Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасантай ярилцлаа.

-Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт иргэн, аж ахуй нэгжид бодит дэмжлэг үзүүлнэ, татварын орчин сайжирна гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. Хувийн хэвшлийн төлөөллийн хувьд та үүнтэй санал нийлж байгаа юу?

- Татварын багц хуулийн төслийг өргөн барьсныг буцаан татсан байсан. Илүү сайн шинэчлэл хийж өргөн барих болов уу гэсэн хүлээлт аж ахуйн нэгжүүдэд их байлаа. Харамсалтай нь яг бодит секторт дэмжлэг болох эсвэл ачаалал багасах тийм хуулийн төсөл бол биш байсан. Татварын бодлогын шинэчлэл дорвитой хийхгүй байгаагаас болж бид маш их хугацаа алдаж, эдийн засгийн өсөлт маань ч саарсаар байгааг өнөөдөр харж байна. Инфляц аль хэдийнэ хоёр оронтой тоо руугаа буюу тавдугаар сарын байдлаар 11.2 хувь болж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, мөн гэнэт л эрчим хүчний тариф хүртэл сууриараа 5-15% өсчихлөө шүү дээ.

Ер нь аж ахуйн нэгжүүд татварын дарамтаас болж үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж чадахгүй, харин ч хумих хэмжээнд хүрч байгаа нь манай татварын тогтолцоонд бодит асуудал байгааг харуулж байна. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд олон бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоох, татан буулгах шийдвэр гаргаж байгаагаа нийтэд мэдэгдлээ. Энэ бол зөвхөн тухайн компаниудын асуудал биш, харин улсын эдийн засагт өгч буй ноцтой дохио юм. Харамсалтай нь өнөөдөр мөрдөгдөж буй Татварын тухай хууль ч, хэлэлцэгдэж буй шинэчилсэн төсөл ч аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол хүндрэлүүдийг бодитоор шийдвэрлэж чадсангүй. Татварын бодлогын зорилго нь бизнесийг дарамтлах бус, өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Эцсийн дүндээ татвар төлөгч аж ахуйн нэгжүүдгүй бол улсын төсөв хэрхэн бүрдэх вэ?

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хамгийн зөв арга нь татварын хувь хэмжээг өсгөх биш, харин тогтвортой ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэн татвар төлөх боломжтой аж ахуйн нэгжүүдийн тоог олшруулах явдал юм.

Өнгөрсөн хугацаанд татварын олон асуудлууд гарч ирсэн ч дор дор нь дорвитой шийдээгүй. Үүнээс эдийн засагт үүссэн алдагдсан боломжийг тооцож үзэх хэрэгтэй. Цаг хугацаа алдаагүй байсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн хувиар өсөх байсан бол. Хэдий хэмжээний өсөлтөө өөрсдөө хязгаарлаад байгаагаа шийдвэр гаргагчид хайхрахгүй байна. Хувийн хэвшлийнхэн төр засаг улс орны эдийн засгийг зөв менежмент хийгээсэй гэж маш их найдвар тээсээр татвараа ч хариуцлагатай төлж явна. Өнөөдөр Монголын ТОП 100 ААН-үүд нийт 8 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлж, 84.7 мянган ажлын байрыг бий болгож, тэдгээрийн борлуулалтын орлого ДНБ-н 73%-г эзэлж байна.  Татварын бодлого ААН-үүддээ илүү ээлтэй байж цалингийн сан өсөх, улмаар ажлын байр, ажиллагсдын амьжиргааны түвшин ч дээшилнэ. Үүнийг л эрх баригчид мань сайн харах хэрэгтэй байгаа юм.

