УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой ярилцлаа.
–Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна. Жендерийн тэгш байдлын талаар дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг хүний хувьд чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
–Эрэгтэй, эмэгтэй гэдгээс үл хамааран чадал чансаа, мэдлэг, туршлагатай, бусдын төлөө гэсэн хүсэл зоригтой хүмүүс л улс төрд орох нь асар чухал. Чадваргүй эрэгтэй юм уу, эмэгтэй хүн хүйсээрээ давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс дэлхийн эмэгтэй парламентчид Монголд цуглаж байгаа нь энэ асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэдгээс илүүтэй парламентын чанар, төлөөллийн түвшинд ярилцах боломж бүрдэж буйгаараа чуулга уулзалт өндөр ач холбогдолтой.
Тус чуулганы эхний салбар хуралдаан болох Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог сайжруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хуралдааны модератор хийх урилгыг хүлээж авсан. Гэвч яг энэ өдрүүдэд Бангкок хотноо ОУВС, Дэлхийн Банкны группын жил бүр зохион байгуулдаг уулзалт болж байна. Энэ үеэр буюу аравдугаар сарын 12, 13-нд дэлхийн 150 орчим орны парламентын гишүүд цуглах Дэлхийн Парламентчдын форум зохион байгуулагдаж байна. Форумаар санхүүгийн зах зээлд учирч буй эрсдэлүүдийг тодорхойлдог “Global Risk” тайлангийн талаар хэлэлцэнэ. Намайг энэ чуулганд бас илтгэгч панелист хийхийг урьсан байгаа. Энэхүү урилгыг өмнө нь хариуцлагатайгаар хүлээн авчихсан тул Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож чадахааргүй болсон. Хэдий тийм боловч олон жил шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад идэвхтэй ажиллаж, намынхаа эмэгтэйчүүдийг манлайлж мөс хагалсан хүний хувьд дуу хоолойгоо хүргэхэд үргэлж таатай байдаг.
–Энэ хурлаар ямар асуудлууд хөндөгдөх вэ?
–Зөвхөн Монгол Улс гэхгүйгээр дэлхий нийтийн парламентын эмэгтэй гишүүд сүлжээ үүсгэх, харилцан мэдлэг мэдээлэл, туршлага, санаа оноогоо хуваалцах юм. Мөн шийдвэр гаргахад бодит нөлөөллөө бий болгох, хууль санаачлах ажлын бүтээмж, цаашид сайжруулахад анхаарах шаардлагатай зүйлийн талаар ярилцана. Мөн эмэгтэй болон залуу гишүүд шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэхэд иргэний нийгмийн болон бизнесийн байгууллага тухайн улс орны салбар бүрийн дэмжлэг, хамтын ажиллагааны талаар хөндөгдөх юм билээ.
-СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН КВОТЫН АСУУДАЛ ИРЭЭДҮЙД ЭРЧҮҮДЭД Ч ҮЙЛЧИЛЖ МЭДЭХ ЗААЛТ-
–Парламент анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Эдгээр гишүүний нэг нь болж ажиллаж байгаа хүний хувьд жендерийн хэвшмэл ойлголтуудын талаар та ямар бодолтой байдаг вэ?
–Жендерийн хэвшмэл ойлголтыг бид өмнөх онуудад нэлээн ярьсан л даа. 2024 оны сонгуулийн тогтолцоог холимог болгох үйл явц орон даяар өрнөж, залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх асуудал хөндөгдөхөд квотын асуудал яригдсан.
Жендерийн хувьд нэр дэвшигчдийн квот 30 хувиас доошгүй байх заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан нь дэвшилтэт өөрчлөлт болсон. Ирээдүйд олон жилийн дараа хэт олон эмэгтэй парламентад зонхилоод ирвэл, эрчүүдэд ч үйлчлэх заалт шүү дээ.
Эмэгтэй хүн гэртээ сайн эзэгтэй, сайн ээж л байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Эсвэл эмэгтэйчүүд улс төрийн нарийн зүйлүүдийг мэдэхгүй гэх зэргээр яригддаг. Мөн санхүү мөнгөний бэрхшээлүүд байна. Сонгууль гэдэг чинь өөрөө өндөр зардалтай. Үүнийг шүүмжлээд, хууль эрх зүйн орчинд сонгуулийн зардлыг бууруулах санаачилгууд гарсан хэдий ч зардал буурах нь бүү хэл харин ч өссөөр байнэ. Энэ мэт асуудлууд, олон саад бэрхшээл, хэвшмэл ойлголт бий.
