Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэдээ төлөөлөх нь бүү хэл, нийслэлийн Засаг даргаасаа цалин авч, “халамжид” нь орж хараат байдлаа алдсан гэдгийг хаа хаанаа ярих болсон. Угтаа нийслэлийн Засаг даргаа томилж, чөлөөлөх, үйл ажиллагааны тайланд хяналт тавьж, дүгнэх үүрэгтэй 45 төлөөлөгчийн 40 орчим нь нийслэлээс цалин хангамж авч, нийслэлийн харьяа ОНӨААТҮГ болон ТӨХК-ийн ТУЗ-д давхар давхар дээл нөмрөн сууж, олон газрын дарга болоод буй. Зарим төлөөлөгч 7 байгууллагад даргын ажлыг давхар эрхэлж буй жишээ ч бий.
Хотын дарга нарын энэ их хайр халамж дунд сөрөг хүчин нь ч сөрж чадахааргүй болтлоо бөмбөрч байгаа бололтой. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт гэхэд зургаан газарт удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж давхар, давхар цалин авч байна.
Тордуулбал, “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-д ажиллаж байна.

Намынхаа бүлгийг зангидаж, нийслэлийн МАН-ын бүлгийн эсрэг дуугарч явах ёстой АН дахь бүлгийн даргын дуу нь цөөрсөн нь ийм учиртай ч байж мэдэх. Учир зүйн хувьд ч цалин авдаг байгууллагынхаа эсрэг дуугарна гэдэг угаас байж боломжгүй зүйл.
Харин хотын реформ хийнэ, хотоо аварья гэдэг пи-ар хийж, иргэдийн саналыг авсан Т.Батцогт төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацааны талаас илүү нь өнгөрсөн. Энэ хугацаанд хотын реформ хийх чиглэлээр дорвитой ажил хийхээс илүүтэй өөрийнхөө ажил карьерт илүүтэй реформ хийсэн бололтой.











.jpg)



