Хог шатаах үйлдвэрүүдээс ялгарч байгаа хорт бодисууд нь үйлдвэрийн ойролцоо амьдардаг эхчүүдийн хөхний сүүнд хүртэл нөлөөлдөг болохыг Их Британид хийсэн судалгаагаар тогтоожээ.
Уг судалгааг авахдаа Их Британи дахь хог шатаах үйлдвэрүүдээс ойролцоогоор 20 километрийн радиуст амьдардаг, анхны хүүхдээ төрүүлж буй 194 эхийн хөхний сүүнээс дээж авч, шинжилсэн байна. Ингэхдээ хог хаягдлыг шатаасан утаанд агуулагдаж, байгаль орчинд удаан хугацаанд хадгалагддаг полихлоржуулсан бифенил (PCB) болон диоксин хэмээх нийлмэл химийн бодисуудыг шинжилжээ.
Судалгаагаар шатаах үйлдвэрээс ялгарсан тоосонцрын бохирдол нь хөхний сүүн дэх PCB, диоксины түвшинд илүү нөлөөтэй байгааг тогтоосон байна.
PCB болон диоксин бодис нь хүний биед хоол хүнсээр дамжин хуримтлагддаг. Тэгвэл хоол хүнсээр дамждаг эдгээр химийн хорт бодис нь дөнгөж төрсөн нярай хүүхдэд хөхний сүүгээр дамжих магадлалтай байх нь. Энэхүү судалгааг дурдсаны учир нь энэ аюул Улаанбаатар хот цаашлаад Монгол Улсын хэмжээний аюул болоход ойрхон байна.

Учир нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа.

Одоогоор Морингийн даваанд 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэр барих гүйцэтгэгч нь шалгараад буй. Тус үйлдвэрийг барихад зориулан 10 га газар чөлөөлсөн байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг 206.5 сая ам.доллар байхаар төлөвлөсөн. Ерөнхийдөө үйлдвэр барьж эхэллээ гэхэд 30-хан сарын дараа ашиглалтад орно.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ гэдэг мэдээллийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өгч буй.
Эдгээр мэдээллийг харахад хоггүй болно, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэнэ гэх мэт “ногоон тархи угаалт” хийж байна гэж хэлж болохоор байна. Учир нь дэлхийн бусад орнууд хог шатаах үйлдвэрийнхээ хорт хийн ялгаралтыг хянаж чадахгүй байснаас зарим үйлдвэрээ бүрмөсөн хаахад хүрч байна. Зарим өндөр хөгжилтэй оронд иргэдийнхээ томоохон эсэргүүцэлтэй нүүр тулж хаахаас өөр аргагүйд хүрч байх жишээтэй. Харин манай улс дэлхийн бусад улс орнуудаас сургамж авахын оронд, алдааг нь давтах замыг сонгожээ.


Шийдэл нэртэй шинэ эрсдэл


Улаанбаатар хот утааны асуудлаа одоог хүртэл дорвитой шийдэж чадаагүй. Яндангийнхаа тоог бууруулах төрөл бүрийн бодлогыг үе үеийн Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ярьдаг боловч тогтсон шийдэлд өнөөг хүртэл хүрч чадаагүй. Гэтэл бид хогны асуудлаа шийдэх гэж байгаад шинэ эрсдэл нэмэх гэж байна. Өөрөөр хэлбэл, бид утааны асуудал дээр нэмээд илүү том бас хүнд метал, тоосонцор, хорт бодис ялгаруулдаг хэд хэдэн яндантай болох нь.
Хог шатаах үйлдвэр нь нүүрсхүчлийн хий, PM2.5, PM10 тоосонцор төдийгүй мөнгөн ус, хар тугалга зэрэг хүнд металлууд, диоксин, фуран зэрэг маш хортой удаан задардаг бодисууд ялгаруулдаг байна. Үүнээс хамгийн аюултай нь буюу дээр дурдсан, диоксин нь маш хортой бөгөөд нөхөн үржихүйн болон хөгжлийн асуудал үүсгэж, дархлааны системийг гэмтээж, дааврын үйл ажиллагаанд нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг.


Шатаах зуухтай 3-4 км зайд амьдардаг хүмүүс хорт хавдраар өвдөх магадлал 80 орчим хувь байдаг байна.

Эндээс харахад, Улаанбаатар хот хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэртэй болсноор одоо байгаа Хавдрын эмнэлгийн ачаалал нэмэгдэх хүчин зүйл болж магадгүй. Бас нэг ноцтой зүйл нь эхийн хэвлийд байгаа ураг диоксинд хамгийн мэдрэмтгий байдаг бөгөөд ургийн эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг болохыг зарим судалгаанууд харуулжээ. Мөн дутуу төрөлт, амьсгал давчдах, толгой өвдөх, ходоод өвдөх, ядрах, тоосонцортой холбоотой ураг зулбах эрсдэлд хүргэдгийг шинжлэх ухаанаар тогтоосон байна.
Шатаах үйлдвэрийн яндангаар утаа гарахгүй байлаа ч зуухны ёроолд хүнд металл агуулсан үнс үлддэг. Энэ дэгдэмхий үнс нь илүү их хортой байдаг байна.