Эдгээрээс гадна чанарт анхаарах цаг болсон гэж боддог. Угтаа бол эмэгтэй, эрэгтэй аль нь байх чухал биш. Тэгш боломж алдагдсан учраас хүйсийн асуудал хөндөгдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгө, хуйвалдаанаас болж улс төрд орж чадахгүй байгаа чадвартай эмэгтэйчүүдэд квот боломж олгож байгаа хэрэг шүү дээ.
Уг нь хүн бүр чадлаараа өрсөлдөх орчин байх ёстой. Гэтэл бодит байдал дээр яг чадалтай эмэгтэй санхүү мөнгөний саад бэрхшээлээс, эсвэл хуйвалдаанд хутгалддаггүй учраас улс төрд орж чадахгүй байна гэдэг харамсалтай. Эсрэгээрээ, адилхан чадалтай эмэгтэйчүүдийн нэг хэсэг нь хуйвалдаан, шударга бус хийгээд, нөгөө хэсэг эмэгтэйчүүдээсээ илүү боломж эдлээд байвал энд хүйс байтугай хүний чанарын асуудал яригдаж байгаа биз. Тэгэхээр квотын чанар бол маш чухал юм.
Тэгэхээр тухайн хүний ёс суртахуун, ёс зүйгээс гадна улс төрд ямар зам туулж, хэрхэн УИХ-ын гишүүн болсон нь хүртэл чухал. Энэ асуудал дээр иргэд, сонгогчид маань цаг хугацаа өнгөрөх тусам гярхай, хурц хараатай болж, хэрсүү болох болов уу гэж найдаж байна.
-Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд гаргах үндэслэлийг хэрхэн тодорхойлох вэ?
–Ер нь зөвхөн улс төрд эмэгтэй хүмүүсийг хүсээд байгаа юм биш. Зөвхөн энэ өнцгөөр харвал өрөөсгөл болно. Салбар бүрд эмэгтэй сайн лидерүүд ажиллаж байна. Эмэгтэй хүмүүс олноороо оролцохоор асуудалд илүү мэдрэмжтэй хандаж, ойлгож, санал дэвшүүлнэ.
Эмэгтэйчүүд нийт хүн амын 51 хувийг эзэлдэг. Нөлөөлөл нь их байгаа учир эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байгаа. Энэ бүгд зөвхөн Монголд яригддаг асуудал биш. Тэр ч утгаараа Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулж, жаргал зовлонгоо хуваалцаж, дуу хоолойгоо хүргэх гэж байгаа нь их чухал. ОУВС-гийн захирал асан, одоо Европын холбооны Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард бол хүйс биш чадвар мэдлэгээрээ гарч ирсэн хүний тод жишээ. Дэлхий дахинд эрэгтэй хүйс хэт давамгайлаад байгаа учир эмэгтэйчүүд орхигдлоо гэж хэлээд байгаа юм. Үнэхээр тэнцвэртэй болчихвол хүйс ярих шаардлага байхгүй. Тэгш боломж гэж ойлгох хэрэгтэй. Ковидын үеэр эмэгтэй Ерөнхий сайдтай байсан улсууд яаж зөв, оновчтой шийдвэр гаргалаа гээд сайн жишээ олон байгаа. Корпорацын түвшинд ч гэсэн эмэгтэй захиралтай байгууллагууд авлигаас хол, бизнесийнхээ төлөө, ажилчдынхаа талд шийдвэр гаргадаг гэх мэт олон жишээ байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
-ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ХЯЗГААРТАЙ, ХЭРЭГЦЭЭ ХЯЗГААРГҮЙ-
–Гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй манай эдийн засаг хүндэрч байна. Үүнтэй холбоотойгоор бид эдийн засгийн бодлогоо хэрхэн харах ёстой юм бол?
–Төсөв гэдэг бол ард түмний мөнгө. Таны, миний, хувь хүний орлогын албан татвар зэрэг олон төрлийн татвараас бүрддэг. Мөн бизнес хийж байгаа бол Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, уул уурхайн салбарт байгалийн баялаг олборлож байгаа компаниуд бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), эцсийн хэрэглэгчид бүгд НӨАТ, онцгой албан татвар гээд олон төрлийн татвараар төсвийн орлого бүрддэг.
