Монгол Улсын Их хурал хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан хуулийг дэмжлээ. Малчны ахуйгаар нь далимдуулж хүүхдийг нь нэг, хоёрдугаар ангид онлайнаар гэрээс нь суралцуулах, багш нар хөдөөгүүр явж хичээл заах агуулга бүхий Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нар өргөн барьсан. Гэтэл Монголын боловсролын системийг хэдэн арван жилээр ухрааж малчдын хүүхдийг ялгаварлаж, сурч боловсрох эрхийг нь хязгаарласан хуулийг 126 гишүүнтэй парламент хүч түрэн дэмжлээ.  

Ингэхдээ малчдын санал, багш, иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг ч сонсохгүйгэээр шуурхайлан хэлэлцэж байгаа нь энэ парламент ямар чадамжгүй гэдгээ нотлон харуулж буй хэрэг юм. Хамгийн ноцтой нь дээрх хуулийг дэмжиж кноп дарсан гишүүд Монголын боловсролын системийг социализм руу ухраах ажилд гар бие оролцож байгаа.

Хэрэв төрийн хууль тогтоох дээд байгууллага, Боловсролын сайд нь хүүхдийг нэг, хоёрдугаар ангид нь зайнаас сургах нь үр дүнтэй, хоцрогдол үүсгэхгүй гэж үзэж байгаа бол их хотын түгжрэл, ханиад томууны асуудлаа ч давхар шийдвэрлээд хотын хүүхдүүдийг ч эхний хоёр жил онлайнаар сургая.

Асуудал бэрхшээл, орчин нөхцөл яг адилхан шүү дээ. Хүүхэд гэрээсээ чанартай боловсрол эзэмшинэ гэж бодож байгаа бол хотод ч гэсэн хэрэгжүүлье. Хөдөөнийхийг ялгаварлаад яах вэ. Түүнчлэн энэ хуулийн төсөл дээр хүний эрхийн зөрчил, ялгаварлал байгаа эсэхийг ХЭҮК хянаж, ажиллах ёстой. Нүдэн дээр нь төрийн түшээд малчдын хүүхэд сурч боловсроод хэрэггүй гэсэн хууль оруулж ирээд ялгаварлаж байхад ХЭҮК хамгаалах болов уу. Уг нь ХЭҮК парламентаас хараат бус ажиллах эрх үүрэгтэй байгууллага. Гэтэл өнөө хэр таг байна. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн агентлаг бий. Мөн л дуу гарсангүй.

Харин сошиал сүлжээнд хуулийг эсэргүүцсэн Их хурлын гишүүд, иргэний нийгмийн байгууллага, хүний эрх хамгаалагчид цөөнгүй байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хуулийг эсэргүүцэж буй нь Малчны хүүхдийг зайнаас сургах нь Хүүхдийн эрх, Монголын боловсролын түүхэн бодлого, КОВИД-19-ийн сургамж, хэрэгжих бодит боломж гэсэн дөрвөн зарчимд суурилсан байр суурь юм.

Монгол Улс бараг 100 жилийн турш малчин хүүхдийг сургуульд ойртуулахын төлөө дотуур байрны тогтолцоог байгуулсан. Харин өнөөдөр бид эсрэгээрээ хүүхдийг сургуулиас холдуулах бодлогыг хуульчлах гэж байна.

Бид КОВИД-19-ийн үеэр маш үнэтэй, өндөр өртөгтэй сургамж авсан. Танхимын сургалтыг гэрийн болон цахим сургалтаар орлуулах боломжгүй гэдгийг өөрсдөө мэдэрсэн. Та бүхэн гэртээ хүүхдээ хараад өөрсдийн биеэр мэдэрсэн байх гэж найдаж байна. Хамгийн их хоцрогдолд орсон нь бага ангийн хүүхдүүд байсан. Өнөөдөр ч төр тэр алдагдлыг нөхөхийн төлөө ажиллаж байна. Гэтэл бид тэр түр арга хэмжээг одоо байнгын бодлого болгох гэж байна.

Мөн "багш нар очиж сургана" гэж ярьж байна. Гэхдээ хууль сайхан хүсэл, төсөөлөл дээр биш, бодит хэрэгжих боломжийг дээр үндэслэх ёстой. Хэдэн багш, ямар төсөв, ямар стандарт, ямар хяналтаар энэ тогтолцоо хэрэгжих вэ? Өмнөговийн тэтгэвэрт гарсан хэдэн багш, хэдэн хүүхдийн гэрээр явах боломжтой вэ? Энэ асуултын хариулт хуулийн төсөлд байхгүй байна. Хүүхэд монгол ахуйгаа өвлөхийн зэрэгцээ чанартай боловсрол эзэмших эрхтэй. Энэ хоёр эрхийг хооронд нь сонголт болгож болохгүй.