Шатаах зуух бол эдийн засгийн “мангас”


Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна эдийн засгийн хувьд үр ашиггүй, эдийн засгийн “мангас” гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Учир нь манай улс хогоо ангилдаггүй. Иргэдийн хувьд ч тийм дадал суугаагүй, төр засгийн хувьд нэгдсэн бодлого байдаггүй. Энэ утгаараа бид ангилаагүй, бүх төрлийн хог хаягдлаа шатаана гэсэн үг. Тухайлбал, хоолны үлдэгдэл, живх зэрэг чийг ихтэй хог шатаахад гал өдөөгдөх магадлал багатай тул эрчим хүч гаргах үр ашиг нь буурдаг. Мөн батарей, хуванцар, электрон хаягдлыг хольж шатаах үед хлор болон хүнд металл агуулсан хорт нэгдлүүд их хэмжээгээр ялгарна гэсэн үг.


Хог шатааж гаргаж авсан нэг нэгж эрчим хүч нь нарны болон салхины эрчим хүчнээс дөрөв дахин, нүүрснээс 25 хувиар илүү зардалтай байдаг.

Харин хог шатаах үйлдвэр анхны хөрөнгө оруулалтаасаа эхлээд өндөр өртөгтэй тул улс орныг “өрийн түгжээ”-нд оруулах эрсдэлтэй. Түүнчлэн хор хөнөөлийг сааруулах шүүлтүүрийг байнга солих шаардлагатай бөгөөд энэ нь ашиглалтын зардлын 40 хувийг эзэлдэг тул эдийн засгийн хувьд маш өндөр өртөгтэй технологи юм.
Морингийн даваанд баригдах хог шатааж үйлдвэр жилд 1.5 сая тонн хог боловсруулах хүчин чадалтай. Харин бид ийм хэд хэдэн үйлдвэртэй болох талаар ярьж байгаа.

Тэгвэл эдгээр үйлдвэрийг зогсолтгүй ажиллуулахын тулд гаднаас хог импортлох шаардлага ч тулгарч мэднэ.

Цаашлаад бид дахин боловсруулах боломжтой хогийг хүртэл шатаах эрсдэл нүүрлэнэ. Нэг үгээр бид хаягдлаа бууруулах, ангилах гэдэг сонголтыг тэр чигт нь хаалттай хаалганы ард орхих бололтой.
Хог хаягдлыг шатааж эрчим хүч гаргах нь богино хугацаанд асуудлыг шийдэх мэт харагдавч урт хугацаандаа байгаль орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт ноцтой эрсдэл дагуулж болзошгүй шийдэл юм. Ялангуяа диоксин, хүнд металл зэрэг хорт бодисууд нь хүний биед хуримтлагдаж, ирээдүй хойч үед сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Түүнчлэн өндөр өртөгтэй энэ технологи нь тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэхгүй, дахин боловсруулах боломжтой нөөцийг устгах эрсдэлтэй.
Харин дэлхийн олон улсын туршлагаас харахад хог хаягдлыг үүсгэхгүй байхаас эхлээд эх үүсвэр дээр нь ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах бодлого нь илүү үр дүнтэй, тогтвортой шийдэл болох нь нотлогдсон.
Иймд Монгол Улс хог хаягдлын асуудлыг шийдэхдээ шатаах бус, эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах, дахин боловсруулах бодлогыг тэргүүнд тавих шаардлагатай. Үүнд иргэн бүрийн хариуцлагатай хэрэглээ, төрийн оновчтой бодлого, үйлдвэрлэгчдийн хариуцлага чухал үүрэгтэй. Бид хогоо устгах биш, хог үүсгэхгүй байх соёлыг төлөвшүүлэх нь хамгийн зөв гарц юм.

Дэлхийн олон улс орон хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилах тогтолцоог амжилттай нэвтрүүлж байна. Үүний тод жишээ бол Өмнөд Солонгос улс юм. Тус улс хог хаягдлыг ангилан ялгахыг хатуу журмаар зохицуулж, иргэдийн өдөр тутмын дадал болгож чаджээ.
Өмнөд Солонгост хогоо дур мэдэн хаях боломжгүй. Дүүрэг бүрт хог хаях цаг, байршлыг нарийвчлан тогтоосон бөгөөд хаягдлын төрөл бүрийг өөр өөр өдрүүдэд гаргах журамтай. Жишээлбэл, тодорхой өдөрт зөвхөн гялгар уут, өөр өдөрт хуванцар сав гэх мэт ангилан хаях ёстой. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд 300,000 вон хүртэл торгууль ногдуулдаг байна.
Ийм хатуу, системтэй бодлогын үр дүнд тус улс сүүлийн 30 жилийн хугацаанд хог хаягдлын хэмжээг мэдэгдэхүйц бууруулжээ. 1994 онд нэг хүнд ногдох хог 1.3 кг байсан бол 2014 онд 0.95 кг болж буурсан байна. Мөн дахин боловсруулах хаягдлын хэмжээ 15.4 хувиас 60 хувь хүртэл өсөж, дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн.
Түүнчлэн 2013 онд хүнсний хог хаягдлыг ангилан бордоо болгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр органик хаягдлыг булшлах хэмжээ 97 хувиас ердөө 2 хувь хүртэл буурсан нь онцлох үр дүн юм.
Энэхүү туршлага нь хог хаягдлыг шатаах биш, харин ангилан ялгаж, дахин боловсруулах замаар илүү үр дүнтэй шийдвэрлэх боломжтойг харуулж байна.

