УИХ-аар энэ долоо хоногт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах зохицуулалтуудыг тусгажээ.
Малчин өрх хүүхдээ сургуульд сургахын тулд малаа зарж, хот суурин газар бараадах, эсвэл хүүхдүүдээ дагаж эхнэр нь төв суурин газарт амьдарч байгаагаас ганцаар амьдрах малчин эрчүүдийн тоо нэмэгдэх, улмаар гэр бүл салалт ихсэж байгаа гэдэг шалтгаанаар дээрх өөрчлөлтийг оруулсан аж. Хамгийн гол нь нүүдлийн өв соёл, уламжлалыг тээж яваа малчдаа хайрлан хамгаалах нь чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлов.
Үнэн хэрэг дээрээ энэ зохицуулалт малчдаа хайрлан хамгаалах бус харин ч ялгаварлан гадуурхаж байна. Төрөөс малчдын хүүхдийг малчин болгох л бодлого явуулж байна.
Малчдыг “Та нар хүүхдүүдээ сургаад яах вэ. Малчнаар нь л үлдээчих. Тэгвэл манай өв уламжлал устахгүй. Харин бид хүүхдүүддээ байж болох хамгийн сайн боловсролыг нь эзэмшүүлээд, сайн сайхан амьдруулаадахъя” гэх санаа л харагдаж байна.
Малчдаа бодсон бодлогын цаана хүүхэд хохирч үлдэх ёсгүй. Дөрвөн улирал, өдөр бүхэн малаа маллах гэж шамдаж буй малчид хэзээ нь хүүхдээ цахим хичээлд нь хамруулаад, давтуулаад суух вэ. Тийм орчин нөхцөл хөдөөд бий билүү. Интернэт, дата, утас, таблет нь хүртээмжтэй байж чадах уу. Тог, сүлжээ битгий хэл машин техник ч хүрч чаддаггүй алс, хязгаар нутгийн иргэд яаж хүүхдээ сургах вэ. Ер нь тэгээд ширээний ард 10 минут ч сууж сураагүй зургаан наст цахимаар, зайнаас хичээл хийх магадлал хэдэн хувь байх вэ. Ямар ч л байлаа гэсэн цахим, зайнаас хэрэгжих энэ сургалт цалгардана. Танхимын сургалтын энд хүрэх үр дүн гаргаж чадахгүй.
Эцэст нь А үсэг ч үгүй найман настнуудын үе гарч ирнэ. Тэд бүгд малчдын хүүхэд байна.
Хичээлдээ дургүй, хоцорсон хүүхдийг номд шамдуулна гэдэг амаргүй. Эргээд л эцэг эх, багш, хүүхдээс асар их хичээл зүтгэл, цаг хугацаа шаардана. Үүнийг ковидын үед цахимаар олгосон боловсролын үр дүн хангалттай нотолно. Тэр үеийн хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг өнөөдөр ч арилгаж чадаагүй байгаа. PISA 2022 олон улсын үнэлгээгээр монгол сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жилээр, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон. Тэр дундаа хот хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жил байгаа. Ийм байхад яаж дахин хоцрогдол үүсэх алхмыг өөгшүүлж байна вэ.
Танхимын сургалт хүүхдэд зөвхөн үсэг, тоо бичиж сурахаас илүүтэйгээр бусадтай харилцах, нийгэмшихэд ач тустай. Яг чухал хөгжлийн үед нь ийм боломж бололцоог хаах нь хүүхдийн ирээдүйн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Тэгээд ч найман нас хүртлээ хөдөөд, эцэг эхийнхээ дэргэд дураар байж дассан хүүхдүүд гуравдугаар ангид орохоор ирэхдээ сургууль гэхээс илүү гэр рүүгээ л эргэж хургана. Зургаан настыг сургахаас ч илүү асуудал дахин үүснэ. Эцэг, эхийн аль нэг нь дахиад л хүүхдээ сургуульд дасгах гэж сумын төв бараадаж таарна.
Харин үүний оронд сургуулийн дотуур байрыг илүү төгөлдөржүүлэх хэрэгтэй. Зургаан настнуудын хичээлийг хийлгэх, асран хамгаалах үүрэг бүхий хүмүүсийг авч ажиллуулж болно. Энэ нь ажлын байр бий болгох давуу талтайг дурдах илүүц биз. Иймд тус хуулийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нар малчдын хүүхдийг ялгаварласан, сурах боловсрох эрхийг нь хязгаарласан энэ хуулиа эргэж хараасай.
Засгийн газар, Боловсролын сайд нь малчдын ахуйгаар далимдуулж малчны хүүхдийг малчин болгох өрөөсгөл бодлогыг зогсоож өгнө үү.

.jpg)


.jpg)








.jpg)

