Улсын Их хуралд сонгогдсон нам, эвслийн 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтын хэрэгжилтэд залуус дүн тавьжээ. “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн “Залуус эгэх хариуцлагатай улс төрийн төлөө!” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөжээ. Уг хөтөлбөр нь залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудын хариуцлагыг бэхжүүлэх, сонгуулийн амлалтын хэрэгжилтэд иргэдийн хяналтыг төлөвшүүлэх зорилготой аж. Энэхүү хөтөлбөр нь МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төрийн тэнхимийн “Ардчиллын боловсрол” хичээлийн хүрээнд IRI in Mongolia - БНОУХ дэмжлэгтэйгээр хэрэгжсэн байна.

“Залуус эгэх хариуцлагатай улс төрийн төлөө!” хөтөлбөрт оролцсон оюутнууд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон төрийн хэрэгт оролцох эрхтэй холбоотой амлалтуудыг судалж, парламент дахь үйл ажиллагаа, хууль тогтоомжийн санаачилга, албан ёсны баримт бичиг болон намуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтад үндэслэн үнэлгээ хийжээ.

Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог бодитой тусгах шаардлага хэвээр байна

Иргэдийн эвлэлдэн нэгдэх болон төрийн хэрэгт оролцох эрхтэй холбоотой сонгуулийн амлалтууд хэрхэн хэрэгжиж байна вэ?

Хөтөлбөрт хамрагдсан залуус нэн тэргүүнд иргэдийн эвлэлдэн нэгдэх болон төрийн хэрэгт оролцох эрхтэй холбоотой сонгуулийн амлалтуудын дүгнэжээ. Ингэхийн тулд МАН, АН, ХҮН, ИЗНН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг сонгон авч, Парламентад хэрэгжиж байгаа эсэхийг нь нягталжээ.

Дүгнэлтээс харахад дээрх нам, эвслийн иргэдийн эвлэлдэн нэгдэх болон төрийн хэрэгт оролцох эрхтэй холбоотой сонгуулийн амлалтууд МАН-ын хувьд хэсэгчилсэн, АН, ХҮН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийнх эргэлзээтэй, ИЗНН-ынх биелээгүй гэсэн үр дүн гарчээ.

Үүнээс гадна СИВИКУС, ФОРУМ-АЗИ болон Азийн ардчиллын сүлжээ (ADN)-ийн 2025 оны хамтарсан тайланд Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагуудын ажиллах эрх зүйн орчин хумигдаж буйг (ялангуяа ТББ-уудын санхүүжилт, гадаад хамтын ажиллагааны хяналт болон жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй холбоотой зарим хуулийн төслүүдээс шалтгаалан) анхааруулсаар ирсэн. Энэхүү олон улсын зөвлөмжөөр шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог бодитой тусгах шаардлага хэвээр байгааг онцолжээ.

Мөн Нээлттэй засгийн түншлэл (OGP)-ийн Монгол Улсын 2023–2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний үнэлгээнд төр–иргэний нийгмийн хамтын ажиллагаа төлөвлөлтийн шатанд сайжирсан гэж үнэлсэн боловч оролцоотой үнэлгээ (participatory evaluation)-ний амлалтыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн хяналтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.

Хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах эрх зүйн баталгааг бэхжүүлэх шаардлагатай

Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой сонгуулийн амлалтууд хэрхэн хэрэгжиж байна вэ?

Хөтөлбөрт хамрагдсан залуус хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой сонгуулийн амлалтуудын хэрэгжилтийг дүгнэжээ. Дүгнэлтээр МАН, ИЗНН эргэлзээтэй, АН хэсэгчлэн, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ Шууд холбогдох амлалт тусгагдаагүй гэж гарчээ.

Түүнчлэн Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF)-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс тасралтгүй буурч 2024 онд 109 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Энэ нь улс төрчид, төрийн байгууллага, албан тушаалтнуудаас сэтгүүлчдийн эсрэг гаргасан гүтгэлэг, нэр төртэй холбоотой нэхэмжлэл, санхүүгийн дарамт нэмэгдсэнтэй холбон тайлбарласан. Харин 2025 онд үзүүлэлт бага зэрэг сайжирч, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн шинэчлэлийн хэлэлцүүлэг эрчимжсэн холбон үнэлсэн боловч хэвлэл мэдээллийн өмчлөлийн төвлөрөл, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүгийн тогтвортой байдал сул хэвээр байгааг тэмдэглэжээ. “Freedom House” мөн Монгол Улсыг “Чөлөөт” улс хэвээр гэж үнэлсэн ч үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах эрх зүйн баталгааг бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Мөн ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Хууль ба Ардчилал төв”-ийн шинжилгээгээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд сайжруулах болон нэмж тусгах шаардлагатай 46 санал хүргүүлсэн байна.

Мөн иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан дүгнэлтээр уг төсөл нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг бүрэн баталгаажуулж чадаагүй, төрийн оролцоог хангалттай хязгаарлаагүй, эх сурвалжаа хамгаалах эрхийн баталгааг бүрэн хангаагүй, зарим нэр томьёо болон зохицуулалт нь хожим хяналт, цензур тогтооход ашиглагдах эрсдэлтэй гэж үзжээ. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсээс төслийн зарим зохицуулалтыг Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тайван жагсаал, цуглаантай холбоотой зарим хязгаарлалт, зөрчил бүрэн арилаагүй хэвээр байна

“Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой амлалтууд хэрхэн хэрэгжиж байна вэ?

Залуусын дүгнэснээр улс төрд суудалтай намуудын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой амлалтууд хангалттай хэрэгжээгүй гэж үзжээ. Тодруулбал, МАН, ХҮН хэсэгчилсэн, АН, ИЗНН хэсэгчилсэн, эргэлзээтэй, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ Шууд холбогдох амлалт тусгагдаагүй гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн СИВИКУС Мониторын үнэлгээгээр Монгол Улсын иргэний орон зай 2024 онд “Хязгаарлагдсан” (Narrowed) ангиллаас “Боогдмол” (Obstructed) ангилалд буурч, 2025 онд мөн энэ үнэлгээг хадгалсан байна.

Дээрх тайланд Засгийн газраас “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, мөн Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл (гүтгэх, худал мэдээлэл тараах)-ийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон зэрэг эерэг алхмуудыг тэмдэглэсэн. Гэсэн хэдий ч иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хууль тогтоомжийн санаачилгууд, түүнчлэн тайван жагсаал, цуглаантай холбоотой зарим хязгаарлалт, зөрчил бүрэн арилгагдаагүй хэвээр байгааг онцолжээ.

“Freedom House-ийн “Дэлхийн эрх чөлөөний 2025 тайлан”- д Монгол Улсыг 84/100 оноотойгоор “Чөлөөт” (Free) улс гэж үнэлсэн боловч иргэний болон улс төрийн эрхийн хамгаалалтыг цаашид бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн.

Харин V-Dem Institute-ийн “Democracy Report 2025” тайланд дэлхий даяар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө доройтож буйг онцолж, Монгол Улсыг ардчиллын чанарын хувьд эрсдэлтэй, "grey zone" буюу ангиллын зааг дээр байгаа улс орнуудын нэг гэсэн.

Мөн хуулийн төсөлд Эмнести Интернэшнлийн зүгээс “… цагдаагийн байгууллага мэдэгдлийг бүртгэхээс татгалзаж болохоор заасан боловч бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхой хуульчлаагүй нь мэдэгдлийг дур зоргоор бүртгэхээс татгалздаг өнөөгийн практикийг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй” гэсэн зөвлөмж хүргүүлжээ.