Дахин бодох цаг


Тэгвэл бидэнд ямар шийдэл, гарц гаргалгаа байгаа вэ. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг бүхэлд нь авч үзэн тэг хаягдал, тойрог эдийн засгийг дэмжих шаардлагатай байгааг “Эко сум” ТББ-аас зөвлөж буй. Үүнд:

-Эдэлгээ муутай болон нэг удаагийн хэрэглээний зүйлсийг халах:  
Бидний өдөр тутамд хэрэглэдэг гялгар уутыг бид ердөө 12 минут ашигладаг. Гэтэл энэ уут хөрсөнд шингэхийн тулд дор хаяж 200-1000 жил шаардлагатай байдаг гэнэ. Тиймээс хэрэглэгчид бид нэг удаагийн бүтээгдэхүүн, савлагаанаас татгалзаж, үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлэх боломжтой. Мөн савлагаагүй худалдаа, дахин дүүргэлтийг дэмжих хэрэгтэй. Тухайлбал, Францад эмэгтэйчүүдийн дахин ашигладаг ариун цэврийн бүтээгдэхүүнд хөнгөлөлт олгодог гэнэ. Мөн гутлаа дахин засуулсан мөнгийг төрөөс олгодог ажээ. Түүнээс гадна үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагыг нэвтрүүлэх, чангатгахад төрийн бодлого хамгийн чухал байна.

-Био хаягдлыг бууруулах, ангилах бордоожуулах:
Манай улсын хог хаягдлын 33 хувийг хүнсний хог хаягдал эзэлж байна. Хүнсний хог хаягдал нь бусад хаягдалтай урвалд орж химийн хортой бодис ялгаруулдаг. Тиймээс хүнсний хаягдалтай тэмцэх, түүнийг аль болох эх үүсвэр дээр нь ангилж ялгах шаардлагатай.  

-Бүтээгдэхүүний эдэлгээг сайжруулах:
Бидний аав ээж өмнө нь цахилгаан бараа гэх мэт эдлэл хэрэглэлийг үе дамжуулан хэрэглэдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд цахилгаан бараа гэх мэт зүйлс нь хэрэглээний хугацаатай болж хурдан эвдэрдэг болсон. Тиймээс бид эдгээр бүтээгдэхүүнээс татгалзаж, үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн хариуцлагыг нэхдэг байх, байгальд ээлтэй хэрэглээнд нэвтрэх шаардлагатай байна.
Жишээ нь бид дэлхий дээр одоо үйлдвэрлэгдсэн байгаа бүх хувцсыг бид 9 үеэрээ хэрэглэх боломжтой. Гэтэл бид заримдаа төсөөллийн хоцрогдлоос болж өөрт байгаа зүйлийг худалдан авч үйлдвэрлэгчдийг дэмжсээр байна. Харин бидэнд хэрэглээ, сонголтоороо үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлэх боломж нь бий.


-Бүгдийг дахин боловсруулна гэх үлгэрийн үнэнийг илчлэх:
Бүх зүйлийг дахин боловсруулах боломжгүй. Зөвхөн хуванцрын тухайд гэхэд байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө маш их. Бүх төрлийн хуванцар байгальд шингэхгүй бичил болон нано хуванцар болж задардаг. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дахинд хүний биеийн бүх эрхтэн, тэр дундаа зүрх, эхийн ихэс, хөхний сүү, цус, өтгөн, бүр тархинаас хүртэл бичил хуванцар илэрч буй нь тогтоосон. Хэдийгээр хуванцрыг дахин боловсруулж байна гэдэг боловч энэ нь шийдэл биш юм. Учир нь, хуванцрыг олон удаа дахин боловсруулах боломжгүй. Нэг ундааны савнаас дахин нэг ундааны сав ч гаргах боломжгүй. Дахин боловсруулах явцад маш их материалын алдагдалд орж, химийн хортой бодис, бохирдол ялгардаг байна.

-Бүх хэлбэрийн хог шатаах аргыг хориглох:
Улс орнууд булах, шатаах үйлдвэрээ хааж байна. Харин манай улс тэдний араас явж нийслэл төдийгүй аймаг сумдад шинээр хог хаягдал шатаах үйлдвэр байгуулж байна.