Иргэдийн хувьд төрөөс татварын ачааллыг бууруулчихвал бизнесээ өндийлгөж, илүү олон хүнийг ажлын байраар хангаж, эдийн засаг, нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломж олгохыг шаарддаг.
Гэтэл нөгөө талд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж, төсвөөс санхүүждэг олон байгууллагын зардал бий. Энэ зардал өсөхөөр татвар төлөгчдийн зардлыг өсгөх эсвэл татварын төрөл зүйлийг нэмдэг.
Энэ хоёр хоёулаа чухал. Төсвийн орлого, зарлагын тэнцвэрийг олохын тулд шийдвэр гаргагч бидний тархи, ухаан ажиллаж байх ёстой.
Гэтэл энэ олон хүчин зүйл, хувьсагчтай асуудал дээр ахмадаа төлөөлж гарч ирсэн гишүүн “тэтгэвэр л нэм” гэдэг. Эсвэл сонгогчдын олонх нь төрийн албан хаагч учир тэдэнд таалагдах гэж “төрийн албан хаагч нарын цалинг нэм” гэж ярьдаг. Нөгөө талд таны миний ах дүү, садан төрөл, найз нөхөд, ард түмэн бизнес хийх гээд “чардайгаад” байна шүү дээ. Миний хувьд эдийн засагч, төсвийн шинжээч хүний хувьд бүгдийг нь бодож зөв, оновчтой шийдвэр гаргахын төлөө ажиллаж байна.
Бусдын төлөө ажиллана гээд шийдвэр гаргах түвшинд гарсан юм бол хэсэг бүлэг хүнд таалагдахын төлөө эсвэл зөвхөн өөрөө дахин сонгогдохын төлөө шийдвэр гаргамааргүй байна. Энэ улс орны хувь заяа хаашаа явж байна вэ. Эдийн засаг гэдэг яагаад чухал юм бэ гэдгийг хармаар байна. Эдийн засгийн гол тоглогчид бизнесийнхэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийнхэн гээд бүгд орно. Энэ дээр асар их ухаан зарж, шинжилгээ тооцоо хийж, аль аль талдаа хохиролгүй, хожоотой шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр тооцоо судалгаа чухал. Тиймээс дуу хоолойгоо маш их хүргэдэг. Ийм ч учраас төсвийн сахилга бат чухал гэж ярьдаг. Бидэнд байгаа нөөц буюу татвар төлөгчдийн мөнгө хязгаартай. Нөгөө талдаа хэрэгцээ хязгааргүй.
-МОНГОЛ УЛС ПОПУЛИСТ БОДЛОГЫГ ДААХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН-
–Та Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон судалгааны ажлын талаар ярьдаг шүү дээ. Өнөөдөр УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
–Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн захиалгаар 2019–2020 онд төсвийн сахилга батыг бий болгохын тулд төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах судалгааг англи хэл дээр хийж байсан. Улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн таван дүрмийг сахиулахад тогтвортой байдлын зөвлөл чухал гэдэг судалгааг гаргаж байв. Гэтэл бодит байдал дээр хуулиа мөрдөхгүйгээр төсвийнхөө сахилга батыг алдаж байгаа нь харамсалтай. Тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, тогтвортой байдлын хуулийн дүрмүүдээ зөрчиж байна. Дүрмээ зөрччихсөн учир 22 удаа өөрчилчихсөн байна. Бүр цаашлаад хууль мөрдөхгүй бол хууль байх хэрэг байна уу гэдэг асуулт руу орж байгаа нь буруу. Тэгэхээр бид аливаа хууль эрх зүйн орчноо мөрдөж, дагаж сурах хэрэгтэй. Хууль тогтоогчид сахилга баттай, өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Маш өндөр хариуцлагатай байж сурах ёстой. Үүнээс бүх юм эхэлнэ шүү дээ.
Тийм учраас би макро эдийн засгийн асуудлаа бүхлээр нь цогцоор нь ярья гэдгийг байнгын хороо, чуулганы хуралдаанд байнга хэлдэг.
Жишээ нь, УИХ-д НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгохоор шийдсэн боловч төсвийн орлого дутах нь, цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрлээ гээд цуцалчихсан.