-Монцемент үйлдвэрийн хувьд яг ямар боломжуудыг алдаж байна вэ?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1 хэмээх заалтанд барилгын материал үйлдвэрлэх тохиолдолд оруулж ирсэн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-с чөлөөлөх тухай тодорхой заасан байдаг. Монцемент төсөл бол импортыг орлох стратегийн ач холбогдол бүхий цемент үйлдвэрлэл, мөн инноваци шингэсэн шилдэг технологиудыг эх орондоо нутагшуулж чадсан. Мөн хөрөнгө оруулалтын тухай хуулинд заасан 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх хуулийн шалгуур хангаж, уг гэрээ ч байгуулагдсан.

Гэтэл тус хуулинд заасан дэмжлэгийг хүсэхэд бусад хуулиндаа уялдаагүй, эсвэл төрийн өмчит төслүүдэд хэрэгжиж ялгамжтай хандах зэрэг асуудлууд үүсэж, улмаар хууль хэрэглээний маргаан 11 дэх жилдээ явж байна.

Энэ хооронд  бараг 10 удаа холбогдох сайд, Засгийн газар солигдсон. Олон ч удаа данс тооцоогоо хаалгаж, хүнд байдалд зөвхөн хууль хэрэглээний ойлгомжгүй байдлаас болж орж байлаа. Монцемент төслийн гол хөрөнгө оруулагч нь ЕСБХБ. Анх уг төсөлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахдаа ЕСБХБ мөн л энэ хуулийг мэдээж судалж, хуулинд заасан дэмжлэг байна гэж итгэж байсан. Харин бодит байдал дээрээ эсрэгээрээ харин ч илүү их татварын дарамтанд оруулж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт мөн 100 сая ам.долларын өртөгтэй үйлдвэр барихад 45 сая ам долларыг зөвхөн татварт төлсөн байгаа тухай жишээ яригдлаа. Энэ бол маш том тоо шүү дээ. Энэ мөнгөөр дахиад жижиг дунд хэмжээний үйлдвэр ч барих боломжтой.

Нөгөөтээгүүр, хуулийг хэрэглээнд оруулах, ажилладаг болгох нь манай төр засгийн үндсэн ажил. Гэтэл ажлаа хийхгүй буюу байгаа оносон бодлого гаргахгүй байгаа учраас ААН-үүд хүнд байна аа гэдгээ илэрхийлээд байгаа юм. Бүх төрлийн хуулинд саналаа маш идэвхитэй явуулж, мөн хэлэлцүүлгүүдэд санаа бодлоо илэрхийлсээр ирсэн ч нэг л сайн сонсож өгөхгүй байх шиг санагддаг.

Эргээд эдгээр ТОП 100 ААН-ийн төлсөн татвар нийгмийн асуудлыг шийдэх үндсэн чиглэлд зарцуулагдаж чадахгүй буйгаас болж бид түгжрэлтэй, агаарын бохирдолтой, эмнэлгийн хүртээмжгүй үйлчилгээ, чанаргүй боловсролын тогтолцоогоо ярьсаар байгаа нь харамсалтай.

Төр өөрөө баталсан хууль, байгуулсан тогтвортой байдлын гэрээгээ хэрэгжүүлэхгүй, хүлээсэн үүргээ хүссэн үедээ өөрчилж, зөрчиж болдог, нэгдсэн бодлого залгамж чанар байхгүй байгаа нь манай төр засаг олон улсад мэргэжлийн бус харагдаж байна. Өнөөдөр хөрөнгө оруулагчдыг үргээж буй хамгийн том эрсдэл нь зах зээл биш, төрийн шийдвэрийн тогтворгүй байдал болоод байна.

-Өнгөрсөн жилүүдэд Монполимет групп дарамт, шахалттай багагүй нүүр туллаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд төрөл бүрийн л сорилт бэрхшээлүүд туулж ирлээ. Эх орондоо хийж бүтээх эрмэлзэлтэй олон хүмүүс, ААН-үүд бидэнд тохиолдсон хэцүү зүйлийг хараад их мохсон болов уу. Нийгмээрээ, хувийн хэвшил даяараа асуудал байна. 2025 оны эцсээр гэхэд үйл ажиллагаа явуулаагүй ААН-ийн тоо 13.9% өсөж 164.9 мянгад хүрсэн мэдээлэл байсан. Энэ бол ковидын жилүүдээс өссөн тоо шүү дээ. Өөрөөр хэлбэл, ямар нэг зүйл эсвэл бодлого маань буруу чиглэлд яваад байгаагийн том дохио.

