Засгийн газрын тэргүүн Н.Учрал энэ жилийн төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ есөн зүйлийг онцлохдоо “Ерөнхий сайдын есөн шийдвэр” хэмээн тодотгосон. Айсуй өдрүүдийн айдас болсон өндөр ачаалал, тэг зогсолт, цахилгааны хязгаарлалтаас үүдэж эрчим хүчтэй холбоотой шийдвэрийг нь сонжлоо.

Тэгвэл Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг дагалдуулан Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай цоо шинэ хуулийн төслийг өргөн барьж, үүгээр “Оюутолгой”-н ногдол ашгаас эрчим хүчний хэд хэдэн төслийг санхүүжүүлэхээр тусгажээ.

“Оюутолгой” төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр тэд тооцож.

Үүнээс хоёр их наядыг нь нийгмийн хэрэгцээ шаардлага болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд зориулж гаргана гэж тооцсон учраас дээр дурдсан цоо шинэ хуулийг боловсруулсан нь энэ.

Тэгвэл энэ нь хэр их мөнгө вэ. Өдгөө энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр хэдийн 2.1 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд буй тул хэмнэлтийн бодлого бүхий төсвийн тодотголыг эрх баригчид өргөн барьж буйг ташрамд сануулъя.

Ямартай ч эрчим хүчний салбарт дээрх ногдол ашгийн 40 орчим хувиар хөрөнгө оруулалт хийж, "ДЦС-3" ТӨХК-ийн 25 МВт хүчин чадалтай турбогенератор №5-ыг шинэчлэх, "ДЦС-3"-ын дэргэд 300 МВт-ын “ДЦС-6” барих, гацаад байгаа “10 аймаг дулааны станц төсөл”-ийн 29 МВт, 1-р хэлхээ зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зориулж санхүүжүүлэх гэнэ. Энэ бол

Ерөнхий сайд Н.Учралын танилцуулснаар түүний зургаа дахь цогц шийдвэр юм.
Мөн боловсролын салбарт ногдол ашгийн орлогын 29 орчим хувиар хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ.

Тухайлбал, “Ногоон, ухаалаг сургууль” төслийн хүрээнд 100 сургууль барих, олон улсын хөтөлбөртэй болон бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн 15 дотуур байр шинээр барих аж. Энэ бол Ерөнхий сайдын есөн шийдвэрийн долоо дахь нь.

Цаашлаад биокомбинатын малын вакцины үйлдвэрийн шинэчлэлийн төсөл, боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хилийн боомтуудын цахилгаан хангамж, дэд станцын өргөтгөл /Хавирга, Бургастай, Чойбалсан станц, Тамсаг станц, Эмээлт станцын өргөтгөл/, Хавирга, Бургастай боомтод 35 кВ-ын нэг хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг тус тус санхүүжүүлэхээр ногдол ашгаа нэг бүрчлэн хуваачихаж.

Ингээд үлдсэнийг нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн нэг болох Хуримтлалын санд хуваарилах аж.

Уг нь Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулахдаа “Оюутолгой”-н ногдол ашгийг юунд зарцуулахыг “И-Монголиа”-гаар дамжуулан иргэдийн саналаар шийдвэрлэнэ гэж мэдэгдэж, “Таны мөнгө. Та бүхэн шийднэ” хэмээн хэдэнтээ тодотгосон. Ингэхдээ “Оюутолгой”-н ногдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэгэн албан тушаалтны гарын үсэгний цаана алга болохгүй. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд, дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэрт, хоёр боомтыг бүрэн шинэчлэхэд шийдвэрлэхээр төлөвлөлөө. “Оюутолгой”-н ногдол ашгаар хаана юу хийхийг “И-Монголиа”-гаар явуулах нээлттэй санал асуулгаар иргэн та бүхэн эцэслэн шийднэ. Энэ бол таны мөнгө. Таны мөнгө учраас та сонгох болно” гэснийг энд зориуд эшлэе.

“Монголын баялаг-монголчууддаа” хэмээх нэг зорилготой есөн шийдвэрийн хамгийн нэгдүгээрт бичигдэж буй эхний эл шийдвэрийг үнэндээ та бид гаргахгүй нь.

Ерөнхий сайдын есөн шийдвэрийн гуравтай нь шууд хамааралтай, бүрэн санхүүжүүлэх ногдол ашгийг ноортол нь хуваарилсныг дээр дурдсанаас харж болно. Иймд Ерөнхий сайдын шийдвэрийг, ерөөсөө юу юунд хуваарилсныг дэмжих, эсэхээ л “И-Монголиа”-гаар илэрхийлэх бололтой.