Хэрэв энэ сургалтын хэлбэр үнэхээр илүү сайн юм бол яагаад зөвхөн малчин өрхийн хүүхдэд хэрэглэх гэж байгаа юм бэ? Яагаад хотын хүүхдэд санал болгохгүй байгаа юм бэ? Хотын хэдэн аав, ээж хүүхдээ зайнаас сургах сонголтыг хийх юм бол? Та өөрөөсөө энэ асуултыг асууж үзээрэй.

Хэрэв бид хотын хүүхдэд “тохиромжгүй” гэж үзэж байгаа бол малчны хүүхдэд “хангалттай” гэж үзэх ёсгүй. Монголын хүүхэд бүр хаана амьдардгаас үл хамааран ижил чанартай боловсрол эзэмших эрхтэй.

Тиймээс хүүхдийн эрхийн үүднээс шийдэл нь хүүхдийг сургуулиас холдуулах биш, харин сургуулийг хүүхдэд ойртуулах бодлого байх ёстой. Дотуур байр, багшийн хүрэлцээ, тээвэр, орчин нөхцөлөө сайжруулах ёстой болохоос танхимын сургалтыг орлох эрх зүйн тогтолцоог бий болгох ёсгүй. Иймээс энэхүү хуулийн төслийг хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлэн дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Хамгийн залхуу, төр үүргээсээ зугтсан, зөвхөн эцэг эхэд нь найдсан боловсролын систем угсарч байна. Бүгдийг журамд түлхээд орхисон залхуу хуулийн төсөл болжээ.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Бүх нийт боловсролын төлөө эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг:

-Бага насны хүүхдийг зайнаас сургах ямар ч боломжгүй. Багш нар өвлийн хүйтэнд уул нуруу дамжин малчин айлуудаар явж хичээл заана гэдэг хэрэгжих боломжгүй. Багш нарын цалин хөлс, унааны мөнгө, аюулгүй байдлыг хэн хангах вэ. Багш дутагдалтай байхад хөдөө айлуудаар явах юм бол хэн хичээл заах вэ.

Дотуур байрны тогтолцоог амьдрал, мал, малчны хөдөлмөр мэддэг өвөг дээдэс, ухаант удирдагчид бодоод судлаад хийчихсэн эд дээ. Өнөөгийнхөн дордуулна уу гэхээс дээрдүүлэхгүй. Малчны хүүхэд орчин цагийн хүмүүн төрөлтний дэвшилтэт боловсрол эзэмших эрхтэй. Тэр өв соёлыг чинь зуны 3 сар та нараар заалгахгүй сурчихдаг юм.

Сэтгүүлч Т.Бүдээхүү

- “Социализмын үед малчин айлуудын зарим нь хүүхдээ сургуульд сургах дургүй байж. Малаа маллуулж, гар, хөлийн үзүүрт зарах гээд. Үүнтэй төр нь тэмцэж, хөдөөгүүр, айлуудаар явж хүүхдээ сургахыг шахаж, шаарддаг, гэрээс нь шууд аваад явдаг байж. Саяхаан, 80-аад оны дундуур ийм байсан. "Хөөлгө" -ийнхөн (шахаж шаардаж явдаг албаны хүмүүсийн ажилд хөдөөнийхөн "хөөлгө" гэж нэр өгч байв) ирэхэд сургуульд сурах дургүй эрэгтэй хүүхдүүд ийш тийшээ яваад нуугдчихсан байдаг байж. Социализмын үед тэгэж бүх нийтээрээ боловсролтой болж байжээ.

Гэтэл өнөөдрийн төрийнхөн "Малчны хүүхэд гэрээсээ цахимаар сур" гэх болж. Бараг л "Суралцаад хэрэггүй" гэх нь холгүй. Малчны хүүхэд бол малаа дагаад малчин бол. Маний хүүхэд гадаадад сураад гишүүн,сайд болоод та бүхнээ "маллая" гэж байгаа юм шиг л хуулийг УИХ батлах нь дээ.

Мэдээж нүүдэлчин соёл, суурьшмал соёл, нэмээд техник, технологийн хөгжил бүх юмыг, уламжлалт амьдрах хэвшил, соёлыг хүртэл өөрчилж байгаа ч НЭГДҮГЭЭРТ ХҮНИЙ ЭРХ, ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ-ийг хойш тавьж байгаа нь шууд хэлэхэд харгис биш гэж үү? Өөр зохицуулалт хийх боломжгүй гэж үү” хэмээлээ.