадны хэвлэлд бичсэн байна. Тэр дундаа манайх шиг хогоо ангилдаг дадалд суралцаагүй нөхцөлд холимог хог, батарей, хуванцар, электрон хаягдлыг шатаах үед хлор болон хүнд металл агуулсан хорт нэгдлүүд дээд цэгтээ тулдаг байна.
Энэ талаар “Эко сум” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Нарантуяа “Шатаасны дараа зуухны ёроолд хүнд металл агуулсан үнс үлдэхээс гадна яндангаар гарч буй дэгдэмхий үнс нь илүү хортой байдаг. Дэлхий нийтээрээ татгалзаад байна шүү дээ. Эдийн засгийн хувьд хог шатаах технологи өндөр өртөгтэй. Хор хөнөөлийг нь сааруулах үйлдвэрийн шүүлтүүрийг байнга солиход л ашиглалтын зардлын 40 хувийг зарцуулдаг.
Хуванцар нь байгальд устаж шингэдэггүй, зүгээр л жижиг хэсгүүд задарч бичил болон нано хуванцар болон салхиар тархдаг. Түүгээр нь хүн амьсгалж, хоол хүнсээрээ дамжуулан залгиж байна. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дахинд хүний биеийн бүх эрхтэн, тэр дундаа зүрх, эхийн ихэс, хөхний сүү, цус, өтгөн, бүр тархинаас хүртэл бичил хуванцар илэрч буй тогтоосон. Бүр жижиг хэсгүүд нь биеэс гадагшлалгүй эрхтнүүдэд хуримтлагдаж, дааврын тогтолцоог хямруулан, зан төлөв, биеийн хөгжил муудаж, элдэв өвчин тусах эрсдэлийг нэмдэг. Хог хаягдал гэдэг зөвхөн байгаль орчны асуудал биш хүний эрүүл мэндийн тулгуур асуудал” гэв.
Эндээс та хог шатаах технологи хүний эрүүл мэндийг хэрхэн хөнөөдөг вэ гэдгийг хангалттай ойлгосон байх гэж найдаж байна.
Дэлхий хог шатаах үйлдвэрээ хааж байхад Монгол нээхээр зүтгэж буйн цаана
Дэлхийн олон улс орон хог шатаах шийдлийг 100 гаруй жил туршсан байна. Ингэхдээ үйлдвэр байгуулж, алдагдалд орж, иргэдийнхээ эрүүл мэнд дээр туршилт хийх зэргээр олон төрлийн замыг туулж эцэстээ шинжлэх ухааны хэдэн зуун судалгааны үр дүнгээр хог шатаах технологиос татгалзах хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна.
1970-1990 оны үед Европын орнууд, Япон, АНУ-д хог шатаах үйлдвэрүүд олноор байгуулагдсан ч хожим нь диоксин, фуран зэрэг маш хортой бодис ялгаруулдаг болох нь тогтоогдсон. Үүний дараа Герман, Нидерланд, Дани зэрэг орнууд хяналтын стандартаа сайжруулж, зарим хуучин үйлдвэрүүдээ бүрмөсөн хаасан байдаг.
Италийн Наполи хотын хог шатаах үйлдвэрүүдийн орчимд хийсэн судалгаагаар хавдрын өвчлөл, төрөлхийн гажиг нэмэгдсэн нь ажиглагдсан бол Францын зарим хотод диоксин их хэмжээгээр ялгаруулж байсан үйлдвэрүүдийг иргэдийн шахалтаар хааж байв. Энэ мэтээр дэлхий нийтээрээ хор хөнөөлийг мэдэрч татгалзаж байхад Монгол ганцаараа үйлдвэр нээхээр зүтгэж буйн учир юу вэ.
Хэрэв шийдвэр гаргагчид нь татгалзаж чадахгүй бол мэдлэг мэдээлэлтэй иргэд нь эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд тэмцэж, ялж болдгийг харуулсан жишээ ч олон улсад олон бий. Тиймээс иргэд хог шатаах аюулын талаар судалж мэдээд өөрсдийнхөө, ирээдүйнхээ төлөө тэмцэх ч боломжтой.
Монгол Улсад жилд дунджаар 2.3-2.5 сая тонн хог хаягдал үүсэж байгаагийн тал нь Улаанбаатарчуудынх. Гэвч харамсалтай нь бид хог хаягдлынхаа 90 орчим хувийг хогийн цэг дээрээ овоолчихдог.
Тэгвэл дээрх эрсдлүүдээс сэргийлэхийн тулд иргэн би юу хийж чадах вэ. Хамгийн наад захын бодит хувь нэмэр бол хэрэглээгээ бууруулах буюу нэн шаардлагатай зүйлээ л худалдаж авах, авсан зүйлээ удаан ашиглаж, засварлаж хэрэглэх, нэг удаагийн уут савнаас татгалзах юм. Дараагийнх нь хогоо ангилж хаях. Цаашлаад төвлөрсөн хогийн цэг дээр дахин боловсруулах боломжтой систем хөгжүүлэх хэрэгтэйг экспертүүд хэлж байна.
Төрөөс дахин боловсруулах үйлдвэрүүдийг татварын хөнгөлөлт, урамшууллаар дэмжиж, олон улсын жишгээр үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоо болон бохирдуулагч төлдөг зарчмыг хуульчлах хэрэгтэй. Мөн сав баглаа боодлын стандарт буюу саваа тушаагаад мөнгөө буцааж авах шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай байна.















