Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлаараа Оюутолгой дахь Монголын эзэмшлийн 34 хувийг хэрхэн бүрдүүлэх, хэрхэн зарцуулахтай холбоотой асуудлыг хөндөж УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын Бодлогын Ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан нар байр сууриа илэрхийллээ.
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн бүрдүүлж буй талаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн “Өнөөдрийн чуулганаар 2027 оны нэгдсэн төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх долоо хоногт төсвийн тодотголыг УИХ-аар батална. Ирэх оны төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгаас гурван их наяд төгрөг оруулж ирнэ гэсэн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Ингэхдээ олон зүйлийг тодорхойгүй байдлаар оруулж ирж байна. Нэгдүгээрт, Оюутолгойн төсөл дээр Монголын эзэмшдэг хувь нь 34. Нөгөө талаас Рио Тинто 66 хувийг эзэмшдэг. Монгол Улс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэвэл Рио Тинто компани 6 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэсэн үг. Санхүүгийн хувьд энэ 9 их наяд төгрөгийг Оюутолгой компани ногдол ашиг байдлаар тараах боломжтой юу. Учир нь хэлэлцээр, гэрээний үр дүнд Монгол Улс 2037 онд ногдол ашиг авч эхэлнэ гэж яригддаг байсан. Тэгвэл 9 их наяд төгрөг өнөөдөр гарахад ирээдүйд ямар дарамт учруулж, ямар өртгөөр ирж байгааг тодорхой болгох ёстой. Хэрвээ зээлээр авч байгаа бол энэ нь Монголд ямар дарамт болох талаар тодорхой болгох ёстой. Үүнийг Засгийн газраас асуухаар “Сангийн яамны хэлэлцээр дуусаагүй байгаа. Урьдчилсан байдлаар тохирсон” гэдэг аман тайлбарыг хэлдэг. Тодорхой хариулт ирүүлдэггүй. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсөв буюу хууль батлах гэж буй энэ цаг үед тодорхой болгож батлах ёстой. Миний хувьд ногдол ашиг авахыг буруутгаагүй.
Гагцхүү Засгийн газар ирээдүйн орлогоосоо өнөөдрийн төсвийн дутагдалтай хэсгийг нөхөхөд зориулж урьдчилж авч байгааг буруу гэж үзэж байна. Ер нь байгалийн баялгийн орлого зөвхөн өнөөгийн Засгийн газрын зарцуулах мөнгө биш.
Ирээдүйд залууст хуримтлал үүсэх, ирээдүйд үүсэх асуудалд зарцуулах, уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой орлого. Гэтэл төсвийн төсөөлөлд тэрхүү 3 их наяд төгрөгийн хоёр их наяд төгрөгийг зарцуулна. Нэг их наяд төгрөгийг нь баялгийн санд хуваарилахаар оруулж ирсэн. Ноцтой зүйл нь төсвийн төсөөлөлд нэг их наяд төгрөгийг орлого гэж оруулж ирж байгаа ч 2027 онд зарлага гээд юунд зарцуулах нь тодорхойгүй байдлаар оруулж ирсэн. Миний хувьд ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараахаар Засгийн газар төлөвлөж байна уу гэж хардаж байна. Иргэдэд өнөөдөр инфляц, үнийн өсөлт хамгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед бэлэн мөнгө тараах нь улам үнийн өсөлтийг өдөөсөн зүйл болно. Иргэдэд тус болж байгаа мэт боловч урт хугацаандаа нөхөж баршгүй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг авч ирэх эрсдэлтэй” хэмээн ярилаа.
Дараа нь АН-ын Бодлогын Ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан “2027 оны төсвийн төслийг дагалдуулан ганцхан хуудастай, 6 зүйлтэй хуулийн төсөл орж ирсэн. Тэр нь Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай хууль гэсэн нэртэй хууль. Үнэхээр нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр байна уу гээд харахаар тийм биш. Зориулалт нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын эзэмшиж байгаа 34 хувьд ногдох орлогыг замаас нь 2 их наяд төгрөгийг нь татан авч олон жилийн өмнө 10 аймгийн ДЦС-ыг барихаар шийдвэрлэсэн санхүүжилтээ алдчихсан төслүүдийг эргэн санхүүжүүлэх байдлаар зарцуулахаар оруулж ирж байгааг Ардчилсан намаас буруутгаж байгаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар гурван төрлийн төрөлжсөн сан байдаг. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Оюутолгойгоос орж ирэхээр тооцсон гурван их наяд төгрөг Хуримтлалын санд бичигдэж түүнээс дамжиж Монголбанканд байх Монгол Улсын одоогийн бүх иргэдийн нэрийн дансанд бичигдэх зориулалттай. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бичигдвэл нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэж, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтийн дэмжлэгт зарцуулагдах хуультай атал 2 их наяд төгрөгийг нь өчигдрөөс эхлэн E-Mongolia-гаар санал авч эхэлсэн гэж мэдээлсэн.
Санал авсан байдлаар дүр эсгэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр тооцож байгааг Ардчилсан намын бүлгээс буруутгаж байгаа.
Нийгмийн болон дэд бүтцийн хөтөлбөрийг Үндэсний баялгийн сангийн хуулиар Хөгжлийн сангаар зарцуулж шийдвэрлэх ёстой. Хөгжлийн сангийн зарцуулалтын эх үүсвэр нь тухайн жилийн төсөв ашигтай гарч, үүнд нөлөөлсөн уул уурхайн баялгаас орж ирсэн 50 хувиар санхүүжүүлдэг. Гэтэл эрх баригчид Засгийн газар төсвийг алдагдалтай ажиллуулах замаар тухайн Хөгжлийн санг амилуулахгүй байгаа. Амилуулахгүй байгаагаараа нөгөө талдаа иргэдийн нэрийн дансанд орох хуримтлалын сангийн эх үүсвэрээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж байгаа нь буруу гэж үзэж байна” хэмээв.










.jpg)