Монгол Улс популист бодлогыг даах чадваргүй болсон. Тиймээс энэ НӨАТ-ыг цуцалсан шийдвэрээ эргэж харж, засах ёстой. Макро эдийн засгаа цогцоор харах буюу өөрөөр хэлбэл, НӨАТ-аа ч цалин тэтгэврээ ч шийдье гэсэн үг.
–Макро эдийн засгийн үзүүлэлтээс иргэд юуг голлон анхаарч харах шаардлагатай вэ?
–Макро эдийн засаг дотроо бодит худалдан авах чадварыг би байнга ярьж байгаа. Тэр дундаа бодит цалингийн өсөлт маш чухал. Нэрлэсэн цалин өндөр байж болно. Магадгүй өчигдөр нэг сая төгрөгийн орлоготой байсан бол өсөөд 1.5 сая төгрөг боллоо гэж бодъё. Гэтэл инфляци, ханшийн өсөлтөд уягдаад өссөн дүнгээр яг тэр бараа бүтээгдэхүүнээ аваад, өөр бараа таваар авч чадаж байна уу үгүй юу гэдэг харьцааг хар гэж иргэддээ хэлдэг. Орлого зарлагын харьцаа өссөн үү, бодит худалдан авах чадвар өссөн үү гэдэг маш чухал. Мөн инфляци, худалдан авах чадвар, Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү, эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн, түүнтэй харьцуулсан төсвийн орлого, зарлага нь хэд вэ гэдгийг харах хэрэгтэй байдаг шүү. Мэдээж татварын хувь хэмжээнүүдийг харах хэрэгтэй.
Зах зээл дээр шударга бус өрсөлдөөн үүсгэж байгаа бол халах хэрэгтэй Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа төсвийн шинжтэй бодлогуудад анхааралтай хандах ёстой. Зах зээл дээр шударга бус өрсөлдөөн үүсгэж байгаа бол халах хэрэгтэй. Мөн Засгийн газар бодлогын хэрэгжилтийнхээ үр дүнг тооцдог байх ёстой. Шинэ нэр өгөөд төсвөөс гадуур, зах зээлийг сарниулж, бусниулсан хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх шаардлагатай юу гэдгийг тооцох ёстой юм.
–УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааныхаа талаас илүүг нь өнгөрүүлээд байна. Энэ хугацаанд чамгүй олон ажил амжуулсан байх. Тэдгээр ажлаасаа онцлохгүй юү?
–Сангийн яамнаас Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл анх санаачилахад хөрөнгө оруулалтыг тусдаа хуулиар зохицуулдаг байя гэдэг саналыг хэлж байсан. Хэдийгээр 16 шалгуур үзүүлэлт гаргаад, хөрөнгө оруулалтыг эрэмбэлдэг болсон ч гишүүд Төсвийн хууль, тодотголтой богино хугацаанд танилцаж, мэдээлэл авч чадахгүй байна.
Тиймээс хөрөнгө оруулалтын төслүүдийг хөрөнгө оруулалтын хэмжээгээр, цар хүрээгээр нь ангилдаг болъё, хэмжээнээс шалтгаалж, өөр өөр бодит шаардлагууд тавьдаг байя, үүнтэй холбогдуулаад тендер, ил тод нээлттэй байдлыг хангая гэдэг санаачилга гаргаж байсан.
Засгийн газраас өргөн барина гэсэн учир хууль санаачлах эрхийн хүрээнд хуулийн төсөл өргөн бариагүй. Өөрийнхөө санал бодлыг хэлэлцүүлгийн явцад оруулаад явсан. Ажлын хэсгийг ахлах санал гаргасан боловч МАН ажлын хэсгийн ахлагчаа сонгох бололтой. Тиймээс ажлын хэсэгт орж ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд дуусаагүй олон барилгын асуудлыг шийдэх цаг нь болсон. 2010 онд ажил нь эхэлсэн боловч дуусаагүй барилгын асуудал хүртэл байна. Он дараалан төсвөө нэмээд орж ирдэг, цаг үрдэг, өртөг нэмдэг асуудлууд бий. Тиймээс ч Б.Пунсалмаа гишүүнтэй хамтраад тогтоолын төсөл батлуулсан.
Мөн Төсөвтэй холбоотой хамтарсан хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Саяхан С.Цэнгүүн гишүүнтэй хамтраад төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах, гишүүдэд мэдээллийг “excel” файлаар өгдөг асуудлыг санаачилж оруулсан. Мөн Г.Тэмүүлэн тэргүүтэй бидний 13 гишүүн хамтраад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уул уурхайн бус салбарын өсөлтийг тооцох нэмэлт өөрчлөлтийг санаачилсан. Энэ бол уул уурхайн салбараас өндөр хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд төсвийн чухал дүрэм юм. Ингэснээр зардлын өсөлтийг хазаарлана.