Эдийн засаг маань нэг салбараас хамааралтай байгаа өнөө цагт бидний хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол эдийн засгаа төрөлжүүлэх. Зэс, алтны ханш өндөр байгаа мөчийг ашиглаж үүгээр нийгмийн асуудлуудыг бодитоор шийдэх шаардлагатай. Наанадаж эрүүл мэнд, боловсролын суурь асуудлыг шийдчих олон боломж харагддаг. Данс нээж, хаах гээд татварын байгууллагын дарамт бол их байгааг бүгд хэлэх байх, манай группийн тухайд  хуулиа зөрчөөд төрийн шалгалтуудыг нэг зэрэг оруулж байсан.

2025 онд бол бид үргэлжилсэн их шалгалтын асуусан материалыг гаргаж өгөх, мэдээлэл бэлдэж өгөх зэрэг дээр л төвлөрч, үндсэн ажлаа хийж чадаагүй.

Хайран цаг хугацаа. Эргээд ямар ч асуудал байхгүйг нэгэнт тогтоочихоод байхад бизнесийн нэр төрийг нь сэргээхгүй, эсвэл ядаж төвөг учруулсандаа уучлалт ч гуйгаагүй. Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт ярьж байгаа бол эхлээд шударгаар үйл ажиллагаа явуулж  байгаа ААН-үүдээ дэмждэггүй юм аа гэхэд дарамтлахгүй л байвал бид тэр цаг хугацааг ашиглаад их зүйлийг бүтээж чадна шүү дээ.

-Ажлаа хийх завгүй болтлоо улстөржөөд байх шиг. Иргэдийн итгэх итгэл ч дагаад буурч байгаа нь харагдаж байна л даа.

-Улс төржилт бол хэтэрхий их. Сошиалаар ажлаа явуулах, бодлогын хэмжээнд бус хэн нэгэнд таалагдах поп гэж ярьдаг шийдвэрүүдийг гаргах, ул суурьтай судалгаанд бус сошиал хандалт харж үйл ажиллагаа явуулах трэнд тогтчихоод байх шиг. Дээр нь төр засаг маань тогтворгүй, бодлогын залгамж халаа байхгүйгээс болж л ард иргэд, хувийн хэвшлийнхэн бухимдаад байгаа гэдгийг  ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас заримдаа бид бодит асуудлаа шийдэхээс илүүтэйгээр хэт болгоомжилсон, эсвэл олон нийтэд таалагдахыг зорьсон шийдвэрүүд гаргаад байгаа харагддаг Тийм шийдвэрүүд нь тухайн үедээ шүүмжлэлээс зайлсхийхэд тус болж болох ч урт хугацаандаа асуудлыг шийддэггүй, зүгээр л хойшлуулдаг.

Үнэнийг хэлэхэд, бидэнд бодлого дутаад байгаа юм биш. Харин бодлогоо хэрэгжүүлэх зориг, тууштай байдал дутаж байна. Үйлдвэрлэлээ дэмжинэ, эдийн засгаа төрөлжүүлнэ гэж олон жил ярилаа. Одоо харин ярьдаг үе нь өнгөрсөн, хэрэгжүүлж эхлэх ёстой.

-Засгийн газрын гишүүн нь гадаадын хөрөнгө оруулагчдын хөөнө, тууна гэх болчимгүй мэдэгдэл хийж байгаа нь ч харагдах юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага, дэмжлэг хэр нааштай байгаа бол?

-Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 15 жилд 68.1 хувиар агшсан. Өөрөөр хэлбэл  Монгол Улсад итгэх итгэл буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт угтаа маш чухал, олон талын ач холбогдолтой.Ноу хау, шинэ технологи, сайн туршлага бүгд нэг зэрэг хөрөнгө оруулалтаа дагаад орж ирж байдаг. Эдийн засгийн амаргүй үед ч манай хамт олон ЕСБХБ-д төслөө танилцуулж, монголдоо хөрөнгө оруулалт татахын зэрэгцээ хаягдал халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэх цоо шинэ технологийг нэвтрүүлж чадсан. Өнөөдөр бүх олон улсын худалдааны танхимууд хөрөнгө оруулалтын хуулийн болон орчин ерөөсөө болохгүй, зайлшгүй реформ шаардлагатайг нэгэн зэрэг дугарч байна.

-Саяхан Төв аймгийн Заамар суманд гурван настай охин уурхайн цооногт унаж нас барсан харамсалтай осол гарлаа. Монполимет групп хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхийн тулд яаж ажиллаж байгаа вэ. Ууган компанийн нэгийн хувьд жишиг болж чадаж байгаа юу?

-Монполимет группийн хувьд мэргэжлийн бөгөөд хариуцлагатай уул уурхайг 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсээр ирлээ. Яагаад мэргэжлийн гэж онцлоод байгаа вэ гэхээр газрын хэвлийтэй харьцахад мэргэжлийн инеженерүүд уулын ажлын нарийн төлөвлөлт, нөхөн сэргээлтийн бодлогоо тодорхойлж, тооцоолж ажилладаг. Ашиглалт, олборлолт нөхөн сэргээлт яг л алганы хоёр тал шиг зэрэгцэн хэрэгжих учиртай. Монполимет групп үйл ажиллагаа явуулж буй бүс нутагтаа байгаль орчны нөхөн сэргээлтийг хамгийн олон чиглэлээр хийж хэрэгжүүлсэн.

Тухайлбал, Монгол Улсад анх удаа хүний гараар бүтсэн 16 га талбай бүхий цэнгэг уст Тосон нуурыг байгуулсан. Мөн 460 мянган мод бүхий 8 төгөл байгуулж, 300 га талбайд малын шим тэжээлийг сайжруулах бэлчээр бий болгосны үр дүнд өнөөдөр 6000 гаруй мал бэлчиж байна.

Үүнээс гадна жимс, жимсгэнийн мод, бут сөөг тариалж, нөхөн сэргээсэн талбайгаа экологийн төдийгүй эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан. Ингэснээр биологийн олон янз байдал нэмэгдэж, урьд өмнө байгаагүй олон төрлийн шувуу, амьтан эргэн нутагшиж, тухайн экосистем бүрэлдэн тогтсон.

Энэ бүх ажлын үр дүнд жил бүр 10,000,000 кг тоосжилтыг бууруулж, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Бидний туршлагаас харахад уул уурхай гэдэг заавал байгаль сүйтгэдэг салбар биш. Харин зөв бодлого, мэргэжлийн хандлага, хариуцлагатай хэрэгжилттэй байвал байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, тэр байтугай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт ч бодит хувь нэмэр оруулах боломжтойг харуулж буй юм.

Хууль бусаар уул уурхай олборлож байгаа хувь хүмүүс, гадна, дотнын компаниуд олон байдаг болжээ. Харин хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг хариуцлагагүй хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс, нөхөрлөл зэрэгтэй хольж нэг сагсанд хийгээд улмаар уул уурхайн салбарыг тэр чигээр нь харлуулах нь их болж. Уг нь хариуцлагатай комапниудыг дэмжээд бусаддаа үлгэр жишээ болохуйцаар таниулах хэрэгтэй юм. Нөгөөтээгүүр, компаниуд уул уурхайн стандарт, аюулгүй үйл ажиллагааны дүрэм журам, хуулийг ягштал мөрдөх ёстой, түүнийгээ мөн шалгадаг байх ёстой юм.