Мөн Хог хаягдлын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаад, тогтоолын төслийг 13 чиглэлд батлуулсан. Мөн Усны тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачлаад байна. Монголчууд маань усанд маш их анхаардаг, ус чандмань эрдэнэ гэж ярьдаг, усгүй бол ер нь амьдрал байхгүй шүү дээ. Тэр утгаараа энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьчихлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэх мэтээр хоёр жил гаруйн хугацаанд 40 шахам хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан байна
–Нийгэм рүү чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?
–Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооноос гадна залуучуудын оролцоог хангах зорилгын үүднээс KOICA (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага)-тай хамтран ажилласан. 2021-2024 онд Монголд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх маш том төсөл хэрэгжүүлээд үүний үр дүнд олон дэвшилтэт өөрчлөлтүүд бий болсон. Түүнээс гадна тухайн улс төрийн намуудад эмэгтэй болон залуу гишүүдийг чадавхжуулах олон ажлуудыг ХҮН намынхаа хуучин генсектэй хамтраад манлайлж ажилласан. Хоёрдугаар үе шатыг үргэлжлүүлээсэй гэж бодсон учир БНСУ-ын парламентын гишүүдтэй нь уулзаж, талархлаа илэрхийлж, энэ санаагаа хэлсэн байгаа. Мэдээж олон хүний оролцоо, KOICA-ын өөрийнх нь санаачилга байгаа. Гэхдээ миний хувь нэмэр ч бас байгаа гэж ойлгож байна. Хоёр дахь үе шат батлагдчихсан, УИХ-ын Тамгын газар гэрээгээ байгуулсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх үе шат руугаа орсон байгаа. Тэгэхээр улс төрийн намуудын залуучууд, эмэгтэйчүүд ялангуяа орон нутгийн түвшинд дэмжлэг авах том төсөл хэрэгжих нь ээ. "Open Parliament" (Нээлттэй парламент) санаачилгаар дамжуулан оюутнуудад хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцах гэх мэтээр урдах ажлаасаа цаг гаргаж байгаа. Ер нь бидний үр хүүхдүүд залуус, охид бүсгүйчүүд бид нарын залгамж халааг аваасай, ёс зүйтэй, мэдлэгтэй, туршлагатай, фракцын эрх ашгаас илүү улс эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байгаасай гэж хүсэх юм.
-АЗ ХҮЛЭЭХЭЭС ИЛҮҮ ӨӨРӨӨ, БЭЛТГЭЛТЭЙ, ЗҮТГЭЛТЭЙ БАЙХ НЬ ЧУХАЛ -
–Та залуучуудад ганын их дээд сургуулиудад суралцах талаар маш их зөвлөгөө өгдөг. Боловсрол, гадаадад суралцсан туршлагаасаа хуваалцахгүй юү?
-–Залуучууддаа аливаа боломж гарахад бэлэн байгаарай гэж захих дуртай. Би Америк, Франц, Тайландад суралцаж, Канадад докторын зэрэг хамгаалж байгаад улс төр рүү орсон. АНУ-д суралцахдаа Засгийн газрынх нь тэтгэлгийн тухай сонин дээрх зараас харсан. Мэдээж тоймгүй олон шалгалт өгч, Ази тивийн хэмжээнд өрсөлддөг. Эдгээрийг давахын тулд би Англи хэлээ хичээж сурсан, өөрийнхөө юу хүсдэгийг сурах замдаа мэдсэн, карьераа эхлүүлсэн. Тэгээд боломж гарч ирэхэд бэлэн байв. Энэ боломжоо ашиглах нь заримдаа аз юм шиг харагддаг. Гэвч аз гэж байдаггүй.
Аз хүлээхээс илүүтэй өөрөө зөв, үнэн, бэлтгэлтэй, зүтгэлтэй байх нь чухал гэдгийг хэлмээр байдаг.
Мэдээж залуу хүн юм чинь найз нөхөдтэйгээ цагаа зөв боловсон өнгөрүүлнэ. Харин боловсролыг нэн түрүүнд тавихаа битгий мартаарай гэж захих дуртай.
Мөн санхүү мөнгө, хуримтлалын талаар мэдлэг, зөвлөгөөг залуустаа өгдөг. “Мөнгө хар”, “халтар мөнгө”, “үхэхийн хооронд мөнгө хэрэггүй, булшиндаа мөнгө авч орохгүй” гэх мэт үгсийн шууд дэмжигч биш. Хүний хэрэглээг хангадаг зүйл бол санхүү мөнгө нь үнэн. Тэгэхээр мөнгийг хүн зөвөөр, хөдөлмөрөөрөө олж авах ёстой гэж боддог. Харин тэр хөдөлмөрөөрөө олж авсан мөнгөө зөв хэрэглэ хэрэглэхдээ цааш нь 10 хувийг ч болов хуримтлуулаарай. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Мөнгөний нийгэм, капиталист нийгэм шүү дээ. Харин хөдөлмөрөөрөө шударгаар мөнгийг ол, олсон мөнгөө зөв хадгал, хуримтлуул, үржүүл. Үүний тулд санхүүгийн мэдлэгтэй бай гэж залуустаа захьдаг.
-Таны өмнөх карьер болон ажлын туршлага улс төрд ороход хэр зэрэг түлхэц болсон бэ?
–Би Нээлттэй нийгэм форумд 11 жил ажилласан. Нээлттэй нийгэм форум өөрөө бодлогын түвшинд иргэдийн оролцоог хангах олон салбарт ажилладаг байгууллага юм. Би тухайн үедээ эдийн засаг, төсвийн чиглэлээр бусад их дээд сургуулийн профессоруудтай хамтарч судалгаа хийж, үр дүнг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ, Засгийн газарт танилцуулдаг, зөвлөмж хуваалцаж, бодлогын түвшинд нөлөөллийн ажил хийдэг байлаа. Эрх мэдэл багатай ч, төстэй ажил хийж байв. Харин улс төрд ороод 10 гаруй жил болсон байна. 2024 онд хурц өрсөлдөөн дундаас сайн, муу, хэцүүг даваг давж гарч ирлээ.
Тиймээс зорьсон, бодсоноо тууштай хийж, залгамжлах залуусынхаа төлөө эх орноо илүү дээр болгож, хүлээлгэж өгөх үйлсийн төлөө явж байна.
Хууль тогтоогч гэдэг болсон болоогүй, хэрэгждэг, хэрэгждэггүй олон хууль санаачлах гэхээсээ илүү одоо байгаа хуулийг хэрэгжүүлж, мөрдөхөд анхаарах ёстой. Илүүц, хэрэгждэггүй, дарамт шахалт авчирч байгаа хуулиудад хяналт тавих, сүүлийн үед явж байгаа сонсголууд буюу хянан шалгах асуудал дээр соргог байж, нүдээ нээх ёстой.
–Ярилцлагынхаа төгсгөлд асуухад Б.Мөнхсоёл гэж хувь хүнийхээ хувьд ямар төлөвшилтэй хүн юм бэ?
–Миний ээж ганцаараа гурван хүүхэд өсгөж, бүгдэд нь дээд боловсрол олгосон дайчин, тэвчээртэй хүн байсан юм. Өнгөрсөн жил сайхан ижийгээ алдсандаа. 10 жилийн сурагч байхаас л ээж маань "Бусдад дараа бололгүй, өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө хичээж босго" гэдэг хатуу зарчим бидэнд суулгасан. Бид хар багаасаа л амьдрал зөвхөн өөрсдөөс маань шалтгаална гэдгийг ойлгосон. Өөрөө нөхөрт гарч, хоёр охинтой болсон хойноо ээжийнхээ ямар их зориг, чадвар гаргасныг бүр илүү бахархан ойлгодог
Мөн хүний амьдралд сонголт маш чухал. Тэр дундаа ханиа, ажил мэргэжлээ, найз нөхдөө сонгох гэсэн гурван чухал сонголт байдаг.
Хүн хичээх ёстой, маш сайн боловсрол эзэмших ёстой. Хойрго, залхуу байж, аливааг хойш тавьж болохгүй. Маш сайн боловсрол эзэмших нь өөрийн гэсэн бодолтой, сонголттой амьдралынхаа шийдвэрийг өөртөө итгэлтэй гаргах суурь болдог.
-Баярлалаа.






.jpg)








